Таван Толгойгоос зүүн чиглэлд төмөр зам барихад 2,5-2,8 сая доллар байна гэдгийг өнөөдөр хүн болгон ойлгосон байх. Албан тушаалтнууд энэ талаар нөгөө алдартай ТЭЗҮ-г хийгдэхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон удаа давтсан. Тэгээд 5 гаруй сая доллар төлж хийлгэсэн тэр баримт нь энэ үнийг баталгаажуулж өгсөн. Эргэлзэх юм байхгүй боллоо гэсэн ойлголтыг энэ нийгэмд хүргэлээ.
1 км төмөр зам барихад ямар үнэтэй болох вэ? Ингээд шууд хариу өгөх хүн олдохгүй байх. Учир нь хаана, ямар нөхцөлд, ямар төмөр зам барих гээд маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нарийвчилсан зураг, хичнээн гүүр, хичнээн инженерийн байгууламж барихаас гадна, ямар стандартыг үндэслэж барих вэ гэдэг асуудлуудыг үндэслэн бодит үнийг гаргаж болно. Ямар ч ТЭЗҮ, зураг төсөл, стандарт байхгүй байхад тэр 2,5 сая долларыг гаргаад ирсэн хүмүүс бол үнэхээр далдыг харж мэддэг хүмүүс байгаа. Дээрээс нь дэлхийн 3 алдартай том компани бас нэг жижиг компанитай нийлээд өндөр үнээр судалгаа хийгээд яг тэр үнийг нь гаргаад ирдэг. Гайхалтай. Монголын зам тээврийн салбарт бараг үзмэрч хүмүүс ажилладаг юм уу гэж бодогдохоор. Гэхдээ ид шид гэж байдаггүй. Энэ үнэ, энэ ТЭЗҮ, өнөөгийн манай төмөр замын байгаа байдал бол яг нэг төлөвлөгөөний салшгүй хэсгүүд.
Нэг. Ногоон ба хүрэн талууд
Төмөр замын үнэ өртгийг тодорхойлоход хамгийн түрүүн “green” or “brown” field гэдэг хүчин зүйлийг авч үздэг. “Ногоон тал” гэдэг нь хот суурин газар, зам, гүүр гэх мэт хүний бий болгосон ямарваа нэгэн саад байхгүй газар зам барих нөхцлийг тодорхойлдог. “Хүрэн тал” гэдэг нь бол хүний бий болгосон зүйлүүдийг тойрох, нэвтлэх, шинээр зохицуулах гэх мэт шаардлагуудтай газар зам барихыг хэлнэ. Яаж ч бодсон Монгол Улсын өмнө хэсэгт төмөр зам барихад бид “ ногоон тал” гэгч нөхцөлтэй учирна гэсэн үг. Улаанбаатар хотыг нэвтэлсэн ахиад нэг төмөр зам барина гээд төсөөлөөд үз дээ. Хэчнээн замын уулзварыг өөрчлөх, хэчнээн хувийн өмчтөнгүүдтэй зохицож асуудал шийдвэрлэх хэрэгтэй болох вэ? Иймд “ногоон тал” гэдэг нөхцөлөөр төмөр зам барих нь хамгийн хямд болдог. Зөвхөн байгалийн саад бэрхшээлтэй учраа олно гэсэн үг. Урт төмөр замын төлөвлөлтөнд “ногоон”, “хүрэн” талууд гэж замаа хуваадаг. Ойлгох бөгөөд төлөвлөхөд хялбар болгох үүднээс.
Хоёр. Газрын өмчлөлийн асуудал
Өнөөдөр газар өмчлөгдөөгүй оронд төмөр зам барихад хамгийн хямд болно. Жишээ нь Европ, АНУ, Япон гэх мэт орнуудад төмөр зам барья гэвэл маш олон хүмүүсийн хувийн эдлэн газраар дайрах болно. Тэр хүн бүрийг шилжүүлэн нүүлгэх , газрыг нь худалдаж авах гээд маш их хөрөнгө орно. Калифорни муж улсын хурдан гал тэрэгний сүлжээ байгуулах ажил нь газрын эздүүдтэй тохирч чадахгүйгээс болоод хойшлогдоод байгаа. 1000 гаруй хүмүүстэй учраа олно гэдэг чинь их мөнгө, их хугацаа орно. Rail Baltica төслийн 545 км төмөр замыг Латвийн нутгаар барихад газар өмчлөлийн асуудалд зориулж 33 сая евро төсөвлөсөн байдаг. Ихэнхи орнуудад улсын болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газруудыг чөлөөлөх эрхзүйн орчин нь байдагч гэсэн хэсэг хүмүүсийн эсэргүүцэл байнга гардаг. Тэгээд цагдаа, цэрэг болоод нэг шийдвэрлэгдэнэ, гэхдээ хугацаа болон мөнгөний асуудал. Аз болж Монголд энэ асуудал байхгүй.
Гурав. Төмөр зам барихад хэцүү орчин
Төмөр замын үнийг шууд өсгөдөг зүйл бол газарзүй болон цаг агаарын нөхцөл. Хамгийн хэцүү нөхцөлийг мөнх цэвдэгтэй газар гэдэг. Дараагийн том асуудал бол тойрох бололцоогүй өндөр уулнууд. Нэвтэлсэн тунель ухна гэдэг чинь тэр төмөр замын өртгийг дээшнэ татна. Бас нэг зовлон бол замд нь таарч болзошгүй гол горхи. Жижиг ч байсан тэр голыг давах гүүр барина. Бас өртөг нь нэмэгдэнэ. Тайга болон модтой газар тавихад бас хэцүү. Хэчнээн мод унагааж зайлуулах хэрэгтэй болох вэ? Намагтай газар бас хэцүү. Элсэн цөл бол дахиад бас асуудал гарна. Хөрсийг тогтворжуулах гэх мэт төмөр замын өртгийг нэмэгдүүлдэг зүйл их байдаг. Аз болж манайд ийм юм байхгүй. Уншигч та төсөөлж байгаа байх. Уул, ус байхгүй, газрыг өмчлөөд авсан хүн гэж байхгүй. Бидэнд бурхан цаанаас нь хямд төмөр зам барих бололцоог өгчээ.
Дөрөв. ТЭЗҮ-ээр тодорхойлогдсон төмөр замын өртөг.
Ингээд мундаг зөвлөх баг ийм судалгаа хийж Монголын Засгийн газарт таницуулав. Харахад бололцооны үнэ гаргаад ирсэн юм шиг харагдаж байна. Яг дундуур нь гаргаад ирсэн үнэ байна. Иймд итгэх бололцоотой юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ гаргасан жагсаалт нь маш их эргэлзээтэй. Ашиглалтанд орсон 4-хөн төмөр зам байгаа биз. Түвд, Австралийн 2, Монголын 1 төмөр замууд.
Ер нь аль ч оронд төрийн оролцоотой барьсан төмөр зам хээл, хахуулийн асуудлыг дагуулдаг. Darwin-Alice Springs төмөр зам барихад төрийн санхүүжилтийг буруу ашигласан гэсэн мэдээ маш их байдаг.
Австралид энэ 1420 км замыг барих гэж 1,2 тэрбум австрали доллар гаргаад огт хүн амьдардаггүй газар барьсан. Тэгээд санхүүжилт нь хүрэхээ байхаар нь 0,5 тэрбум доллар төрийн мөнгө аваачиж хийгээд бидний дуртай концессийн BOOT (барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх) зарчмаар барьж дуусгаад ашиглалтанд оруулж нөгөө барьсан компани нь дампуурсан. Гол санаа нь хойд хэсгээ урд хэсэгтэйгээ хуурай газраар холбоход оршиж байсан. Гэхдээ амьдрал дээр усан онгоцоор зөөх нь хамаагүй хямд байсан учир эдийн засгийн ашиг олохгүй хэд хэдэн том хахууль, төсвийн мөнгийг буруу ашигласан хэрэг дагуулж эцэст нь Австралийн парламент хүрсэн. Гэхдээ манай төмөр замаас хямд болж байгаа.
Дараагийн Австралийн төсөл нь FMC төмөр зам. Бодвол Fortescue Metal Group-ийн тухай ярьж байгаа байх. Гэхдээ тус компани нь маш олон хувийн төмөр замтай учир ямар төмөр замынх нь тухай бичсэнийг мэдэхгүй учир ингээд үлдээхээс өөр арга алга. Хамгийн баримжаатай нь Узбекийн Хайратан-Афганистаны Мазар-и-Шариф хотуудын хооронд барьсан 75 км төмөр зам. Азийн Хөгжлийн банкны бидний оролцдоггүй CAREC-ийн төсөл. Манай нөхцөлийг бодвол уулархаг газар, мөн Узбекистаны талаас техник, машин механизмаа дайчлах гэх мэт асуудлаас гадна төмөр замынхаа эд ангийг нийлүүлэх гэж их асуудал гарсан гэдэг.
Болд Төмөр Ерөө Гол компаний барьсан төмөр замыг 2,2 сая долларт барьсан гэж байна. Яаж ч бодсон Сэлэнгэ аймагт төмөр зам барих нь Дорноговиос үнэтэй байх ёстой. Наад зах нь хөрсний ус, уул, цэвдэг гээд зовлон байна. Тэгэхэд 300 мянган доллараар хямд байна. Миний бодлоор өртөг нь үүнээс хямд байсан байгаа. Хувийн компани төмөр зам бариад хэдэн жилийн дараа улсад шилжүүлэх учир эхнээс нь үнийг нь өсгөх нь зүйтэй хэрэг.
Бас Түвдийн төмөр замын өртгийг дурдсан байгаа. Энд бол ярих юм алга. Энэ чинь төмөр замын техникийн гайхамшиг. Хамгийн өндөр газар барьсан төмөр зам-5072 м, хамгийн өндөрт барьсан тунель, хамгийн өндөрт байрладаг өртөө гэх мэт үнэхээр гайхмаар байгууламж. Дээрээс нь зөвхөн төвдийн бор зээрийн нүүдлийг хэвээр нь байлгах гэж 10 гаруй гүүр нэмж барьсан гэдэг. Энэ зам үнэхээр ийм их өртөгтэй байх нь зөв.
Бусад нь ширэнгэ ой, элсэн цөлд барих төсөл болон талийгаач Каддафигийн эхлүүлсэн ажлууд байгаа. Баригдаж дуусаагүй учир хямд байна, үнэтэй байна гэж дүгнэхэд хэцүү. Гэхдээ манай төмөр замаас хамаагүй хүнд нөхцөлд баригдах замууд.
Дээр үзүүлсэн хүснэгтийн гол зорилго бол 2,5-2,8 сая доллар бол дэлхийд байдаг үнүүдийн дундаж байгаа юм гэдгийг харуулах гэсэн оролдлого. Харамсалтай нь тэр ТЭЗҮ-д нь хичнээн гүүр, хиймэл байгууламж барих нь байхгүй. Хар сүүлт, цагаан зээр, билчээрийн мал яаж төмөр замыг давах талаар ч бас юү ч байхгүй учир энэхүү үнийг яаж гаргасан нь туйлын ойлгомжгүй байна. Гэхдээ яах вэ, учрыг нь олно.
Тав. 2,5-2,8 сая доллар хаанаас гарч ирэв?
Миний бодлоор энэ тоо бол хамгийн сонирхолтой зүйл нь байгаа. Монгол улсын төмөр замын бүтээн байгуулалтанд. Ийм ч учир бүх тооцоо энэ тоог тойрж хийгдсэн. Гэхдээ яаж энэ үнийг гаргаж ирэх вэ гэдгийг мэдэхгүй хүмүүс хийсэн учир их том алдаа гаргасан. Ямар алдаа гаргасан гэдгийг маш сайн дүгнэж үзнэ. Чөтгөр жижиг юмны цаана нуугддаг-The Devil is in details гэж манай нэг улстөрч хэлэх дуртай. Ер нь энэ үг нь бол буруу санаагаа маш нарийн нуусан хүмүүсийн тухайд хэрэглэгддэг. Гэхдээ манай гаргасан үнийг нэг их гэж нуух гэж оролдоогүй. Эсвэл зөвлөх үйлчилгээнийхээ гэрээг нууцлаад, ТЭЗҮ-ээ зөвхөн Засгийн газрын хэрэгцээнд гээд бичвэл болно гэж бодсон байх. Энэ ТЭЗҮ-д яаж энэ үнийг гаргасан тооцоо байхгүй. Зүгээр л тооцож гаргасан гэж байгаа. Төмөр зам барих өртөгийн тодорхойлох их амархан. Хаагуур барих, ямар төмөр барихыг мэдэж байвал. Бид үүнийг мэдэж байгаа учир гаргаж болно. За одоо энэ тоо хаанаас гарч ирсэнийг харья.
Энэ хүснэгтийг нарийн анзаарч үзээрэй. Эхлээд “МТЗ” гэдэг компанид ажиллаж байсан хүмүүс 1 км төмөр замын өртөгийг 1,3 сая долларт тооцжээ. Геополитик ойлгодоггүй хүмүүс байсан бололтой. 2009 онд гаргасан тооцоо. Ийм юм ойлгодоггүй хүмүүсийг солихоос өөр аргагүй. Уншигч та 2009 онд хэн гэж хүн “МТЗ” компанийг удирдаж байгаад хэн гэдэг хүнээр өөрчилсөнийг мэдэх байх. Ядаж тус компаний өмнөх удирдлага мэргэжлийн хүмүүс байсан. Тэр 1,3 сая гэдэг нь маш ханатай харагдаж байна. За яах вэ, дараа нь геополитик болон төмөр замын нууцлалыг ойлгодог хүмүүс гарч ирсэн.
Дараа нь үнэ нь 1,9 сая болсон байгаа юм. Урьдчилсан ТЭЗҮ-ийн шинэчилсэн хувилбар. Хэзээ хэн гэдэг хүмүүс хийсэн юм бэ? Мэдэхгүй. Гол нь сая гаруй доллар нэмэхэд дамжлага болж өгсөн. Тэгээд манай алдартай зөвлөх баг 2,5-2,8 сая доллар болгожээ. Огцом өсөлтийг “дохиолол, шууд бус зардал, нэмэлт болзошгүй зардлуудыг” нэмээд. “Эуфемизм” гэж хэл судлалд нэг ойлголт байдаг. Шууд хэлж болохгүй зүйлийг орлуулах зорилгоор хэрэглэдэг. Бид хахууль өгөхийг “гар хүндрүүлнэ” гэж ярьдагтай адил. Энд “дохиолол, шууд бус зардал, нэмэлт болзошгүй зардлууд” гэдэг нь хувийн сонирхлоо багтаахыг хэлж байгаа юм шиг байна. Тэр 1,3 сая долларын өртөг гаргасан хүмүүс дохиоллын системийг мартсан гэж би үнэхээр бодохгүй байна. Яагаад гэвэл мэргэжлийн хүмүүс байсан учир. За энэ бол цаасан дээр гаргасан 2,5-2,8 сая долларын өртөг. Гэхдээ үүнийхээ задаргааг гаргах хэрэгтэй биз. Энэ бол хамгийн хэцүү хэсэг нь.
Төмөр замын өртгийг гаргахад хийх ажлаа бөгөөд материалын үнээ жагсаах хэрэгтэй. Зам төмрийн үнэ, хэмжээ, төмөр бетон дэрний үнэ, хэмжээ, газар шорооны ажил, дохиолол, инженерийн байгууламжуудын тоо ширхэг, өртөг гэх мэт зүйлүүдээ нэмээд нийт замын уртыг мэдэж байгаа бол 1 км замын үнийг гаргаад ирнэ. Энэ бүх нарийн судалгаа манай зөвлөх багийн гишүүдэд байхгүй байсан учир ерөнхийд нь боджээ.
1. Арифметикийн аргачлал буюу хүссэн тоог хиймлээр гаргах нь
Гэхдээ үүнээс өмнө жаахан аргачлалын тухай ярья. Уг нь төмөр замын бүтээн байгуулалтанд “interoperability” гэдэг ойлголт маш чухал. Гол санаа нь нэг улсад юм уу, хөрш зэргэлдээ орнуудад барьсан төмөр зам, хөдлөх бүрэлдхүүн, дохиоллын систем гэх зүйлүүд нь хоорондоо уялдаатай байвал төмөр замын менежмент, тээвэрлэлтийг маш хялбар болгодог. Адилхан ангилалын замтай, ижил тэнхлэгийн даацтай вагон ашиглах нь маш чухал. Гэхдээ манай ТЭЗҮ-ийг жинхэнэ олон улсад нэр хүндтэй компаниуд гүйцэтгэсэн учир хөгшин Европын төмөр замын хөгжил дээр үндэслэж хийсэн Лозанн хотын Политехникийн сургуулийн профессор Баумгартнерийн (J.P.Baumgartner) судалгааг үзье. ОХУ улсын төмөр зам барих аргачлал, өртөг тооцох заавруудыг үзэж болох байсан. Гэхдээ дэлхийн стандарт л бол дэлхийн стандарт шүү. Энэ судалгаанд бүх зардлыг 1 км төмөр замд сая еврогоор дунджаар нь бодож, тооцож гаргасан байгаа. ТЭЗҮ боловсруулах зардалыг 1 км хуваахад 1000 евро болдог. 1800 км замын ТЭЗҮ хийлгэхэд 1.8 сая сая евро болно гэсэн үг. Зураг төсөл –нийт төсвийн 1 хувь. Манай 5 тэрбумын зам бариулахад 50 сая евро. Төмөр зам барих газарзүйн нөхцлөөр хялбар, дунд зэрэг, хүнд гэдэг 3 ангилал гаргаад Европод хялбар нөхцөлд 1 км төмөр зам барихад 2 сая евро болно гэж тооцож гаргасан байгаа. Гэхдээ энэ өртөгт бүх төмөр замын бүтээн байгуулалт орсон байгаа. Хүн амын нягтралаас хамаараад 1 км2 1000 хүн амьдардаг бол төмөр замын өртөгийн км тутам 10 сая евро нэмэгдэгддэг. Энэ бол Европ.
1 км төмөр зам барих өртөгийг маш хялбар ойлгож болно. 30%-бараа материал, 30%-газар шорооны ажил, 30%-инженерийн байгууламж, 10%-бусад зардал. Одоо та нарын эсвэл инээд хүрнэ, эсвэл уур хүрнэ.
За одоо энэ төсвийг нарийн харья. Зам нь 398 сая болж байна. Гүүр хоолой нь 1,161 тэрбум. Бас ахиад гүүр 212 сая, бас өөр төрлийн барилга байгууламж 279 сая. Газар шорооны ажил нь 641 сая. Шууд бус болон болзошгүй зардлууд нь 1,3 тэрбум.
Дорноговь, Сүхбаатар аймгуудад үлдсэн цагаан зээр болгонд нэрийн гарц барьж өгөхгүй бол ийм их зардал гарахгүй. За тэгээд яаж дүгнэх ээ та өөрөө мэдэж дээ.
За одоо ОХУ-ын “Стройкомплект” гаргасан 1 км замын материалын тооцоог харья.
Приблизительная стоимость материалов:
Расчет стоимости 1 км. пути на новой ж.б. шпале, Рельсах Р-65 новых и новых | |||||
Наименование | Количество деталей | Масса, тн | Цена с НДС, руб | Сумма, руб |
|
Шпала железобетоная | 1840 | 441,6 | 1700 | 3 128 000 |
|
Рельсы Р-65 25 м, Т1 новые | 80 | 129,44 | 35 000 | 4 530 400 |
|
Прокладка под Рельс | 3680 | 0,92 | 17 | 62 560 |
|
Подкладка КБ-65 | 3680 | 25,208 | 36000 | 907 488 |
|
Прокладка под КБ ЦП | 3680 | 2,355 | 24 | 88 320 |
|
Болт закладной в сборе | 7360 | 6,227 | 58 000 | 361 166 |
|
Втулка изолирующая | 7360 | 0,294 | 4,8 | 35 330 |
|
Шайба плоская | 7360 | 0,294 | 4,8 | 35 330 |
|
Болт клеммный в сборе | 7360 | 4,195 | 50 000 | 209 750 |
|
Клемма ПК | 7360 | 4,858 | 44000 | 213 750 |
|
Накладка 1Р-65 | 160 | 4,72 | 34000 | 160 480 |
|
Болт М-27 с гайкой и шайбой | 480 | 0,544 | 60000 | 32 640 |
|
Щебень известковый | 2000 м3 | 3400 | 1000 | 2 000 000 |
|
ИТОГО |
|
|
| 11 765 214 |
|
|
12 сая рубль гэдэг чинь 400 мянган доллар болж байна. Тээвэрлэнэ, угсрана, газар шорооны ажил гээд 1 км төмөр зам нь 1,5 сая доллар хүрэх үү? Монголын өмнө хэсэгт төмөр зам барихад маш нам далан барьсан нь дээр гэдэг. Учир нь элс, шороо нь даваад явдаг. Тэгээд далан овоолохоос шороо ухах нь хямд гэдгийг ойлгох биз дээ.
2. Төмөр замын оньсого буюу жинхэнэ геополитикчийн тодорхойлолт
Дээр та яаж 2,5-2,8 сая болгосон хүснэгтийг санаж байгаа байх. Хамгийн үнэтэй тооцоо хийсэн нь Солонгосын ТЗ-ын консорциум байгаа биз. 3 сая. За одоо манай нууцлагдсан төмөр замын гүйцэтгэгчээр хэн тодрох бол? Таа даа. Зүйтэй. Солонгосын компани. Хэнтэй хамгийн их нууц, далд гэрээ байгууллаа. Мөн адил Солонгос найз нартайгаа. Ийм учир нууцлах юм байдаг байлгүй дээ.
Сүүлийн үед жинхэнэ геополитикч гэдгийг яаж тодорхойлох вэ гэж боддог боллоо. Өөрөө сайн ойлгохгүй учир. Нэг санал байна. Төмөр зам барихад 2,5-2,8 сая доллар хэрэгтэй гэдгийг ойлгосон хүмүүсийг эх оронч, геополитикч гэж нэрлэх үү?
3. Бяцхан мөрөөдөл.
Би хувь хүний хувьд, ямарваа нэгэн судалгаа хийгээд хэдэн төгрөг аваад (0.8 сая америк доллар), миний бичсэн зүйлийг хэн нэг нь шүүмжилсэн бол нэрээ хамгаалах гээд гүйж явах байсан. Тэгээд инээдтэй ТЭЗҮ хийлцсэн хүмүүс чимээгүй байх юм. Чи юм ойлгохгүй байна гээд над руу дайрч эхэлж байна гэж хааяа мөрөөдөх юм. За тэр биелэхгүй мөрөөдөл ч яах вэ. Дараагийн сэдэвт бид яаж 50 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн түүх болон түүний гол оролцогчдын тухай өгүүлнэ.