“Чингис” бондын эхний санхүүжилтийг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

“Чингис” бондын эхний санхүүжилтийг шийдвэрлэлээ

Олон улсын зах зээлд амжилттай босгосон 1,5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн эхлэл болох санхүүжилтийн гэрээг өчигдөр үзэглэсэн байна. Тодруулбал, “Шинэ төмөр зам", нийслэлийн дэд бүтцийг сайжруулах "Гудамж" төсөл, Тавантолгой уурхайд цахилгаан станц барьж байгуулах төслүүдийн эхний ээлжийн санхүүжилтэд шаардлагатай 85 сая ам.долларын эх үүсвэрийг өчигдөр шийдвэрлэжээ. Гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар болон холбогдох газруудын төлөөлөгчид гарын үсэг зурснаар их бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой боллоо.

Эхний ээлжийн санхүүжилтээр Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын шугам тавиж, Тавантолгой уурхайд түшиглэн жилд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьснаар Тавантолгой болон Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх ажээ. Харин "Гудамж" төслийн хүрээнд нийслэлд 60 км урттай хурдны зам тавьж, 30 гаруй "Т" хэлбэрийн уулзварыг зассанаар замын түгжрэлийн асуудлыг бүрмөсөн шийдэх боломжтой гэж албаныхан үзэж байна.

Төмөр замын шинэ шугам ашиглалтад орсноор Оюутолгой орд, Тавантолгойн нүүрсний сав газрын экспортын тээвэрлэлтийн асуудал бүрэн шийдэгдэж, валютын орлого нэмэгдэхийн зэрэгцээ Өмнийн говьд тулгараад буй нүүрсний тээврээс үүдэлтэй тоосжилтийг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой ажээ. Шинэ төмөр замын төсөл нь мөн Тавантолгой ордын зах зээлийн үнэлгээг өсгөж, Монгол Улсын иргэн бүрийн эзэмшиж буй 1076 ширхэг хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой гэгдэж буй.

Чингис бондын хөрөнгөөр ийнхүү эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий дэд бүтэц, аж үйлдвэржилтийн төслүүдийн санхүүжүүлтийг шийдвэрлэснээр улс орон даяар бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж, манай орон цаашид ч эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалах нөхцөл бүрдэж буйг албаныхан онцолсон юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж