Анне Франкийн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Анне Франкийн тэмдэглэл


Анне
Франкийн хоргодох байраар аялсан тэмдэглэл

Нидерланд улсад ирснийхээ дараахан
Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншаад Европ, Америк хүүхдүүдийн дунд
сургуульд байхдаа заавал уншдаг номны нэгтэй хэтэрхий хожуу танилцсандаа жаахан
харамсах сэтгэгдэл төрж билээ. Гэлээ гээд ч яах билээ дээ, хожуу ч гэсэн
уншсандаа л баярлахаас биш. Тухайн үед "сонин юм, Нидерландад ирээд энд
дайнаас хоргодож байсан охины тухай олж унших гэж" гэсэн бодол төрж байсан
ч тухайн байр нь одоо музей болчихсон байдаг гэж бодсон ч үгүй. Амралтынхаа
өдрөөр Ван Гогийн музейг үзэхээр Амстердам явахдаа далимд нь үзчихээр юу байна
гэж сонирхож байгаад музейн талаар санаандгүй олж мэдээд шууд л тийшээ
зүглэсэн. Ингээд олон Монгол найзууд маань тэр музейн талаар жаахан ч гэсэн
мэдээлэл аваасай гэсэндээ үзсэн харснаа тэмдэглэлээсээ сэргээн сууна.



Гадаа бороо шивэрсэн нилээд жихүүн өдөр байсан хэдий ч музейн гадаа 100 орчим
хүн орохоор дугаарлан зогсож байсан бөгөөд 30 минут шахуу хүлээсний эцэст
намайг ороход мөн тийм тооны хүн орохоор дарааллаа хүлээгээд үлдэж харагдсан.
Музейн хаалгаар ороход Аннегийн тэмдэглэлээс

  • One day this terrible war will be over. The time will
    come when we"ll be people again and not just Jews ! (11 Apr, 1944)
  • We have to whisper and tread lightly during the day,
    otherwise the people in the warehouse might hear us (11 Jul, 1942)
  • During the day our curtains can"t be opened, not even an
    inch (28 Nov, 1942)
  • The two of us looked out at the blue sky, the bare
    chestnut tree glistening with dew, the seagulls and other birds glistening
    with dew, the seagulls and other birds glinting with silver as they
    swooped through the air. (23 Fed, 1944)
  • The English radio says they"re been gassed. I feel
    terrible. (09 Oct, 1942)


гэх мэт үгсийг тодоор бичсэн байлаа. Музей хоргодох байр учраас нилээн давчуу,
бас хүмүүс яг автобусанд орох гэж байгаа юм шиг хойно хойноосоо дарааллан маш
удаанаар алхаж өрөөнөөс өрөө рүү, давхраас давхар луу явж байсан хэдий ч хэн нь
ч түүндээ төвөгшөөсөн байдал гаргахгүй байгаа нь тун сайхан санагдсан. Зураг
авахыг хориглосон болохоор хүний нүд хариулж хэдэн зураг дарсан нь чанарын
шаардлага хангасангүй бололтойдог оо.

Аннегийн хоргодох байрны барилга мансартны давхартайгаа нийлээд 5 давхар. 3 дах
давхарын арын хэсэгт байх номын тавиурны араар орж дээш шатаар гарснаар
хоргодох байр эхэлнэ.


Эхний давхарт Аннегийн эцэг эх ба
эгч Марготын өрөө, Угаалгын өрөө болон Аннегийн өрөө байрлана. Энд байшингийн
гаднах зураг болон Аннегийн өрөөний зургийг тавьлаа.

Хамгийн дээд талын давхарт Петер
болон түүний гэр бүлийнхний өрөө байсан.


Хоргодох байр хэдийгээр тавилгагүй хоосон хэдий ч тухайн үед тэдний ямархуу
байсан, юу мэдэрч байсанг ханан дээр тодхон зурайх Анне охины үгс илэрхийлж
байлаа. Музейг үзэж явсан хүмүүсээс охины үгс, бичлэг, амьд үлдсэн найзууд,
аавынх нь дурсамж зэргийг хараад нулимс унагаж буй хүмүүс цөөнгүй байсанг
дурдах нь зүйтэй байх.


Аннегийн аав Отто Франкийн дурсамжаас: 

Би Аннег тэмдэглэл хөтөлдөг байсныг мэддэг байсаан, охин маань жижиг цүнхэнд
тэмдэглэлээ хийж миний орны дэргэд тавьдаг байсан. Би охиндоо тэр цүнхэн
доторхыг хэзээ ч харахгүй гэж амласан, амласандаа ч хүрсэн.
Дайнаас эргэж ирснийхээ дараа эхнэрийгээ нас барсаныг дуулсан ч охидоо амьд
байгаасай гэж тун их найдаж байсан даа. Тэднийг эргэж ирэхгүйг дуулснаас
удалгүй Мип надад Аннегийн тэмдэглэлийг өгсөн, би хадгалаад л байсан. Тэр
тэмдэглэлийг нээж уншихад надаас маш их хугацаа шаардсан.
Би Аннегийн сэтгэл дэх үгсийг хараад үнэхээр гайхсан. Яг үнэндээ, ялангуяа
өөрийнхөө үзэл бодлыг бичсэн хэсгүүд дээр миний мэддэг охиноос минь шал өөр
охин тэнд оршин байсан. Тэр хэзээ ч дэвтэртээ бичсэн шиг мэдрэмжүүдээ ил гаргаж
байгаагүй, хэзээ ч. Бид маш олон зүйлийн талаар ярилцдаг, маш олон зүйлийн
талаар үзэл бодлоо солилцдог байсан хэдий ч охиныхоо юу бодож байсныг зөвхөн
тэмдэглэлээс нь л олж харсандаа маш их харамссан. Ганцхан би ч биш ихэнх эцэг
эх хүүхдийнхээ дотоод ертөнцөд нь яг юу байдгийг мэддэггүй. Би энийг охиныхоо
тэмдэглэлийг уншаад л ойлгосон юм даа. Анне Киттид бичдэг байсан шиг олон олон
хүүхдүүд Аннед хандаж захидал илгээдэг, би чадахаараа л тэднийг сонсож,
ойлгохыг хичээдэг.
/Отто Франк Аннегийн тэмдэглэлийг авснаасаа хойш 2 жилийн дараа тэмдэглэлийг
хэвлүүлэхээр шийдэж 1947.04.25-ны өдөр анх Недерланд хэл дээр Анне Франкийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдэн гаржээ. 1980 онд бурхны оронд одох хүртлээ охиных нь
өдрийн тэмдэглэлийг уншсан мянга мянган хүнд цөхрөлтгүй хариу захидал илгээсээр
байсан юм билээ./


Аннетай хамт Берхен Белсен-д
хоригдож байсан Ханнелл Госларын дурсамжаас:


Анне үргэлж л цовоо цолгиун, хөдөлгөөнтэй, хэзээ ч дуугүй байхгүй байнга
ямар нэг юм ярьж бусдыг хөгжөөдөг хүүхэд байсан, манай ээж хэлэхдээ "Бурхан
бараг л бүгдийг мэднэ, харин Анне бүгдийг мэддэг" гэдэг байж билээ. Бид
Берген Белсен-д хамт хоригдож байсан юм л даа, тэнд байсан бараг бүх хүн итгэл
найдвараа алдаж зөвхөн үхэх өдрөө хүлээж байсан ч Анне л эцсийн өдрийг хүртэл
амьд гарахдаа итгэлтэй байж дайны дараа юу хийх, хаана амьдрахаа хүртэл ярьж
суудаг. Түүнийг Аушвиц рүү авч явах өдөр би түүнийг сүүлчийн удаа харсан. Дайны
дараа Аннег амьд гарсан гэдэгт үнэхээр итгэлтэй байсан юмдаг, одоог хүртэл
Аннег дайнаас амьд гараагүйд харамсаж явдаг юм аа.


Аннегийн найз хөвгүүн Петрийн
дурсамжаас: 

Анне бид хоёр үерхдэг байсан. Анне
их сэргэлэн, авхаалжтай, юу гэх юм дээ бусдыг татах чадвартай охин байсан. Анне
надад маш их таалагддаг байсан. Тэр өдөр бид хоёр уулзахаар тохироод байсан юм.
Би ч болзсон цагтаа Аннетай уулзахаар очоод ээжтэй нь тааралдсан. Яг тэр үед би
яагаад ч юм Аннетэй ахиж хэзээ ч уулзахгүй нь гэдгээ мэдэрч билээ. Тэр мэдрэмж
минь ч үнэн байсан даа. 


Өдрийн тэмдэглэл Герман хэл дээр эх нь бичигдсэн.

Энэ бол
 Анне Франкийн бичлэгэнд үлдсэн цорын ганц дүрс… 


Зургуудаас:


Анне Франкийн хоргодох байрыг 1960 онд анх музей болгож олон нийтэд үзүүлэх
болсон ба өдгөөг хүртэл түүний тэмдэглэл 70 гаруй хэл дээр орчуулагдан гараад
байгаа юм билээ.

(Дурсамжуудын хувьд видео бичлэгнээс тухайн үед ойлгосныгоо хальт мульт
тэмдэглэн авснаа Монгол хэлнээ чадах чинээгээрээ хөрвүүлэх гэж оролдсон болно.
Дутуу дулимаг орчуулгыг минь уучлана биз ээ.)

I know what I want,
I have a goal,
I have opinions,
a religion and love… 

Anne Frank 11 Apr, 1944

http://zuvhunchamd.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж