Төрийн соёрхолтоороо омогшсон өдрүүд

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Төрийн соёрхолтоороо омогшсон өдрүүд

Төрийн соёрхолтоороо омогшсон өдрүүд…
…Хутагт төрдөг нарны орон
Хувилгаад ирдэг бурхны орон
Завхан нутаг арцны үнэртэй

Заяаг минь даасан Отгонтэнгэртэй… ийм л сайхан нутгийн ариун хөрсөн дээр нь төрж, уул ус, нутаг орноо сахин, төрөлх нутагтаа ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа хэн бүхэн ойрын хэдэн өдрүүдэд омогшил дүүрэн байлаа. Учир юу гэвээс зол жаргалын өлгий Завхан нутгаас төрөн гарсан дэлхийд данстай Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн үргэлжлэл гэдгээ үйл хэрэг, уран бүтээлээрээ эрхгүй харуулж, гайхуулж яваа Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж “Үлэмж эгшиглэнт үдэш” уран бүтээлийн цэнгүүнээ нутгийн зон олондоо толилуулснаас гадна түүний нэрэмжит “Цагаан үүл” яруу найргийн наадмыг  зохион байгуулсан явдал байлаа.

Нутаг орноосоо төрсөн яруу найрагч, зохиолчдын бүтээлийг олны хүртээл болгох зорилготойгоор аймгийн засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэхүү үйл ажиллагааг аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулсан юм.  “Цагаан үүл” яруу найргийн наадмыг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал үг хэллээ. Тэрээр: “Өнөөдөр Завхан аймгийн хэмжээнд 400 гаруй сурагчид утга зохиол, яруу найргийн дугуйланд хамрагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, мөдхөн тэд шинэ зууны утга зохиол, яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө хүч түрэн орж ирэх цаг ойрхон гэдэгт огт эргэлзэхгүй байна” хэмээн онцолсон юм.

Наадам 18-34, 35-аас дээш насны гэсэн 2 ангилалаар явагдаж, төрөлх нутгийнхаа өнцөг булан бүрээс ирсэн 44 яруу найрагч шүлгэн хүлгээ сойлоо. Алдарт Явуугийн үр сад аргагүй олон байгаа гэдгээ харуулж, залуу яруу найрагчид чансаатай шүлгүүдээрээ ширүүхэн өрсөлдөж, наадмыг үзэж сонирхохоор ирсэн утга зохиол, яруу найрагт элэгтэй нутгийн иргэдийн сэтгэлийг хөглөж байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Яруу найрагчдын билэг оюуны цэцийг ариутган шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Бороохойн Батхүү /ерөнхий шүүгч/, Утга зохиолын орчуулагч, сэтгүүлч Лхамсүрэнгийн Амарбат , Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн МУСГЗ, яруу найрагч Пүрэвжавын Батсайхан,  “Отгонтэнгэр хөгжил” сангийн тэргүүн Адъяабалжирын Санжмятав, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Хашбатын Батсайхан нар ажиллалаа. Ингээд хүсэн хүлээсэн “Цагаан үүл”-ийн түүчээлэгчдийг тодруулахад 18-34 насны ангилалд Отгон сумын  А.Анхбаатар тэргүүн байр, Эрдэнэхайрхан сумын Ц.Авирмэд дэд байр, Улиастай сумын Б.Баяржавхлан гутгаар байр, Идэр сумын Э.Пагма дөтгөөр байр, Асгат сумын Д.Болор-Эрдэнэ тавдугаар байрыг тус тус эзэлсэн бол, 35-аас дээш насны ангилалд Улиастай сумын Х.Лхасүрэн тэргүүн байр, Р.Энхсайхан дэд байр, Ч.Ганбаатар гутгаар байр, Цагаанчулуут сумын Ч.Нарангэрэл дөтгөөр байр, Тосонцэнгэл сумын Б.Рэнчинжунайн шүлгэн хүлэг тус тус эхний таван байранд хурдаллаа. “Цагаан үүл” яруу найргийн наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Аймгийн Засаг даргын тамгын газар, Эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиглэн “ сан, хамтран зохион байгуулагчаар Боловсрол соёлын газар, Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Л.Ванганы нэрэмжит ХЖТ, Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, “Отгонтэнгэр хөгжил” сан, мэдээллийн ивээн тэтгэгчээр орон нутгийн “AIR1”, “Шинэ Завхан”, “ BBS”  телевизүүд ажиллалаа.

Харин 5-р сарын 10-нд Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн “Үлэмж эгшиглэнт үдэш” цэнгүүн болж, нутгийн зон олныхоо оюуны мэлмийг баясгасан юм. Цэнгүүнд Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай, Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, дэлхийн утга зохиолын “Поет лаурет” цол, алтан титэмт яруу найрагч, СГЗ Гомбожавын Мэнд-Ооёо,  Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш Д.Галбаатар, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Х.Чилаажав, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Батхүү, МУГЖ Ц.Түвшинтөгс, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, СТА, нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучин Д.Баасанжав, М.Анхтуяа, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү, ДБЭТ-ын дуучин Б.Баатархүү нарын сор болсон уран бүтээлчид оролцож Очирваанийн орныг яруу найраг, дуу хуураар гэрэлтүүллээ. Энэ үеэр төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж 6-р ангидаа авч байсан  “Завхан аймаг дахь утга зохиолын нэгдлийн гишүүний үнэмлэх”-ээ аймгийн засаг дарга Ж.Жамъянтивт гардуулан өгч, аль нэг сургуулийн 6а ангийн яруу найрагч хүүхдэд дамжуулахыг хүсээд, дахин төрийн соёрхолт гэсэн эрхэм хүндтэй алдрыг дагуулахын ерөөл тавилаа.

Ийнхүү төрийн шагнал хүртсэн нутгийн хүүгээрээ Завханчууд бахархаж, Явуугийн араас Бавууг төрүүлсэндээ омогшиж, Д.Намдаг, Л.Ванган, Б.Явуухулан, Б.Цэнддоо, Ц.Бавуудорж гэсэн ийм л эгэлгүй суут төрийн шагналтнуудыг өлгийдөн авсан оюуны их энергийн төв нутаг усандаа залбирсаар үлдлээ.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж