Завхан аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж БНХАУ болон Түвдийн нутаг дэвсгэрт 8012 метрийн өндөрт орших Гималайн нурууны Шишапангма ууланд анх удаа Монгол хүн, тэр дундаа Завхан нутгийн хүү, “Уулсын оргил өөд” ТББ-ын тэргүүн, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай амжилттай авиралт хийн 5-р сарын 9-ны өдөр оргилыг нь эзэлж түүхэн үйл явдлын эзэн боллоо.
Түвд хэлээр “Ариун догшин уул” хэмээх утгатай, Завхан нутгийн шүтээн Отгонтэнгэр хайрхан лугаа адил ард түмний шүтээн болсон энэ ууланд тэрээр Монгол үндэснийхээ хувцастай авирсан юм. Уулын спортын мастер Ө.Батманлайгийн багт Швейцарийн дөрөв, Италийн нэг, Австрали, Америк, Монгол улсын тус бүр нэг, нийт найман уулчин багтжээ. Тэрээр багаасаа хоёулаа буюу Швейцарийн уулчинтай хамт амжилттай авирсан байна.
Дашрамд дурьдахад Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэхүү зорилтыг тусгасан бөгөөд орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын Уулчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулсан юм.