Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын БНСУ‑д хийж буй ажлын айлчлал өчигдөр албан ёсоор эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өчигдөр БНСУ‑ын Үндэсний ассамблейн Байгаль орчны хөдөлмөрийн байнгын хорооны дэд дарга Ким Сан Тэ‑тэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар талууд БНСУ‑д хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар нь БНСУ‑д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээ эх орондоо ирж бизнес эрхлэх бол хөнгөлөлттэй зээл олгох бодлого барьж ажиллах болсныг сайд Я.Санжмятав онцлов. Мөн БНСУ‑аас Монгол Улс руу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зорилгоор тоног төхөөрөмж импортолбол Гаалийн болон Онцгой албан татварын хөнгөлөлт эдлүүлэх таатай боломж бүрдсэн болохыг хэлсэн юм. Энэхүү татварын хөнгөлөлтийг Монгол, Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд эдлэх бололцоотой. Дээрх бодлогын дүнд Монгол Улсад шинэ технологи, шинэ ноу хау нутагшиж жижиг, дунд үйлдвэрлэл амжилттай хөгжих төдийгүй монгол хүн бүр ажилтай, орлоготой болж, түүнийгээ дагаад эдийн засаг өргөжин тэлэх таатай боломж бүрдэнэ хэмээн Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа аж. Нөгөөтэйгүүр, монголчуудын хувьд гадаад оронд ажиллаж, хөдөлмөрлөх бус эх орондоо бизнесээ эрхэлж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд чиглэжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын зүгээс тавьсан хоёр дахь асуудал нь БНСУ‑д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд уян хатан хандахыг хүслээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаад оронд хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ татаж авах бодлогыг барьж ажиллана. Ингэхдээ тэдгээрийг эх орондоо ирж хөдөлмөр эрхлэх таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ийм орчин бүрдтэл монгол иргэдэд нааштайгаар хандаж, эх орон руу нь албадан нутаг буцаах зэргээр хандахгүй байхыг хүссэн юм. Мөн БНСУ‑д барилга, авто зам зэрэг салбарт олон жил ажилласан монгол ажилчдад холбогдох газраас нь мэргэжлийн үнэмлэх олгох боломжийг судлах хүсэлтийг тавилаа. Солонгосын талаас монгол ажилчдад мэргэжлийн үнэмлэх олгочихвол эргээд эх орондоо ажил хөдөлмөр эрхлэхэд тухайн мэргэжлээрээ шууд ажилд зуучлагдан очих боломжтой болно. Энэ нь Монголын Ажил олгогч нарын зүгээс тавьж байгаа мэргэшсэн мэргэжилтэй ажилтан шаардах болсон нөхцөлд эх орноосоо олон жил гадаад оронд амьдарсан монгол иргэдийн хувьд Монголдоо очоод хөдөлмөр эрхлэхэд мэргэжлийн үнэмлэхээ үзүүлээд шууд ажилд орох боломжийг бас нээж өгөх юм.
БНСУ‑ын Үндэсний ассамблейн Байгаль орчны хөдөлмөрийн байнгын хорооны дэд дарга Ким Сан Тэ дээрх асуудалд хариу болгож “Солонгос технологийг Монгол нутагт нутагшуулснаар Монгол Улсын эдийн засаг сайжрах сайн үр дүн дагуулна. Цаашдаа хоёр улсын хамтын Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан эдгээр асуудлыг ажил хэрэг болгоход чадах бүхнээ хийж идэвхитэй оролцох болно” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар БНСУ‑д 27 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна гэх судалгаа бий аж. Чингэхдээ гадаад оронд Монгол Улсын 120 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн хамгийн их нь буюу 27 мянга нь БНСУ‑д хамаардаг байна.
Хөрөнгийн дэмжлэг үзүүлбэл Монголдоо бизнес эрхэлнэ
Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр монгол иргэд ажилладаг Сөүл хотын Гёнги ду Ражу хот дахь “Ёнем шигпүн” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт 40 тонн кимчи үйлдвэрлэдэг тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ гадаадын 20 гаруй орон руу экспортолдог байна. Энэ үйлдвэрт дөрвөн монгол залуу ажиллаж байгаа юм. Өдөрт 12 цагаар ажилладаг, нэг сарын цалин нь 2 сая вонн. Монголдоо очоод кимчины үйлдвэр байгуулах хэтийн зорилго бий. Гол нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай. Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудаа эх орондоо очоод бизнес эрхлэх бол хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн учраас энэ талаар маргааш болох өдөрлөг дээр очиж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна гэдгийг тус үйлдвэрт ажиллаж байгаа Г.Амарбаясгалан хэллээ.
Монгол залуучуудын хувьд бизнесийн гараагаа эхлэхэд нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгож дэмжлэг үзүүлбэл заавал хүний нутагт ажиллаж, амьдрах шаардлагагүй. Ер нь Солонгост урт цагаар ажилладаг нь нэг талдаа хурдхан мөнгөтэй болоод эх орон руугаа буцахыг хүсдэгтэй холбоотой гэж байв.
Айлчлалын хүрээнд маргааш БНСУ дахь монголчуудыг оролцуулсан “Эх орондоо баялгийг бүтээцгээе” уриан дор өдөрлөг зохион байгуулагдах бол ирэх даваа гаригт Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав БНСУ‑ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдтай уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ‑ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Айлчлал үргэлжилж байна.