
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын зочид буудлуудын холбоотой хамтран “Мэргэжил сурталчлах өдөрлөг, сургалт”-ыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын хүрээнд дүүрэг бүрийн шилдэг зочид буудлуудыг сонгон авч, тухайн дүүргийн зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ эрхлэгчдэд зочид буудлын үйлчилгээний стандартыг бодитоор үзүүлж буйгаараа онцлог болж байна. Сонгинохайрхан дүүргийн “Сэнтий”, Хан-Уул дүүргийн “Corporate-3” зочид буудалд сургалт зохион байгуулагдсан бол дараагийн өдөрлөг, сургалт энэ сарын 15-нд Баянгол дүүргийн “White house”, 22-нд “Corporate-1”, 29-нд “Kempinski”, зургадугаар сарын 5-нд “Бишрэлт" зочид буудалд явагдана. Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг. Сургалт өдөрлөгт хамрагдсан байгууллага, иргэд Монголдоо шилдэг гэх зочид буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас нь солилцож, сонирхсон асуултдаа хариулт авч болох юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.