-Монголд тавтай морил. Та Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хуралд төлөөлөгчөөр оролцсон. Энэ хурлын талаар ямар байр суурьтай байна вэ. Ямар нэгэн зүйл хүсэн хүлээж байсан уу?
-Тийм ээ. Би энэ бага хурлаас их зүйл хүлээж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан. Энэ хугацаанд ардчилсан улс орнуудыг нэгтгэдэг энэ байгууллагын үйл ажиллагаа дэлхийн түвшинд гарч чадлаа. Байгууллагыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Тунис, Молдав зэрэг тодорхой улс оронд ардчиллыг бэхжүүлэх, боловсролын салбарын тусламжтайгаар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, ардчилсан засаглалыг хүчирхэгжүүлэх, ардчиллын ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг олон санаачилга бодит ажил болсон. Энэ бага хурал нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх зорилгыг шинэ шатанд гаргах, Ардчилсан улс орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой.
-Та өмнө нь профессор Фукуяматай хамт Монголд ирсэн. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн талаар гурван профессор лекц уншсан. Зургаан сарын өмнө ирсэн үү?
-Тийм ээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард.
-Найман сарын өмнө юм байна. Монгол Улс хурдацтай урагшилж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх байдлаар Монгол Улсад ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Зарим тохиолдолд хараат бус мэдээллийг эх сурвалж болгох нь үр ашигтай байдаг. Хараат бус мэдээллийн нэг эх үүсвэр бол Транспаренси Интернэйшнэл (Transparency International) байгууллагын зэрэглэл. Транспаренси Интернэйшнэл байгууллагын өнгөрсөн жилийн тайланд дурдсанаар Монгол Улс засаглалын ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг тэмцэх чиглэлээр онцгой амжилт гаргасан. Одоо ч гэсэн Засгийн газрын ажлыг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, авлигын эсрэг тэмцэх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй бол ардчиллын оршин тогтнол, чанарт сөргөөр нөлөөлөх болно. Монголын Засгийн газар хууль сахиулах байгууллагууд, шүүх засаглалын үйл ажиллагааг сайжруулах зорилготой шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засаглалын ил тод байдлыг сайжруулах нь Монголын ардчилал төдийгүй эдийн засгийн хөгжлийн ирээдүйд чухал ач холбогдолтой. Засгийн газрын үйл ажиллагаа ил тод бус, авлигыг хянаж чадахгүй бол хууль ёс хэрэгжихгүй, хөгжлийн үр шимийг Монголын ард түмэн хүртэж чадахгүй байдалд хүрнэ. Ялангуяа, байгалийн баялагт тулгуурласан эдийн засагтай улс орнуудад засаглалын ил тод байдлыг хангах нь чухал болох нь практикт нотлогдсон.
-Мьянмарын ардчиллын удирдагч Аун Сан Су Чи манай улсад илтгэл тавьсан. Энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт авчирснаар нь ардчиллын үр дүнг хэмжинэ гэж тэр хэлсэн. Энэ утгаараа та Монголыг хэрхэн харж байна вэ?
-Энгийн иргэдийн амьдралын чанар сайжирсан эсэхийг би дүгнэх нь тохиромжгүй. Хүний амьдралын чанарыг дүгнэх нь хэцүү. Үндэсний нийт бүтээгдэхүүн зэрэг ерөнхий тойм аргачлалууд бий. Монголын эдийн засгийн өсөлт 14 хувьд хүрсэн. Өнөөгийн дэлхийд ямар ч улсын эдийн засаг ийм өндөр өсөлттэй байж чадахгүй байна. Мэдээж хэрэг Монголын эдийн засгийн өсөлт нь байгалийн баялагт тулгуурласан. Нийгмийн баялгийг зохистой хуваарилах асуудал яригдах ёстой. Аун Сан Су Чи Ардчилсан улс орнуудын хамтын нийгэмлэгийн бага хуралд тавьсан илтгэлдээ нийгмийн шударга ёс гэдэг ойлголтыг онцолсон. Бид зөвхөн ардчиллын тухай биш, харин иргэдийн амьдралд үр ашгаа өгдөг ардчиллын тухай ярих ёстой. Монголын Засгийн газар ч гэсэн хүч чадлаа дайчлан ажиллаж байна гэж ойлгосон. Мэдээж хэрэг нийтийн дэд бүтэц, зам, боловсрол, нийтийн эрүүл мэндийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Монголын Засгийн газрын өмнө хөгжлийн олон сорилт байна.
-Монголын ард түмэн ардчиллын үр шим, ашиг тусыг одоо ч гэсэн хүлээсээр байна. Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн хэлсэн шиг ардчиллын үр шимийг хүртэхийг хүлээж байна. Монголчууд бид ардчиллын ачаар үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй болсон боловч ардчилал энгийн иргэдийн амьдралд үр ашгаа өгч чадахгүй байна. Монголын Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж байгаа. Та “Ардчиллын амин сүнс” (The Spirit of Democracy) нэртэй ном бичсэн. Их алдартай ном. 1974 онд дэлхийн нийт улс орнуудын гуравны нэг нь дарангуй дэглэмийн дор зүдэрч байсан тухай өгүүлдэг. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд эдгээр улс орнуудын дөнгөж тэн хагас нь чөлөөт эдийн засаг руу шилжсэн. Харин Хятад улсыг нэг үеийн дараа ардчилсан орон болно гэж та бичсэн. Энэ юу гэсэн үг вэ?
-1974 онд ардчиллын гуравдагч давалгаа эхэлсэн. Тэр үед дэлхийн улс орнуудын бараг гуравны хоёр нь авторитар дэглэмтэй байсан. Эдгээр улс орны тал нь ардчилсан дэглэм рүү шилжсэн. Хятад бол дэлхийн хамгийн том ардчилсан бус улс. Нөгөө талаар Хятад бол дэлхийн хамгийн хурдацтай шинэчлэгдэж буй улс. Эдийн засгийн хөгжил нь ардчилалтай шууд холбоотой гэдгийг харьцуулсан судалгаа нотолдог. Эдийн засгийн хөгжлийн үр шимийг өргөн олонд хүртээж чадвал хүмүүсийн үнэлэмж өөрчлөгддөг. Хүмүүс зөвхөн угаалгын машин, автомашин, хүнс, орон сууц, хэрэглээний бараа хүсдэггүй. Хүмүүс эрх чөлөөний тухай ярьж эхэлдэг. Эдийн засгийн хөгжил нь хүмүүсийн сэтгэл зүйг өөрчилдөг гэдгийг нийгмийн шинжлэх ухааны судалгаа нэгэнт нотолсон. Учир нь хүмүүс хараат бус байдлыг, хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Тэд өөрсдийн үйл хэргийг өөрсдөө бие даан явуулах сонирхолтой болдог. Өнөөгийн Хятад улсад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан тогтмол зохион байгуулагддаг болжээ. Орон нутгийн түвшинд хэдэн зуу, хэдэн мянган жагсаал цуглаан болдог тухай Хятадын Засгийн газар мэдээлж байна. Орон нутгийн түвшин дэх Коммунист намын албан тушаалтнууд газрыг нь хураах зэргээр иргэдийн эдийн засаг, улстөр, өмчлөх эрхэд халдсан үйлдэл гаргадаг болсон нь жагсаал цуглаан зохион байгуулах гол шалтгаан. Хятадын эрх баригч Коммунист нам хоёрдмол сонголтын өмнө иржээ. Хятад улсад шинэтгэл хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Ши Жиньпин ойлгосон байна. Хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын хариуцлагыг өндөржүүлэх, иргэдийн бухимдлыг намжаах шаардлага тулгарч байна. Шударга бус байдал, хуулийн хэрэгжилт сул, авлига, хүний эрх зөрчигдөх, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг олон асуудал хариулт нэхэж байна. Хятадын агаарын бохирдол тус улсын хөгжил дэвшил, хүмүүсийн амьдралд гамшиг тарьж байна. Хятадын эрх баригчид засаглалын ил тод байдал, Горбачёвын перестройка, гласность шиг шинэтгэлээс эмээдэг. Хэрвээ улстөрийн шинэтгэл, улстөрийн нээлттэй байдлыг бий болговол нөхцөл байдлыг хянаж чадахгүй, улмаар Горбачёв шиг хувь тавилантай учирна гэж Хятадын эрх баригчид эмээж байна. Үнэндээ Хятадын эрх баригчид зоригтой шинэтгэл хийхгүй бол тэднийг Горбачёв шиг хувь тавилан угтах болно. Экологийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг том асуудлууд тулгарсан үед олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан улам эрчимжинэ. Өнөөдөр Хятадын орон сууцны салбарт жинхэнэ хөөс дэгдэж байна. Хэрвээ Хятадын эрх баригчид хуулийн хэрэгжилтийг хангах, улстөрийн дуу хоолойг сонсох, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр ажиллахгүй, хууль тогтоох засаглал, нийтийн алба, шүүх засаглал дахь намын нөлөөг хязгаарлахгүй бол тогтвортой байж чадахгүй. Хүмүүсийн үнэлэмж, хүлээлт, бухимдал улам нэмэгдэж байна. Тэд улстөрийн хариуцлага шаардаж байна.
-Маш сонирхолтой юм. Хятадын улстөрийн тогтолцоо нь өөрөө нээлттэй байдлыг шаардаж байна уу, эсвэл Хятадын эрх баригчид өөрсдөө улстөрийг нээлттэй болгохоос өөр аргагүй байдалд орж байна уу?
-Хэрвээ өөрчлөлт шинэтгэл хийхгүй удвал систем өөрөө нуран унана. Коммунист дэглэмийг тогтоон барих цорын ганц зам бол либераль, нээлттэй, хууль ёс хэрэгждэг чигийг сонгох явдал. Тийм ч учраас би ардчилал бол хүний эрхтэй салшгүй холбоотой гэдэгт итгэдэг. Хятадын улстөрийн систем алгуур өөрчлөгдөх болно.
-Яагаад?
-Тайвань шиг илүү зохистой ардчиллын хэлбэр рүү шилжих нь зүйтэй.
-Яагаад?
-Хэрвээ систем гэнэт нуран унавал Хятад улсад улстөрийн тогтворгүй байдал үүсч, үндсэрхэг үзэл газар авч, улстөрийн хоосон орон зайг цэргийнхэн эзлэх эрсдэлтэй. Энэ нь бүс нутгийн энхтайван, Хятадын улстөр, эдийн засгийн оршин тогтнолд аюултай. Ардчилал бол алгуур өөрчлөлт. Хууль сахиулах байгууллагуудын хүчин чадлыг бэхжүүлж, хүчтэй шүүх засаглал бий болгож, улстөрийн оролцооны соёлыг нэвтрүүлж чадвал аажмаар сөрөг хүчний намууд байгуулагдаж улстөрийн оролцоо нь нэмэгдэнэ. Институт, үнэт зүйлс, хүчин чадал нь цаг хугацааны явцад аажмаар хуримтлагдаж үндэс суурь нь бэхжиж байдаг. Хэрвээ систем гэнэт нуран унавал богино хугацаанд ардчилал руу шилжинэ гэдэг тун хүнд байх болно.
-Манай хөрш Орос улсын тухай ярья. Хүйтэн дайны төгсгөл үед Зөвлөлт Холбоот Улс перестройка зэрэг шинэтгэлийн алхмууд хийж байсан. Харин өнөөдөр хорь гаруй жилийн дараах Оросын ардчиллыг та хэрхэн дүгнэх вэ?
-Владимир Путин 2000 оны эхээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан даруйдаа Оросын ардчиллыг боомилсон. Одоо ч гэсэн ардчилал сэргэхгүй байна. Орост авторитар дэглэм улам бэхжиж байгаа. Путинд өмнөх Ерөнхийлөгч шиг нь либерал үзэл санаа, либерал хүсэл зорилго байгаагүй. Оросын иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдсөөр байна. Сөрөг хүчний удирдагч нарыг толгой дараалан намнадаг боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ зарласан Алексей Навальный түүний ээлжит бай нь болсон. Нэг хүн Засгийн газар, улстөрийн систем, хууль сахиулах байгууллагуудыг захирч байгаа нь тун аюултай. Энэ нь Оросын хөгжил, нийгмийн шударга ёсонд харшилж байна. Оросын эдийн засаг байгалийн хий, газрын тосноос хараат. Хууль ёс хэрэгждэггүй учраас гадаадын хөрөнгө оруулагчид байгалийн хий, газрын тосноос өөр салбарт хөрөнгө оруулахаас эмээдэг. Орос улс нээлттэй, ил тод, хуулийг дээдэлдэг, хүний эрх, хүний өмчлөх эрхийг хамгаалахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн хүчин чадлаа ашиглаж чадахгүй.
-Манай хөрш Орос, Хятад улсууд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хуралд оролцож байсан. Харин өнөөдөр алга байна…
-Хятад бол биш. Хятад хэзээ ч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн уулзалтад оролцож байгаагүй. Харин Орос улсын хувьд ардчилсан гэдэг тодотголтой байгууллагуудын гишүүнчлэлтэй. Хятадтай харьцуулахад Оросын сонгуульд олон намын төлөөлөл оролцдог. Харин Хятад улс ганцхан Коммунист намтай. Хятад улсыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралд урих нь инээдтэй хэрэг. Хятад улс ч гэсэн оролцох сонирхолгүй. Хятад улс хэзээ ч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн уулзалтад оролцож байгаагүй бол Орос өмнө нь оролцож байсан удаатай. Энэ удаагийн уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
-Хоёр жилийн өмнө Оросын төлөөлөгчид оролцож байсан уу?
-Магадгүй. Би тодорхой хэлж чадахгүй байна. Монгол Улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргаллаа. Нийгэмлэгийг тэргүүлэх дараагийн улс нь Эль Сальвадор. Хоёр жилийн дараа ардчиллыг бэхжүүлэх үйлс дахин нэг шатаар ахина гэдэгт итгэж байна.
-Таны номонд “чөлөөлөх технологи” гэдэг ойлголт бий. Энэ ямар утгатай ойлголт вэ?
-Чөлөөлөх технологи гэдэг бол таны өмнө ширээн дээр тавьсан хэрэгслүүдийг хэлдэг. Гар утас, айпад, ухаалаг гар утас, гар утсанд зориулсан интернетийн платформ, твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээний вебсайтууд нь хувь хүнийг хүчирхэгжүүлдэг хэрэгслүүд болжээ. Эдгээр нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, хоорондоо холбоо харилцаа тогтоох, зохион байгуулалтад орох хэрэгсэл болж, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн хөгжил, ардчиллыг бэхжүүлэх хэрэгсэл болжээ. Тунис, Египет зэрэг авторитар дэглэмтэй улс орнуудад чөлөөлөх технологи нь хүмүүсийг жагсаал цуглаанд уриалан дуудах, үзэл бодлыг түгээх хэрэгсэл болсон. Тавдугаар сард Малайз улсад сонгууль болно. Хагас зуун жилийн турш Малайзыг удирдсан эрх баригч эвсэл ялагдал хүлээж магадгүй. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Малайзын эрх баригчид сонин хэвлэлүүдийн үйл ажиллагааг хангалттай хязгаарласан. Гэвч Malaysiakini нэртэй онлайн сонинг хориглож чадаагүй. Малайзын олон нийт энэ вебсайтад зочлох дуртай. Тэдний хувьд дижитал технологи нь мэдээллийн шинэ эх сурвалж бүрдүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, гэм буруутай үйлдлийг илчлэх, иргэдийг зохион байгуулах, дайчлах хэрэгсэл болж чадаж байна.
-Та дэлхийн зарим улс оронд ардчилсан уналт болсон тухай бичсэн. Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдал алдагдах нь авлига цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн хэрэгжилтэд саад учруулдаг гэж та бичсэн. Мөн нийгмийн институтуудын улстөр, санхүүгийн хариуцлагыг сайжруулах тухай ярьдаг. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Би Ардчилсан улс орнуудын хамтын нийгэмлэгийн уулзалтад тавьсан илтгэлдээ ардчиллын гуравдагч давалгааны үр дүнд ардчилсан дэглэмийг сонгосон нийт улс орнуудын гуравны нэг нь өнгөрсөн дөчин жилийн хугацаанд бүтэлгүйтсэн гэдэг баримтыг онцолсон. Ардчилсан улс орнуудын 40 гаруй хувийг нь барууны тогтвортой ардчилсан улс орнууд эзэлдэг. Ардчилал бүтэлгүйтсэн нь ямар шалтгаантай вэ. Ардчилсан дэглэм бүтэлгүйтсэний хамгийн том шалтгаан нь муу засаглалтай холбоотой. Улстөрчид, улстөрийн намууд, Засгийн газрын сайд нар олон нийтийн ашиг сонирхлын төлөө хүчин зүтгэхийн оронд төрийг баяжих, эрх мэдэлтэй болох хэрэгсэл болгосон нь ардчилал бүтэлгүйтсэний гол шалтгаан. Засгийн газрын үйл ажиллагааг улам ил тод, улам хариуцлагатай болгох ёстой.
-Үүнийг яаж хийх вэ?
-Юуны өмнө Засгийн газрын санхүүжилт, төсвийн ил тод байдлыг хангах ёстой. Монгол улс Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын гишүүн. Уул уурхай, газрын тосны компаниуд Засгийн газарт ямар хэмжээний татвар, төлбөр, роялти төлсөн гэдгээ ил тод тайлагнах үүрэгтэй. Засгийн газар уул уурхайн компаниудаас ямар хэмжээний татвар, орлого авсан гэдгээ олон нийтэд ил тод тайлагнах ёстой.
-Манай өмнөх Засгийн газар нүүрсний экспортоос олох орлогыг барьцаалан урьдчилгаа төлбөр авсан байдаг. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгой, Оюутолгой компаниудаас урьдчилгаа төлбөр авч “Хүний хөгжил” сан нэрийн доор улстөрийн зорилгоор мөнгө тараасан. Энэ мөнгийг улстөрийн амлалтаа биелүүлэх зорилгоор ашигласан. Үүнийг яаж зогсоох вэ?
-Эхний алхам бол мэдлэг. Ил тод байдал нь мэдлэг, мэдээллийг бий болгодог. Олон нийтийг мэдээллээр хангавал хүмүүс авлигад автагдсан улстөрчид, улстөрийн намууд, Засгийн газрын албан тушаалтнуудыг шийтгэнэ.
-Сонгуулийн аргаар уу?
-Сонгууль бол улстөрийн хариуцлага тооцох хэрэгсэл. Хэвтээ хариуцлагын тогтолцоо гэж бий. Засгийн газрын нэг байгууллага нь нөгөө байгууллагаа хянадаг тогтолцоо. Улс төрөөс хараат бус, мэргэжлийн шүүх байгууллага ч онцгой ач холбогдолтой. Шүүх засаглалын шинэтгэл нь хөгжиж буй ардчилсан улс орнуудын хувьд маш чухал зүйл. Шүүх засаглал нь улс төрөөс хараат бус, шүүгч нарыг мэргэжлийн ур чадвар, гавьяаг нь үнэлэн сонгодог, дэвшүүлдэг байх ёстой. Хэрвээ авлигын хэрэгтэй холбогдсон бол хариуцлага тооцдог, шийтгэл хүлээлгэдэг байх нь чухал. Мэдээж хэрэг авлигын эсрэг тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага хэрэгтэй.
-Монгол Улсын шүүх тогтолцоо Ерөнхийлөгч гэдэг нэг хүний хяналтад байдаг. Ерөнхийлөгч шүүгчдийг сонгож, нэр дэвшүүлж, томилдог. Энэ шударга тогтолцоо юу?
-Улстөрийн хяналтаас хараат буй шүүхийн үйлчилгээний комисс гэж байдаг. Энэ комиссын бүрэлдэхүүнд улстөрийн намд харьяалагддаггүй хуулийн профессор, тэтгэвэрт гарсан шүүгч нар багтаж болно. Энэ комисс нь Үндсэн хуулийн шүүхээс бусад бүх шатны шүүхийн шүүгч нарыг сонгож, томилдог байх ёстой. Шүүгч нарыг мэргэжлийн ур чадварыг нь харгалзан сонгож, гавьяа зүтгэлийг нь харгалзан дэвшүүлдэг шалгууртай. Шинэ ардчилсан улс орнууд энэ системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд Ерөнхийлөгч нь Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй боловч Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс төвийг сахисан байр сууринаас хандах эрхтэй. Ямар ч тохиолдолд шүүх засаглал нь улс төрөөс ангид, мэргэжлийн байх ёстой.
-Ерөнхийлөгч гэдэг өндөр албан тушаалтан аль нэг талд үйлчилдэг эсэхийг яаж хянах вэ?
-Эрх мэдэл хүнийг өөрчилдөг. Сайн хүн байсан ч гэсэн хэзээ нэгэн өдөр өөрчлөгддөг гэдгийг санах хэрэгтэй. Харин муу, шударга хүн бол эрх мэдэлтэй болсон өдрийнхөө маргааш нь л өөрчлөгдөнө. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх зорилго тавьсан бол хувь хүмүүст биш харин институтэд итгэх хэрэгтэй. Ардчиллыг гүнзгийрүүлэх гол нөхцөл нь улстөрийн өндөр хариуцлагатай хараат бус институтүүд байдаг.
-CDDRL гэдэг байгууллагын тухай танилцуулаач?
-CDDRL (the Center on Democracy, Development, and the Rule of Law) бол Стэнфордын их сургуулийн Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвийн товчилсон нэр. Ардчилал хэрхэн үүсч хөгждөг, хуулийн засаглал, хүний эрх, сайн засаглал, эдийн засгийн хөгжил нь хоорондоо хэрхэн холбогддог талаар судалдаг судалгааны төв юм. Ядуу буурай, эдийн засгийн хувьд дорой байсан улс орнууд илүү динамик, илүү хөгжингүй, нийгмийн баялгийг хуваарилдаг улс орон болж чадсаныг судалж байна. Манай төв зөвхөн судалгааны байгууллага биш. Бид бодлого боловсруулах үйл явцад оролцож, олон нийтэд ардчиллын тухай мэдлэг, мэдээллийг түгээдэг. Тиймээс өнгөрсөн зун бидний гурван хүн Монголын олон нийтэд лекц уншсан. Манай төв зун бүр мэргэжлийн албан хаагчдыг Стэнфордын их сургуульд урьж, гурван долоо хоногийн хугацаатай сургалтад хамруулдаг. Сургалтын хугацаанд бид ардчилалтай холбоотой сэдвээр мэдээлэл солилцож, маргаан мэтгэлцээн өрнүүлдэг уламжлалтай.
-Ядуурлаас динамик эдийн засаг болж чадсан туршлагыг судалдаг юм байна. Монгол Улс бол улстөр, эдийн засгийн шилжилтийг давхар хэрэгжүүлж буй цөөн тооны орнуудын нэг гэж би ойлгодог. Хоёр фронтод хэцүү сорилтуудтай тулгарч байна. Таны бодлоор бид юуг сайжруулах ёстой вэ?
-Ийм сорилтуудтай тулгарч буй олон улс орон бий. Монголчуудад их зөвлөх нь миний хувьд хэтэрхий биеэ тоосон хэрэг байж болох юм. Миний бодлоор иргэний боловсролыг дээшлүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэртэй. Ардчилсан улсын иргэн ямар боловсрол, ур чадвар, үнэлэмжтэй байхыг сургах нь чухал.
-Үүнийг төр хариуцах уу? Эсвэл иргэний нийгэм үү?
-Төр ба иргэний нийгмийн аль аль нь санаа тавих учиртай.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин