“Жүжигчин Б.Навчаагийн амьдралаар хийж байгаа бүтээл гэнэ” хэмээх дам яриа хэвлэлээр цацагдсан. Дээр нь “Бодлын хулгайч” киноны зохиолч, найруулагч нар ажилласан гэхээр ерөнхийдөө бараан түүхийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн хориход энэ удаагийн киноны үйл явдал өрнөх нь гэсэн төсөөлөл үзэгчдийн дунд байсан болов уу. Үнэндээ тийм. Гэхдээ энэ киног жүжигчин Б.Навчаа хэдэн жилийн турш хийсэн судалгаандаа суурилан зохиолч Д.Төрмөнхөд зохиолоо захиалж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулан үзэгчдийн хүртээл болжээ.
Ер нь хүний амьдралын хамгийн чухал зүйл юу юм бол оо. Бүх зүйлд байдаг учраас сонголт ч байж болох юм. Хайр дурлалгүйгээр амьдралыг төсөөлөхийн ч аргагүй. Харин бид энэ сонголт дээрээ хэрхэн хандаад байна даа гэсэн эрэгцүүлэл энэ л киног үзэж байхад хэдэнтээ бодогдсон шүү. Хайрлахгүй дурлахгүйгээр амьдрал гэрэл гэгээ, аз жаргалгүй харанхуй ертөнц мэт. Гэсэн ч түүнийг олж авах хэн нэгэнд өгөх нь тийм ч хялбар зүйл биш бололтой. Хүн дурлахаараа сохор болдог гэдэг дээ. Юу ч юм түүнийг хөглөн хөөргөж, агшин хором бүр аз жаргалтай мэт нисэн өнгөрч нэг л мэдэхэд шийдвэр гарган цагаан даашинзаар гоён түүнийхээ гарыг хөтлөн хуримын ордны шатаар өгсөнө. Энэ л сонголтыг хүн амьдралдаа ганцхан удаа хийдэг. Киноны гол дүр Лардьмагийн /Д.Пүрэвсүрэн/ хувьд насан туршдаа мартахааргүй энэ л торгон агшин нь зөвхөн дурсамж болон хар цагаан зураглалаар л сэтгэлийнх нь гүнд үлдсэн. Анх нөхөртэйгээ танилцан цав цагаан цасан дунд тоглон сүйн бөгж аван тэр л хуримын ордон руу хөтлөн шинэ байр, бүхнийг шинээр эхэлсэн амьдрал нь өнөөдөр түүний хувьд “өнгөгүй” кадрууд. Гэхдээ тэр энэ л дурсамжиндаа ахиж хэзээ ч инээхгүй гэдгээ мэдсэн юм шиг аз жаргалтайгаар инээсэн. Тэр нөхрийгөө ингэж танигдахын аргагүй болон хувирч түүнийг зовлонгийн далайд живүүлнэ гэж мэдээгүй. Мэдэх ч боломжгүй аз жаргалтай өдрүүдтэй байсан болохоор л. Өнөөх гайхалтай гээд байдаг хайр дурлал хүнийг гутамшигтай болгон өөрчлөнө чинээ тэр санаангүй байх. Хайртай бол хартай гэдэг ч хардалтыг үнэнчийн баталгааны үйлийн үр гэж ойлгодог залуус хэр олон бол оо. Яг л түүний нөхөр шиг хайрлахдаа хардаад тэр нь бүүр хэтрэн харгислал болчихвол та яах уу. Өнөөдөр энэ асуултанд маань олон бүсгүйчүүд маш хялбарханаар “Өө би зүгээр л түүнээс сална, ямар наагаад тавьсан биш, эр эм хоёр байтугай эрүү толгой салдаг хорвоо юм чинь” хэмээн бардам хариулах биз. Гэвч бодит амьдрал дээр олон арван, магадгүй зуу, мянган Лардьма хартай, харгис нөхрийнхөө гарын шүүс нь болон хамт амьдрахдаа эндээс мултрах гарцаа хайсаар л…
Түүний хайр дурлал гэрлэлт амьдралаас тусгаарласан дөрвөн ханан дунд түгжчихдэг учраас энэ л байдалд гарахаар зэхсэн, хүлээсэн. Нэг л өдөр зориг гарган бүхнийг хийсэн ч нөхрийнхөө гараас хол мултарч амжаагүй. Гэсэн ч Ларьдма шантраагүй дахин цоожтой гэрээс мултран оргоно. Эрх чөлөө тайван амьдрал руу тэмүүлсэн хүний хүслийг хартай нөхөр нь боомлин хэвлий дэхь үрийг нь зулбатал зодоход өмнө нь зодуулж байхдаа ч тэвчин “Битгий л дээ, тайвшир хайрт минь, би чамдаа л хайртай, миний буруу” хэмээн амнаас нь өөрийн эрхгүй айдастай нь цуг урсдаг байсан тэр л үгс замхран тэвчээр нь барагдан түүнийг гартаа дайралдсанаараа балбана. Түүний хайр, тэвчээр, цөхрөл, эрх чөлөөг хүссэн тэмүүллийнх нь зогсоол шорон. Энэ тэгээд амьдрал гэж үү? Ийм дааж давшгүй хяслангаас болж нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд орсон явдал эмэгтэйчүүдийн хорих ангийн нийтлэг төрх болсон нь нууц биш.
Кадар солигдоход, дасах нь байтугай төсөөлөхөд ч бэрх орчинд ирсэн ч Лардьмаг хянагч бүсгүй /Б.Навчаа/ хамгийн ихээр ойлгон дотно ярилцаж сэтгэлийг нь засна. Шоронгийн хянагч нар хахир хатуу хүмүүс ч тэд сэтгэл зүрхтэй, нинжин сэтгэлтэй гэдгийг Навчаагийн дүр илэрхийлсэн. Хянагч нар төрийн өмнө тангараг өргөсөн албан хаагч нар болохоор сэтгэл хөдлөл, догдлолоо гаднаа илэрхийлэх эрхгүй хүмүүс. Хатуу ширүүн аашаараа хоригдлуудаа түгшээдэг хянагч бүсгүйгийн шоронгийн хаалганы цаадах жинхэнэ амьдрал тийм ч таатай биш. Хуучин муу шавар байшин, архичин нөхөр. Хянагч юм чинь ёстой нөхрөө жижигрүүлдэг байх даа гэсэн бодлын эсрэг талд нүдээ хөхөртөл зодуулан шарыг нь тайлах архийг нь хүртэл бэлдэн аргадах хөөрхий бүсгүй. Хайртай л бүхнийг тэвчин өдийг хүрсэн байх даа гэмээр. Хайр дурлалын аз жаргал ямар богинохон настай юм бэ хэмээн уулга алдмаар. Навчаагийн шоронгийн хаалганы хоёр талын амьдрал өдөр шөнө шиг. Мөн түүний дүрээр бусдын төлөө өөрийгөө зольсон нинжин сэтгэлт эмэгтэйтэй тааралдан дэндүү их өрөвдөм. Харин Лардьмагын нөхөр чухам хэн байв аа. Хайртайдаа нүд нь сохрон эхнэрээ зөвхөн өөрийн байлгах гэсэндээ энэ бүхнийг хийсэн гэж өөрийгөө зөвтгөх залуу эхнэрээ өмч мэт үзээд байгаагаа ч ойлгоогүй. Түүний Лардьмаг хайрлах харамлах, “зөвхөн минийх шүү” гэсэн бодол нь эцсийн мөч хүртэл салалгүй дагасаар түүнтэй хамт одсон…
…Киног үзэх сайхан байлаа. Эхлэл, өрнөл үйл явдал, нугалаа, тайлал, үзэгчдийн таамгийг эвдсэн найруулагчийн гайхалтай эргүүлэл, төгсгөл нь хүртэл ихийг бодогдуулсан энэ бүтээлийн зохиолыг кино зохилч Д.Төрмөнх бичин найруулагч Ж.Сэнгэдорж найруулсан. Харин найруулагчийн нүдэнд буун дэлгэцнээ амилсан “Лардьма”-ын гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа, топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн, жүжигчин О.Гэрэлсүх нар тоглосон юм.
Киноны зураг авалтыг магтахгүй байхын аргагүй. Лардьмагын дурсамжийн хэсэгт хар цагаан кардууд гэрэл зургийн агшин шиг хөврөөд л. Мөн киноны хөгжим. “Ертөнц” цомгоороо мэргэжлийнхэн болон сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа хөгжмийн зохиолч Г.Ононгийн шинэ аялгуу киног амьдруулахад өөрийн үүргээ мундаг гүйцэтгэсэн. Тэд Лардьмагаар дамжуулан өнөөгийн амьдралын бодит тусгалыг ойлгосон мэт санагдсан. Үнэхээр тийм амьдралыг амьдрал гэж хэлэхгүй гэхдээ “Лардьма” гэж нэрлэсэн болов уу.