Байнгын хорооны хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурал өндөрлөлөө

Өнөөдөр
УИХ-ын дөрвөн байнгын хорооны хурал хуралдахаар төлөслөснөөс Эдийн
засгийн байнгын хороо өглөөний 09.00 цагаас эхлэн хуралдаж, дөнгөж сая
өндөрлөлөө. Тус хурлаар “Цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн
найруулга, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн
юм. Түүнчлэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл
боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тогтоолын төслийн
талаар дэлгэрэнгүй танилцуулж, гишүүдийн санаа бодлыг сонслоо.

Эдийн
засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны 
2012 оны ажлын тайланг сонсож, асуулт асуун, санал бодлоо илэрхийлсэн.
Өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээлийн ердаа тавхан хувийг хөрөнгийн
зах зээл эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт бөгөөд үүнийг
нэмэгдүүлэх тал дээр СЗХ санаачлагатай ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж
байлаа. Хуралдааны төгсгөлд Улсын төсвийн болон Хөгжлийн банкны
санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга
хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаярын мэдээллийг сонсох байсан боловч ирэх баасан гаригийн УИХ-ын
нэгдсэн чуулганы үеэр сонсох нь зүйтэй гэсэн санал гарч, энэ удаагийн
сонсголыг хойшлуулав. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд
13 гишүүн орж гаран суусанд МАН-ын бүлгийн зарим гишүүд ихээхэн
шүүмжлэлтэй хандсан юм. Асуудалд ийм цалгар назгай байдлаар хандан, ирц
муу байгааг эргэж харах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт
хэлж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан сая өндөрлөлөө.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж