Багшийн хөгжил хамгаас чухал

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Багшийн хөгжил хамгаас чухал

Монгол судлалын сургуулийн захирал, гавьяат багш, доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-БШУЯ-наас “Багш хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр зориод нэг хичээлийн жил дуусч байна. Өнгөрсөн хугацаанд багш  руу чиглэсэн үйл ажиллагаа нэлээд явагдлаа. Та өөрөө багш хүний хувьд энэ хөтөлбөрийн үр дүнг юу гэж харж байна?

-Аливаа нийгмийн шинэчлэлийн гол ноён нуруу нь  боловсролын шинэчлэл байдаг. Яагаад гэхээр боловсролтой, оюуны өндөр чадвартай хүн бол  нийгмийн шавхагдашгүй их нөөцтэй уурхай юм. Тиймээс боловсролыг дээдлэх ажил аль ч нийгмийн төрийн бодлогын тэргүүн эгнээнд байдаг зүйл. Манай төр засаг ч  боловсролын талаар багагүй бодлого хэрэгжүүлж анхаарч ирсэн. Гэхдээ  эдийн засаг  санхүүгийн хувьд голлон анхаарахаас уламжлал, залгамж холбооны хувьд анхаарч байсангүй. Нэг засгийн газар гарч ирээд л  агуулга шинэчилдэг. Нөгөө нь гарч ирээд сонгодог боловсрол гээд гадаадын юм хуулбарлаж авчраад хамгийн гол юмруугаа чиглэж өгдөггүй байсан. Харин шинэчлэлийн гэгдэх засгийн газар  гарч ирээд  энэ хичээлийн жилд маш чухал  бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Боловсролыг хөдөлгөгч  гол хүч нь багш. Тиймээс багш руу  чиглэсэн олон үйл ажиллагаа явагдаж эхэлсэн нь  олон жил багшилсан   над шиг хүнд нааштай тусч,  их зөв бодлого боллоо гэж баярлаж сууна. Яагаад  зөв бэ  гэхээр боловсролын чанар хүртээмж түүний үр өгөөж, хүлээгдэж байгаа үр дүнг хэрэгжүүлэхэд багшийг л хөгжүүлэх ёстой. Багшийн хөгжил хамгаас чухал гэдгийг шинэ засгийн газар харж хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Тухайлбал,  багшийн хөгжилд анхаарахдаа багш бэлтгэдэг сургуульд сурч байгаа оюутнуудын чадвар дээшлүүлэхэд онцгой анхаарч байна. Манай багш бэлтгэдэг  сургуулиуд дээр  энэ хичээлийн жилээс эхлээд элсэгчдийн чанарыг сайжруулах шинэчлэл явагдаж байна. Элсэгчдийн чанар сайжирч байж сайн хүн орж ирнэ. Ялангуяа ерөнхиий боловсролын дунд сургуульд сурч байгаа  багш болох  сонирхол, авьяастай хүүхдүүдийг судалж элсүүлэх нь илүү үр дүнтэй. Мөн өнөө жилийн элсэлтээс өндөр оноотой  хүүхдүүдийг улсын  тэтгэмжээр сургах нэмэлт  дэмжлэг үзүүлэх тухай яригдаж байна. Түүнчлэн багшлах дадлагыг сайжруулахаар энэ хавар Багшийн сургуулийн 100 оюутныг хөдөө орон нутагт цалинтай дадлага хийлгэлээ. Сая тайлан хамгаалахад манай оюутнууд үр дүнтэй дадлага болсон талаар ам уралдан ярьж байна.Энэ мэт нэлээд дорвитой, өгөөжтэй ажлууд  хийж байна.  Энэ бол том шинэчлэл. Мөн технологийн шинэчлэл хийхэд анхаарч байгаа явдал бол цаашдаа ахиц гарна.  Шат дараатай хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байгаа нь үр дүн гарна гэж би харж байна.   

-МУБИС-д  600-аас дээш  оноотой хүүхэд саналаараа элсэх юм бол төлбөрийг 100 хувь төрөөс даана гэдэг үнэн үү?

-Ер нь манай элсэлтийн шинэ журмаар  багш бэлтгэдэг сургуульд элсэж буй өндөр оноотой хүүхдүүдэд  хөнгөлөлт үзүүлэх тухай  ярьж  байна.  700-аас дээш оноотой хүн багш мэргэжлээр суралцах юм бол сургалтын төлбөрийн нэлээд хувийг хөнгөлнө  гэсэн. Ер нь бол 700 оноотой хүүхэд манай багш мэргэжлийн сургуульд ордоггүй байлаа. Үүнээс гадна багшийн сургуульд анхаармаар нэг зүйл бол хүйсийн тэнцвэрт  байдал.  Монгол хэл нийгэм хүмүүнлэгийн салбарын хүүхдүүдийн 90 гаруй нь эмэгтэй. 40 хүүхэдтэй  ангид 2 эрэгтэй байвал их юм болчихоод байна. 1960-аад оноос эхлээд гайгүй гэсэн эрэгтэй багш нарыг дарга болгосноос үүдэлтэй боловсролын салбарт хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан юм. Тиймээс Багшийн сургуульд элссэн эрэгтэй хүүхдэд   бас тодорхой хэмжээний  хөнгөлөлт үзүүлэх тухай мөн ярьж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенийхээ  дэргэд байж л  эрүүл сайхан харьцаатай байдаг. Тиймээс манай салбар хүйсийн тэнцвэрт байдалд шилжвэл эрүүл өөдрөг хөгжинө гэж харж байгаа. Дахин хэлэхэд,  боловсролын шинэчлэлийн ноён нуруу багшийн хөгжил байх ёстой. Багш хөгжиж байж хүүхэд хөгжинө. Мөн багш  бэлтгэдэг сургуульд суралцагчид нь чанартай сурч байж  чанар нь  сайжирна.

-Энэ жил багш нарыг олон давтамжтай сургалтад хамруулах шиг боллоо. Ингэснээр багшийн хөгжилд ахиц гарах болов уу. Дэмий зүйлд мөнгө зарлаа гэсэн яриа бас гараад байгаа л даа?

-Багш нарыг 5-10 жилээр мэргэжил дээшлүүлдэг тогтолцоо бас шинэчлэгдлээ. Энэ тогтолцооны агуулгыг бас шинэчилж байна. Би саяхан Ховд аймагт 10-15 жил ажилласан монгол хэл, уран зохиолын багш нарын сургалтад яваад ирлээ. Тэрхүү сургалтын агуулга нь технологийн шинэчлэл рүү анхаарч байгаагаараа онцлог болсон. Өмнө нь  мэдлэгт тулгуурсан зүгээр л мэргэжил дээшлүүлэх зорилготой, хоорондоо уялдаа холбоо багатай сургалт явж байжээ гэсэн дүгнэлт тэндээс хийсэн. Харин одоо  бол хүүхэд нэг бүртэй  яаж ажиллах вэ, хүүхэд   нэг бүрийн авьяас, сонирхол дээр хэрхэн тулгуурлах вэ гэдэг технологийн шинэчлэлд чиглэсэн сургалт явагдаж байна. Энэ маш чухал. Би ч гэсэн  өмнө нь агуулгын шинэчлэл гээд л  багш нарт илтгэл тавьдаг байсан.  Одоо бол монгол хэлний  боловсрол олгохдоо  ярих, бичих, унших, сонсох чадварт яаж хүргэх  вэ гэдэгт чиглэсэн сургалтыг багш нар илүү хүлээж авч байна. Энэ бол шинэчлэлийн их чухал зүйл гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар БШУ-ны сайд түүний баг  багш руу чиглээд тодорхой үйл  ажиллагаа явуулж, шинэчлэлийг хийхдээ, ирээдүйд өгөөжөө өгөх хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийж чадаж байна. Багш нарыг  5-10 жилийн давтамжтай сургах нь маш  ач холбогдолтой. Аливаа шинэчлэл 100 хувь хүнийг сэтгэлд нийцнэ гэж байхгүй.  Баруун, зүүн, төвийн  бүсчилсэн олон сургалт боллоо. Ихэнх нь сургалтын агуулгад сэтгэл хангалуун байна. Багшийн хөгжилд анхаарсан энэ сургалтыг эсэргүүцэж байгаа  бол тэр хүмүүст сэтгэлгээний хоцрогдол нөлөөлж байна. Багш хүнд сэтгэлгээний хоцрогдол гэдэг юм байвал, мэргэжил дээшлүүлэх байтугай шинэ юманд дасах чадвар ч байхгүй гэсэн үг. Тиймээс л  би багш нарт сэтгэлгээгээ шинэчлэх хэрэгтэй гэж хэлдэг юм. Ер нь ямарваа  шинэчлэл явагдаж байхад бид  ирээдүйн чиг хандлага руу жаахан урагшаа харж хандахгүй бол “Өмнө нь  болж байсан юм”  гээд хойш суугаад байвал өөрчлөгдөхгүй.

-Тэгэхээр багшийн хөгжлийн хөтөлбөр бол таны хувьд хүсч хүлээж байсан зүйл байх нь ээ?

-Олон жил энэ салбарт  сэтгэл зүрхээ өгч ажиласан хүний хувьд би боловсролын бодлого,  төрийн бодлого гэдэг 4 жил болоод өөрчлөгддөг дэгэн догонтой битгий байгаасай гэж боддог. Ямарч засаг төр гарч ирсэн Монгол үндэстний өөрийн хөрсөнд буусан бодлоготой, залгамж халаатай явах ёстой.  Нэг засгийн газар гарч ирээд гадаадаас хуулсан бодлого хүчээр буулгах биш монголдоо үүнийг яаж  тохируулах вэ гэдэг уламжлал шинэчлэлтэйгээ сайн холбож байгаасай.  Багшийн хөгжлийн хөтөлбөр үнэхээр чухал. Миний хувьд хүсэн хүлээж байсан зүйл. Багш л шинэчлэгдэхгүй  бол төрийн бодлого хичнээн сайн байгаад  шинэчлэгдэхгүй. Тиймээс би  шинэ засгийн газраас явуулж байгаа Багш  хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж хүлээж авч байгаа. Манай боловсролын хөтөлбөрийн  агуулга  бол  их болохоо байчихсан зүйл  биш. Академик боловсрол тухайн цаг үедээ хэрэгтэй чухал боловсрол байсан. Монголчууд өнгөрсөн 70 жилд шинжлэх ухааны мэдлэг харьцангуй өндөртэй  болчихсон. Гагцхүү тэр мэдлэг нь хэрэглээн дээрээ буудаггүй, мэдлэг суурилсан боловсрол ноёлж ирсэн. Одоо чадварт  төлөвшиж шинэчлэл хийдэг  боловсрол хэрэгтэй байгаа. Багш сайжирвал боловсролын үйл ажиллагаа сайжирна. Багш сайжрахын тулд технологи сайжрах ёстой.  Технологи сайжирна гэдэг хүн болгонтой ажилладаг, хүүхдийн авьяас сонирхолд таарсан боловсрол өгдөг тогтолцоо бий болно.  Эхлэл нь тавигдаж байна гэж ойлгож байна. Багш бүр  өөрийнхөө арга зүйд тохирсон технологио л боловсруулж  гаргах хэрэгтэй.

-Багшид эрхийг өгөх, багш юу заахаа өөрөө шийднэ гэж байна.Үүнийг сайн болоод сөрөг тал нь юу вэ?

-Боловсрол чинь агуулга, үнэлгээ, орчин гэдэг гурван юмыг л стандартчлах ёстой. Стандарт гэдэг бол зайлшгүй эзэмшүүлбэл зохих жишиг  шалгуур юм. Тиймээс 2005 оноос  бид агуулга үнэлгээний стандартыг мөрдөж эхэлсэн. Бидний анх хийсэн тэрхүү агуулга үнэлгээний стандарт  өнөөдөр чанарын шаардлага хангахгүй байгаа учраас стандартыг шинэчилж байна. Үзэл баримтлалд ч  бас шинэчлэл оруулж байна. Гэхдээ цоо шинэ үзэл баримтлал гаргахгүй, урд байгаа зүйл дээрээ тулгуурласан үзэл баримтлал байна. Үүний дараа орчны стандарт шинэчлэгдэн  гаргах ёстой. Энэ гурван стандарт гарч байж боловсролын бодлого тодорхой жишигт хүрсэн шалгууртай болно гэж бид боддог. Тэрний үндсэн  дээр стандарт  дээрээ тохирсон  үндэсний хөтөлбөр гарна. Тэрхүү үндэсний хөтөлбөр дээр тулгуурласан сургалт  явуулах ёстой. Үндэсний хөтөлбөрөө тодорхой болгоод өгчихөөр орон нутгууд,  тухайн сургуулийн онцлогт тохирсон агуулгыг нээлттэй хийж болно. Гэхдээ үндсэний  хөтөлбөрийг баримжаалсан байх ёстой. Багш нарт эрх мэдлийг өгсөн ч  үндэсний хөтөлбөрийн шалгуур, стандарт заавал байх ёстой гэж би боддог. Ер нь тэгж л хийгдэх байх.

