Монголын боксын шигшээ багийн үндсэн тамирчид өнөөдөр Молдавыг зорилоо. Энэ жилийн улсын аваргад түрүүлсэн тамирчдаас бүрдсэн найман тамирчин тус улсад зургаан орны тамирчидтай хамт 10 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж аж. Ширэн бээлийтнүүд анх удаа ийнхүү олон орны тамирчдыг хамруулсан хамтарсан бэлтгэлд оролцож буй бөгөөд Молдав дахь бэлтгэлээ дуусгаад Кубад хоёр ч том тэмцээнд оролцох юм байна. Жил бүр Кубад болдог Кордова Кардин болон Роберто Баладогийн цомын тэмцээнд Монголын найман тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Энхдэлгэр /52 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, З.Энхзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Э.Шинэбаяр /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нарын тамирчид Кубын рингэнд хүч сорих юм байна.
Кордова Кардин тэмцээн зургадугаар сарын 4-нд эхэлж, долоо хоног үргэлжлэх бол Роберто Баладогийн цомын тэмцээн зургадугаар сарын 19-23-нд болох ажээ.
Боксчидтой холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, хоёрдугаар шигшээ багийнхан Казахстаны Астана хотноо болсон олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн байна. Найман тамирчны бүрэлдэхүүнтэй Казахстаныг зорьсон Монголын ширэн бээлийтнүүд Астанад Ялалтын баярт зориулсан олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцож, 69 кг-ын жинд н.Отгонжаргал алт, 56 кг-д н.Даваадалай хүрэл медалийн эзэн болжээ. Баг тамирчид одоо Астанад 10 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дахин олон улсын тэмцээнд оролцсоноор нутагтаа ирэх ажээ.
Монголын боксын холбооноос баг тамирчдын амжилтыг ахиулах, залгамж халааг бэлтгэх зорилгоор шигшээ багийн үндсэн тамирчдаас гадна хоёрдугаар шигшээ багт анхаарал хандуулж, олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд хамруулж, олон улсын тэмцээнд сойх болсон байна.
С.ЦЭЛМЭГ