Монголд ЕАБХАБ-ын төлөөлөл нээх тухай ярилцав

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Монголд ЕАБХАБ-ын төлөөлөл нээх тухай ярилцав

Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниерийг хүлээн авч уулзав.

АОХН-ийн Сайд 7 дугаар бага хуралд ЕАБХАБ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч оролцсонд сайд Л.Болд талархав. Ноён Л. Занниер Монгол Улс ЕАБХАБ-ын албан ёсны гишүүн болж,  хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн, тус байгууллагын Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албаныхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах гэж байгааг онцлоод Украины Байнгын төлөөлөгчөөр ахлуулсан Илтгэгчдийн багийг  Монгол Улсад илгээх талаар ярилцаж буйг мэдээллээ. Түүнчлэн ЕАБХАБ-ын төлөөллийг Улаанбаатарт нээх асуудал нээлттэй байгаа бөгөөд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, хамтын ажиллагааны хамрах хүрээгээр тайлан илтгэл боловсруулдаг төлөөлөл байх боломжтой хэмээн саналаа хэллээ.

Сайд Л.Болд, Монголд төвтэй ЕАБХАБ-ын төлөөлөл байгуулагдвал бүс нутгийн яриа хэлэлцээнд гүүр болох боломжтойг онцоллоо. Манай улс өмнө нь Япон, Хойд Солонгосын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын хэлэлцээг эхлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаад байгааг ч сайд Л.Болд яриандаа тэмдэглэсэн юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж