
Чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан үндэслэл нь нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байх үед Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Шадар сайд нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой юм байна. Нөгөөтэйгүүр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсөвт хийсэн аудитын дүнгээр олон санхүүгийн зөрчил дутагдал илэрчээ. Тухайлбал, 2009 онд төсвийн орлогын төлөвлөгөө 189.5 тэрбум төгрөгөөр тасарчээ. Орлогын төлөвлөгөө тасархад нөлөөлсөн гол хүчин зүйл нь буюу 90 орчим хувийг татварын орлогын тасалдал эзэлж байгаа аж. Тухайлбал, дээрх онд 24510 аж ахуйн нэгж үйл ажиллаа явуулаагүй буюу алдагдалтай ажилласан гэсэн санхүүгийн тайланг татварын газарт гаргаж өгчээ. Мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 806 сая төгрөг, Монголын хөрөнгийн бирж 27 сая төгрөг, Монгол шуудан банк 125 сая төгрөгийг тус бүр татварын орлогод төвлөрүүлээгүй. Монголбанк цэвэр ашгаасаа мөн оруулаагүй болохыг Үндэсний аудтиын газрын дарга тайландаа дурдсан юм.
Нэгдсэн төсөвт хийсэн аудитын дүнгээр олон зөрчил дутагдал илэрсэн байгаа тул эл асуудалтай холбогдуулж, бараг бүх гишүүн асуулт тавихаар кноп дараад буй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхээр тэд хариултаа авна.
Г.Дарь