“Оюутолгой”-г шалгах Ажлын хэсэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-г шалгах Ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэх ёстой байв. Үүний дотор  “Оюутолгой” ХХК 2012, 2013 оны нэгдүгээр улирлын байдлаар Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү ажлыг хэсгийг С.Ганбаатар гишүүн санаачилсан бөгөөд энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Оюутолгой” ХХК-д шалгалт хийх Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулах вэ?

-“Оюутолгой” ХХК-ийн гэрээнд Монголын ард түмэн итгэж найдсан хэвээрээ байгаа. Тэд мянга мянган ажлын байр бий болгоно, төсвийн 30 хувийг бүрдүүлж, хэмжээний мөнгө хуримтлуулна гэх мэт олон зүйлийг ярьж байсан. Эдгээр амлалтууд нийгэмд хүлээлт үүсгэсэн. Монголд оруулсан хөрөнгө оруулалт нь  7,5 их наяд тэрбум ам.доллар болсон.  Үүнийг шалгах ёстой. Би олон эрдэмтэн, судлаачидтай уулзаж ярьсан. “Оюутолгой” ХХК-ийн гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн асар их үнийн зөрүүтэй байдаг. Мөн гааль, татвар гээд олон зүйл байна. Нэг их наяд төгрөгийг татварт өгсөн гэдэг. Гэтэл энэ үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр  багаа бүрдүүлж, энэ бүхнийг нягтлана. Дээр нь нэмээд хэлэхэд, Монголын компаниуд худалдан авалт болоод тендерт орж чаддаггүй. Яагаад дандаа гадаадын компаниудыг тендерт  шалгаруулаад байгаа, манайхан үнэхээр чадахгүй байгаа юм уу гэдгийг тодруулна. Монголд орж ирж байгаа үр өгөөж нь ямар байна гэдгийг “Оюутолгой” ХХК-г шалгах ажлын хэсэг баримттайгаар  Төсвийн байнгын хороо болоод УИХ-д тайлагнана.

-Ажлын хэсгийн бүрэлдэхээнд ямар гишүүд орох вэ?

-3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй болох байх. Энэ бол Төсвийн байнгын хорооны даргын шийдвэрлэх асуудал.  Ажлын хэсгийг би ахална. Намын төлөөллүүдийг тэнцвэржүүлсэн байдлаар оруулах байх. Дээр нь дэд ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудаас нэлээд хэдэн хүн орох байх.

-Оюутолгойн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ талаар ямар нэг хариу өгсөн үү?

-Одоогоор хариу өгөөгүй байна. Найман заалт бүхий шаардлагыг Ерөнхий сайд болон хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож байгаа гишүүдэд хүргүүлсэн. Удахгүй хариуг бичгээр өгнө гэсэн. Гэхдээ би өгсөн шаардлагаа УИХ-ын чуулганы хуралдаанд нээлттэй сонсох хүсэлт гаргаад буй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж