Мэдээллийн хэрэгсэл цөөн компанид төвлөрчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

Мэдээллийн хэрэгсэл цөөн компанид төвлөрчээ

Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр гаргадаг тайлангаас доорх мэдээллийг бэлтгэлээ.

Хэвлэл мэдээллийнхэн бүл нэмсээр…

Өнөөдөр улсын хэмжээнд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой ажиллаж байгаа ажээ. Тэдгээрийн 135 нь сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 вэб сайт юм байна. Өнгөрсөн оны туршид аливаа мэдээ мэдээллийн 78 хувийг хүмүүс телевизээс авсан  бол 55 хувийг мэдээллийн сайтуудаас авдаг болжээ. Тэдгээрийн дотроос хамгийн хүртээмжтэй мэдээллийн сайтаар www.news.mn, www.gogo.mn, www.olloo.mn–ыг нэрлэсэн байна. Мэдээллийн сайтуудын тоо өнгөрсөн онд хоёр дахин өссөн байна. 2011 онд 30 сайт бүртгэлтэй байсан бол энэ онд 68 болон нэмэгджээ. Өөрийн гэсэн редакцитай, мэдээллийг тогтмол түгээдэг 68 сайтын 65 нь хувь хүн, байгууллагын харъяалалтай бол гурвыг нь төрийн бус байгууллага эзэмшдэг ажээ.

2012 онд нийтдээ 25,5 сая ширхэг сонин борлогдсон нь өмнөх оныхоос нэмэгдээгүйг харуулжээ. Харин сэтгүүлийн борлуулалт өмнөх оныхоос 15 хувиар нэмэгдэж, 5,4 саяд хүрсэн байна. Сэтгүүлийн тоо ийн өсөхөд телевизийн хөтөлбөр, цаг үеийн мэдээ мэдээлэл бүхий долоо хоног тутмын сэтгүүлийн тоон өсөлт нөлөөлсөн гэдгийг тайланд дурджээ.

Монголд жил тутам 17-18 телевизийн суваг шинээр нээгддэг бөгөөд хөдөө орон нутгийн телевизүүдийн тоо голлон нөлөөлжээ. Өмнөговь аймагт л гэхэд өнгөрсөн онд таван телевиз шинээр нээгдэн тус аймаг нийт долоон телевизтэй болжээ. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радиогийн тоо хоёроор нэмэгдсэний дээр 12 радио шинээр бүртгүүлсэн байна. Түүнчлэн алслагдсан аймаг Хөвсгөл, Ховд, Баян-Өлгийн зарим суманд хүйн радио /орон нутгийн хэмжээнд мэдээлэл түгээдэг/ байгуулагджээ.

Сэтгүүлч залуу насны хөдөлмөр үү?

Улсын хэмжээнд ажиллаж буй 500 гаруй хэвлэлийн байгууллагад 5000 гаруй сэтгүүлч, уран бүтээлч ажиллаж байгаа нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тэдний 46 хувь нь телевизэд, 25 хувь нь сонинд, 18 хувь нь сэтгүүлд, 11 хувь нь радиод ажиллаж буй юм. Сонин сэтгүүлд ажиллагсдын 46 хувь нь 30 хүртэлх насны залуус байгаа бол 32 хувь нь 30-40 насныхан ажээ. Радио телевизэд бол бүр 57 хувь нь 30 хүртэл насныхан ажээ. Эндээс хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад эрс залуужсан нь харагдана. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн тус салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, цалин хөлсний талаар судлахыг хичээсэн ч энэ талын мэдээллийг ихэд нууцалдаг болохыг хэлж байлаа. Ажил олгогчид төдийгүй сэтгүүлчид өөрсдөө ч энэ талаар бодит мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ оны эхэнд хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 1/3 нь 300 мянга хүртэлх хэмжээний цалин авдаг гэсэн дүн гарчээ.

Судлаачдын зүгээс хэвлэл мэдээллийн байгууллага залуучуудын багаас бүрддэг нь нэгэнт тодорхой болсныг зарлаад хойшид залуу уран бүтээлчдийг давтан сургах, мэргэшүүлэх хэрэгцээ өндөр байгааг хэлж байна. Түүнчлэн зөвхөн өнөөдөртэйгээ зууралдаад байх бус ирээдүйн уншигчдаа бэлтгэх, шинэ техник технологио даган хөгжих зайлшгүй шаардлагтайг мөн анхааруулж байна.

Төвлөрлийг сааруулах хэрэгтэй гэв

Судалгааны явцад хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгслийн хүрээ хумигдаж байгаа нь ажиглагдсан төдийгүй хэвлэлийн салбарын эзэмшил, харьяаллын ил тод байдал хангалтгүй байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах онцолж байлаа. Олны дунд хэвлэл мэдээлийг байгууллагыг цөөн хэдхэн улстөрчид гартаа оруулсан гэсэн дүгнэлт гаргасан нь бий. Үүнийг ч үгүйсгэх аргагүй гэдгийг судлаачид хэлж байна. Одоогийн байдлаар “Эгэл” ХХК л гэхэд 17 аймагт сонинтой бөгөөд орон нутгийн сонины зах зээлийн 49 хувийг эзэлдэг байна. “Монгол ньюс” групп сонины нийт зах зээлийн 11 хувийг эзэлж буй бол “Монгол масс медиа” групп телевиз болон цахим ертөнцөд хүчээ авч байгаа юм. Мөн “Эх гоёот медиа” групп сонин, сэтгүүл, радио, телевиз, сайт гээд бүх төрлийн сувагтайн дээр сэтгүүлийн зах зээлийн 29 хувийг дангаар эзэлдэг гэхчилэн хэвлэл мэдээллийн төвлөрөл хэдийнэ бий болсныг Хэвлэлийн хүрээлэнгээс мэдээлж байна. Ийн мэдээллийн хэрэгсэл цөөн гарт төвлөрөх нь сайн хэрэг биш учир төвлөрлийг сааруулах эрхзүйн орчинг бий болгохыг чухалчиллаа.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж