“Firework” дуугаараа дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд танигдсан поп од Кети Перри өнгөрөгч бямба гаригт Лас-Вегас хотод болсон алдарт “The Rolling Stones”-ийн тоглолтонд оролцон уран бүтээлээ хүргэжээ. Тэрээр энэ үеэр нэрт хамтлагийн 1978 онд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан “Beast of Burden” бүтээлийг нь дуулж тоглолтонд хүрэлцэн ирсэн олон мянган сонсогчдод бэлэг барьсан байна.
“The Rolling Stones”-ийн “Beast of Burden” сингл тус хамтлагийнхны 14 дэх цомог “Some Girls”-т багтаж байсан хитүүдийнх нь нэг төдийгүй сонсогчдын хүртээл болсноос хойш тус цомог тухайн үедээ хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлүүдийн тоонд багтаж байсан аж.
Ийнхүү Лас-Вегасын “MGM Grand Garden Arena”-д болсон дэлхийн рокын домог болсон хамтлагийн тоглолтонд оролцсон Кети “Beast of Burden”-ийг дуулсан явдал “The Rolling Stones”-ийн фэнүүдэд сэтгэл догдлом бэлгүүдийн нэг байжээ.
Тэрээр энэхүү тоглолтонд оролцсоны дараа өөрийн твиттертээ олон арван фэнүүдийн талархлын үгтэй жиргээнд дарагдсан гэнэ.
Э.АНХТУЯА