Монгол Улс 40 сая гаруй малтай, гурван сая дөхөм хүнтэй. Гэтэл монгол хүн өнөөдөр нэг килограмм махыг 12 мянган төгрөгөөр худалдан авч байна. Засгийн газрын сайдууд, хууль баталдаг парламентийнхан нь мянгат малчин эсвэл махны үйлдвэрийн эзэд болохоор махны үнэ өсөхөөс яахав. Жилийн жилд хаврын хаварт Монгол Улсын Засгийн газар нөөцийн махаар иргэдээ хуурч, түүнийгээ махны үнийг тогтворжуулах томоохон бодлого хэмээн тайлбарласаар ирсэн. Харамсалтай нь махаа авч идэхийн тулд монголчуудын олонх махийдаг болоод удаж байгаа юм. Нөөцийн мах худалдаанд гарангуут махны үнэ буурах биш харин ч цөөнгүй төгрөгөөр нэмэгдчихдэг гаж үзэгдэл бараг уламжлалт шахуу болчихсон.
Монголын эрх баригчид, хууль тогтоогчид малдаа хүнээсээ илүү хайртай. Хүн нь өлсгөлөн, мал нь цатгалан байх тийм л бодлогыг Монголын төрөөс хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, мал нь төрийн хамгаалалтад байдаг бол хүндээ хүрсэн бодлого гэж алга.
Малын хөлийн татварыг тэглэж, ноос, ноолууранд урамшуулал олгох гоё хуулиуд батлагдаад л байдаг. Эцсийн эцэст энэ хуулиуд хэнд хэрэгтэй байж вэ.
Хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс харахад улстөрчид өөрсдөө л ноос, ноолуурын урамшуулалыг нь сая саяар нь хүртэж, махны үнийг өсөхөд алгаа ташаад инээж суугаа юм биш үү. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад бүгдээрээ шахуу мянга, мянгаар нь мал тоолуулжээ. Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Г.Батхүү, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Б.Наранхүү, О.Баасанхүү, Ж.Батзандан, Су.Батболд, З.Баянсэлэнгэ, Х.Болорчулуун, Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Дашдорж, Д,Лүндээжанцан, М.Сономпил, Я.Санжмятав, гээд хууль батлагдчид маань бүгд шахуу амины “хэдэн” малтай байх юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяаг гэхэд нэр дээрээ 1400 шахуу бод, бог тоолуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнэ 3000 мянган толгой хонь, 350 ямаа, 400 адуу, 20 хурдан удмын морьтой мянгат малчин юм байна. Харин адууныхаа тоогоор дэлхийд толгой цохих адуучин Монголын парламентад олон байгаагийн нэг нь Г.Батхүү. Тийм болохоор эрх баригчдад махны үнийг буулгах сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр нөөцийн махаар иргэдийн амыг таглахаас өөрөөр 40 сая гаруй малтай Монголын төр гурван сая хүрэхгүй хүнээ хямдхан махаар хангаж чадахгүй байгаа цаад шалтгааныг улстөрчидтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй.
Үнэндээ бол махны үнийг хямдруулах олон арга, чарга байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 2011 оноос эхлэн жил бүр 50 тэрбумыг ноосны урамшуулалд олгох болсон бол 2008 оноос малын хөлийн татварыг тэглэсэн билээ. Тэгвэл малчдаас малын хөлийн болоод бэлчээр ,ус ашигласны татварыг авахгүйгээр ноос, ноолууранд тэрбум, тэрбумаар нь урамшуулал олгодгоо болихгүйгээр махны үнэ хэзээ ч буурахгүй. Хичнээн зуун тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг махны үйлдвэрүүдэд өгөөд ч махны үнийг барих томоохон бодлого болж чадахгүй юм. Малчид малын хөлийн татварыг тэглээд өгөөч гэж гуйгаагүй. Ноос, ноолууранд урамшуулал өгөөч гэж нэхээгүй. Энэ бол малчдаар гул барьсан парламентийн малчдын өөрсдийнх нь хэрэгжүүлж байгаа бодлого. Хэрэвзээ Монголын төр малчдаас малын хөлийн татвараа авч, ноос ноолууранд жил болгон олгосоор ирсэн урамшуулалаа өгөхөө больчихвол махны үнэ буурна гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Гэхдээ манай хууль батлагчид үүнийг хэрэгжүүлж чадах нь юу л бол. Тэд чинь өөрсдөө “мянгат” малчид билээ..
Жич: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хичнээн толгой мал нэр дээрээ тоолуулсныг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь та харж болно.