УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах үүрэг хүлээсэн юм. Энэхүү даалгаврыг Засгийн газар амжилттай гүйцэтгэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд “Чингис бонд”-ыг арилжаалсан. Харин өчигдөр Монголбанкны дансанд 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Үнэт цаас гаргахын тулд таван орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, зөвшилцсөнөөр 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар тооцож гаргасан.
“Чингис бонд”-ын хэрэгжилтийг танилцуулна
УИХ-ын чуулганы баасан гариг буюу энэ сарын 17-ны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд”-ын талаар мэдээлэл хийнэ. Баасан гариг бүрийн үдээс хойш Засгийн газрын цагтай байдаг бөгөөд “Чингис бонд”-ын хэрэгжилт, захиран зарцуулалт болон үнэт цаас гаргасан бичиг баримтаа таницуулах юм байна. Мөн “Чингис бонд”-ын мөнгөнөөс эхний ээлжинд 85 сая ам.долларыг захиран зарцуулахаар болсныг ч мөн танилцуулах аж.
Ш.ЧИМЭГ