-Энэ жил бас сурах бичиг шинэчлэх тухай яригдаж байна.  Эрдэмтдээс гадна эцэг,  эхийн төлөөлөл, хөндлөнгийн хүмүүсийг саналыг авч ажиллана гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Боловсролын агуулга үнэлгээг хэрэгжүүлдэг гол хэрэглэгдэхүүн бол сурах бичиг. Сураг бичиг дээр энэ жилээс эхлээд мөн шинэчлэл явагдаж байна. Энэ бас их чухал зүйл. Хүүхдийн  сурах бичиг,  багшийн ном гэсэн хоёрчухал баримт бичиг гарах гэж байна. Хуучин ганц сурах бичиг гараад багш нь ч хэрэглэдэг, сурагч нь ч хэрэглэдэг байсан. Одоо бол  багшид зориулсан тусгай аргачлалтай ном хийж байна.  Мөн  сурах бичгийг ганц редактор уншаад гаргадаг байсан бол одоо сурах  бичиг бичигдэх явцад  мэргэжил арга зүйн зөвлөл гэж ажиллаж байна.  Мэргэжил арга зүйн зөвлөл гэдэг нь мэргэжлийн судлаачдын баг юм. Агуулгын редактараас гадна өнөө жил  сурах бичигийн зохиогчдод тавьж байгаа нэг том шинэчлэл бол  сонирхлын бүлгүүдээр уншуулж байгаа явдал. Сонирхлын бүлэг  гэдэг нь эцэг, эх хэрэглэгч хүмүүс бөгөөд тэд сурах бичгийг хэвлэгдэхээс өмнө  уншиж ямар алдаа дутагдал байсан саналаа хэлэх боломжтой болж байгаа юм. Сонирхлын бүлгээр уншуулна гэдэг их чухал. Энэ жил нэлээд олон шат дамжлдага дамжиж байж нэлээд чанартай сурах бичиг гарах болов уу гэсэн бодол байна.

-Бүх ангийн сурах бичиг  шинэчлэгдэх үү?

-Энэ жил зургаа, арваннэгдүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байгаа.  Бусад сурах бичиг одоо хэрэглэгдэж байгаа дээрээ шинэчлэх талаар баг цаашдаа  анхаарах л байх.

-Ирэх хичээлийн жилээс ЕБС арванхоёр жилийн тогтолцоонд бүрэн шилжинэ. Гэтэл зарим  хүмүүс зургаан настнуудыг сургуульд суулгахыг төдийлөн дэмжихгүй, ачаалал их байгаа тухай гомдоллодог. Зургаан настнуудын  хичээлийн программ өөрчлөгдөх үү?

-Би бодлого шийдвэрийг  гүйцэтгэгч ажилтан учраас сайн мэдэхгүй байна.  Одоо бага ангийн сургалтаас эхлээд үзэл баримтлал хэрэгжүүлэх баг бүрдээд  ажиллаж байгаа. Ирэх жилээс дунд,  суурь боловсрол гээд үе  шаттай үргэлжлээд явах байх. Ирэх хичээлийн жилд бага боловсролд мэдэгдэхүйц шинэчлэл хийгдэнэ гэж бодож байгаа. Яагаад гэхээр  шинэ агуулга стандарт, үзэл баримтлалыг бага боловсролоос эхлээд хэрэгжүүлж байна.  Зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид  элсүүлээд хэдэн жил өнгөрлөө. Үүн дээр одоо дүгнэлт хийх боломжтой болчихсон. Ер нь судалгаа хийгдчихсэн байгаа байх. Үүн дээрээ тулгуурлаад сургалтын агуулга арга зүйг шинэчлэгдэнэ гэж бодож байна. Ялангуяа технологийн шинэчлэлд хүүхдийг бага наснаас нь эхэлж ярих, бичих, унших, сонсох үгийн баялаг нэмэгдүүлэх арга зүйг туршиж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын 2013 оны 37-р тогтоолд тусгасан. Манай монгол хэл дээр ийм  онцгой заалт орсон. Энэ бол их том алхам. Үүнийг хэрэгжүүлэх ёстой.

Эх сурвалж:”ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж