-УИХ-ын хоёр гишүүн тангараг өргөх асуудалд МАН-ын зүгээс Д.Зоригт гишүүнийг тангараг өргөх ёсгүй хэмээн шүүмжилж байсан?
-2012 оны УИХ-ын сонгууль болсноос хойш бараг бүтэн жил болж байна. УИХ өнөөдөр 76 гишүүнтэй болж, элэг бүтэн болж байна. Чуулганы хуралдааны үеэр МАН-ын гишүүдийн ярьсан зүйлүүд сонгуулийн шинэ хуулиас улбаатай. 2008 оны сонгуулийн үр дүнд үймээн дэгдэж, таван хүн амь насаа алдсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулийг тэр таван хүний амь нас, үймээн самуунаас сургамжилж баталсан. Шинэ хуульд УИХ-ын гишүүн, нэр дэвшигч алдаа гаргасан бол нэр дэвшүүлэхгүй байх, гишүүн болсон ч эргүүлэн татах заалт нэлээд олон бий. 2008 онд гишүүнийг эргүүлэн татах, нэр дэвшигчийг түдгэлзүүлэх гурван заалт байсан бол 2012 оны хуульд 35 орчим заалт бий. Тэгэхээр 2012 оны сонгуулийн өмнө баталсан хууль их хатуу хууль. Нэг л алдаа гаргасан бол жагсаалтаас хасч, гишүүнээс эргүүлэн татах зарчимтай. Өвөрхангай аймагт нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хассан заалт нь 2008 онд хэрэгжиж байсан сонгуулийн хуульд хууль зөрчсөн гэж тусгасан байсан заалт. Энэ заалт нь 2012 оны сонгуулийн хуульд туссан. Тодруулбал, 2008 оны сонгуулиар МАХН-ын нэр дэвшигч хүүхэд тэвэрч байгаад хүүхэд бүрт 21 мянган төгрөг өгөх тухай ярьж санал авч байсан учраас хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан бол шууд хасдаг заалт юм. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хувьд насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан учраас СЕХ шийдвэрээ гаргасан /УИХ-ын сонгуулийн хуулийн 35,15 35,18-ын заалтууд/ юм. Ингэж хуульчилж оруулсан нь төр өөрийгөө цэвэрлэж авахын зэрэгцээ санал худалдаж авах байдлыг таслан зогсоох гэсэн арга. Ийм жишгээр УИХ бүрдсэн, энэ заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ч мөн тусгасан.
-УИХ 76-уулаа болсон. Гэвч Увс аймгийн хоёр гишүүнийг эргүүлэн татна, татахгүй гэсэн маргаан үүсээд буй. Энэ асуудлыг хэзээ нэг тийш нь шийдвэрлэх вэ?
-Увс аймгийн нэр дэвшигчдийн хувьд шүүхийн процесс дуусаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шат шатандаа асуудал хэлэлцэгдэж байна. Тухайн маргаан бол мөнгө арав нугалж өгдөг заалтыг зөрчсөн. Хуульд зааснаар мөнгө тараасан бол мөнгийг арав нугалж төлнө гэсний дагуу 13 иргэнд 100 мянган төгрөгийг 10 нугалж төлүүлсэн. Эрүүгийн хэрэг нь дуусахаар СЕХ шийдвэрээ гаргах байх. Мөнгө тараавал 10 нугална гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд 20 нугалж төлөхөөр заасан. Тэгэхээр хуулиа дээдлэх хэрэгтэй гэдгийг энэ явдлууд харуулж байна. Хууль зөрчсөн бол түүнийг нь шүүх хэлэлцээд шийдвэр гаргах учиртай.