Ван Боммел 21 жилийн хөлбөмбөгийн карьераа өндөрлөж улирлын дараа зодог тайлахаар болжээ. Өдгөө 36 настай Голланд хагас хамгаалагч зүүн хөлийн шагайндаа авсан бэртлээс болж ийнхүү зодог тайлахаар болсон байна. Тэрээр Голландын тэргүүн лигт 350 удаагийн тоглолтонд оролцсон ажээ. Тэрээр “Барселона”, “Байерн Мюнхен”, “Милан” гэсэн том багуудад тоглож байсан туршлагатай нэгэн билээ. Хэдийгээр тэр “АС Милан”-д очсон ч нэг ч гоол оруулж байгаагүй юм. Харин Барселонагийн нэрийн өмнөөс хоёр гоол, Мюнхений нэрийн өмнөөс 11 гоол оруулж байсан юм. Тэрээр карьерынхаа туршид 807 тоглолтод 111 гоол оруулж байжээ. “Би маш олон багийг дэмжиж гайхалтай карьерыг өнгөрүүлжээ. “ПСВ”, “Барселона”, “Милан”, “Мюнхен” гээд бүгд л агуу түүхтэй багууд. Гэхдээ миний хамгийн бахархаж ярих ёстой зүйл бол улбар шаруудын бүрэлдэхүүнд багтаж нэг бус удаа тор хөдөлгөж байсан явдал. Хэдийгээр зодог тайлахад хүнд байгаа ч тамирчин хүний тавилан шүү дээ” гэж Ван Боммел ярьжээ.
Б.СҮХ