Ураны хор гамшгийн хэмжээнд хүрсэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Ураны хор гамшгийн хэмжээнд хүрсэн гэв

Дорноговь
аймгийн Улаанбадрах сум дахь ураны хор хөнөөл, хүн, мал, байгаль орчинд
учруулсан ноцтой хохирлын талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд
тус суманд ажиллаад ирсэн ТББ-ынхан буюу “Даяар Монгол”, “Цагаан хас”,
“Ногоон хас”, “Голомт цөм” хөдөлгөөнийхөн мэдээлэл хийлээ.

Дорноговь
аймгийн Улаанбадрах суманд Францын “Арева” группийн охин компани болох
“Кожеговь” ураны хайгуулын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ураны
туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авч байгаа аж. Иргэд,
байгаль орчинд хоргүй үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн тус
хайгуулын ордны хор хөнөөлөөс болон Сайншанд сумын тавдугаар багийн
малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхсэн хэргийн дагуу Ерөнхий сайд
Н.Алтанхуягийн томилсон ажлын хэсэг газар дээр нь ажиллан шинжилгээ
судалгаа хийсэн. Ажлын хэсгийнхэн энэ сарын 1-нд тус бүс нутагт ураны
хор хэвийн хэмжээнд байгаа талаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр
ТББ-ынхан уг мэдээллийг ташаа мэдээлэл хэмээгээд өнөөдөр тус сум
гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээв. Учир нь тэд Засгийн газраас томилсон
ажлын хэсгийн дүгнэлтийг хангалттай гэж үзээгүй учраас өөрсдөө баг
бүрдүүлэн зургаа хоног уг суман дахь ажиллахдаа ураны хордлого илэрсэн
гэдгээ тайлбарлав. Тэд Францын “Арева” группийн охин компани болох
“Кожеговь” ураны хайгуулын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа
газарт шинжилгээ хийн дээж аван цацраг идэвхт бодисыг шинжлэхэд Монгол
Улсад мөрдөгдөж байгаа хэвийн хэмжээнээс ес дахин их байжээ. Мөн тус
сумын Аргалант багийнхантай уулзахад сүүлийн саруудад малын хорогдол
ихэссэн, амьгүй төл, хэвийн бус, согогтой төл мал ихээр мэндлэн үхэж
байгааг ч дуулгалаа. Тэд “Кожеговь” компанийн ураны хайгуул, хаягдлын
цэг гэж нэрлэгддэг Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Тал хонгорын шар дов
гэдэг газраас шинжилгээний дээж авч шинжлээд “Энэ бүсэд хийгдсэн хүнд
элементийн агуулга тодорхойлох шинжилгээгээр цацраг болон хүнд металлын
бохирдол алга байна” гэсэн дүгнэлт гаргасан Засгийн газрын ажлын хэсгийг
чухам юунаас дээж аван ийм дүгнэлт гаргасныг гайхаж байгаа аж. Удахгүй
тус ТББ-уудын хүмүүсээс бүрдсэн хоёр дахь баг дээрх бүс нутагт 10 хоног
ажиллахаар явах гэж байгаагаа дуулгалаа.

Түүнчлэн хяналтгүй
уурхайн балгаар Дархан-Уул аймгийн Хонгор сум хордсон шиг асуудал
үүсэхийг хүсэхгүй байгаа учраас иргэдэд мэдээлэл өгөн үүний төлөө
тууштай тэмцэн газар нутаг, Монгол хүнээ хамгаална гэдгээ онцлон хэлсэн
юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж