Надаль тав дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Надаль тав дахь түрүүгээ хүртлээ

Мастерсуудын есөн цувралын дөрөв дэх нь болох “Mutua Madrid Open” тэмцээн Испанийн Мадрид хотноо тавдугаар сарын 03-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Испаний Рафаэль Надаль, дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс нар тэргүүлж, 600 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 1000 оноо хүртлээ. Хосын төрөлд АНУ-ын ах, дүү Брайнууд тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн хосд Чехийн Сафарова, ОХУ-ын Анастисяа Павлюнченкова нар тэргүүлжээ.

Бэртлээс эргэн ирсэн Надаль долоон тэмцээний тавд нь түрүүллээ

Хэдийгээр тэмцээнийг тэргүүлэгч Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нар тэмцээнийг хоёр, гуравдугаар тойргоос орхисон ч Надалийн өрсөлдөгч нар тийм ч муугүй байсан. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч шигшээ наймд таарсан нутаг нэгт Дэвид Феррер байсан байх. Тэдний тоглолт гурван сэт үргэлжлэхэд Надаль сүүлийн хоёр 7:6, 6:0-ийн харьцаагаар өөрийн болгосноор өөрийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан. Тэрбээр тус тэмцээнд 2005, 2010 онуудад түрүүлж байжээ. Өнгөрсөн оны “Уимбльдон”-ын хоёрдугаар тойргоос бэртлийн улмаас тэмцээнийг орхиж байсан Надаль энэ оны хоёрдугаар сараас тэмцээнд оролцож эхэлсэн. Тэрбээр долоон тэмцээнд оролцохдоо бүгдэд нь шигшээд шалгарч, тавд нь түрүүлээд байна.
Жокович, Федерер нарын тэргүүлэгч теннисчид хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнийг орхилоо


Тус тэмцээний хоёрдугаар тойргоос эхлэн сонирхолтой тоглолтууд олноор өрнөлөө. Эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойрогт дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Болгарын Григори Димитров нарын хооронд болоход Жокович ялагдал хүлээж тэмцээнийг орхисон. Тоглолт гурван сэт үргэлжиж, эхний сэтийг 7:6-аар Димитров өөрийн болгосон ч удаах сэтийг Жокович 7:6 (10:8)-ийн харьцаагаар ялалт байгуулсан ч шийдвэрлэх гурав дахь сэтэд Димитров түүнээс илүү байж 6:3-ийн харьцаагаар өөрийн болгосноор дэлхийн манлай теннисчнийг буулган авлаа.

Жокович тэмцээний дараа хэлэхдээ: “Би “Монте-Карло” тэмцээнээс хойш дараа 12 хоногийн турш теннисний цохиур барьсангүй. Би үнэхээр хангалтгүй тоглолоо. Гэхдээ энэ нь хожигдсондоо хэлж буй шалтаг бус. Димитров үнэхээр сайн байсан. Тэр маш хүчтэй байлаа. Тиймээс л тэр ялалт байгууллаа” гэсэн байна.
 
Өдгөө 21 настай Болгоарын залуу теннисчин Григори Демитров ATP чансааны 28-д бичигдэж байна. Димитрова гуравдугаар тойрогт тэмцээний 15-д эрэмбэтэй Швейцарийн Вавринкад ялагдсан бөгөөд Швейцарь теннисчин Францын Цонга, Чехийн Томаш Бердых нарын шилдгүүдийг буулгасаар шигшээд шалгарсан.

Тэмцээний гуравдугаар тойргийн дуулианыг Японы тэргүүн теннисчийн Кей Нишикори гаргасан. “Их дуулга”-ын 17 түрүүт Швейцарийн Рожер Федерер, Японы Кей Нишикори нарын тоглолтод арлын орны теннисчний ялалтаар өндөрлөсөн. Тоглолт нэг цаг 35 минут үргэлжлэхэд 6:4, 1:6, 6:2-ийн харьцаагаар Кей ялалт байгуулсан. Тус тэмцээний 14-нд эрэмбэтэй Кей Нишикори хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Испаний Пабло Андужартой тоглосон ч ялагдал хүлээсэн. Японы тэргүүн теннисчин Кей Нишикори өнгөрсөн жил дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жоковичийг буулган авч байсан билээ. Өдгөө тэрбээр ATP чансааны 16-д бичигдэж буй.


Мадридын гудмаар болзсон хосууд

Олон сарын турш хайр сэтгэлийн холбоогүй гэдгээ нууж байсан ОХУ-ын тэргүүн теннисчин Мария Шарапова, Болгарын залуу теннисчин Григор Демитров нар тэмцээний үеэр нь болзсон нь тус тэмцээний нэг сонирхол татахуйц үйл явдал байлаа.

Тэмцээний үеэр тэд Мадрид хотын гудмаар бие биедээ эрхлэн явсан нь папариццидын дуранд өртсөн ч үүнээс төдийлэн эмээсэнгүй аж. Өдгөө 21 настай Болгарын залуу теннисчин Григор Демитров хоёрдугаар тойрог дэлхийн манлай теннисчин Новак Жоковичийг буулган авсан нь Шараповагийн хайр сэтгэлийн дэмжлэг тусалсан байж магадгүй гэж уг www.sportal.bg сайт дурдаад авсан. Харин Шарапова учраа бүрээ буулган авснаар шигшээд шалгарсан ч Серенад ялагдлаа.

Серена Уильямс Шараповаг гурвантаа сөхрүүллээ

Дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар өрсөлдөгч нараа буулган авснаар шигшээд дахин учраа таарлаа. Гэсэн ч энэ удаагийн тоглолт 6:1, 6:4-ийн харьцаагаар дэлхийн манлай теннисний ялалтаар өндөрлөв. Серена Уильямс ийнхүү тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлээд байна. Он гарсаар Серена, Шарапова нар Doha, Miami, Madrid-ийн шигшээд шалгарахад бүгдэд дэлхийн манлай теннисчин ялалт байгууллаа.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж