Ерөнхийлөгчийн онч үгс олны гарт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн онч үгс олны гарт хүрлээ

“Үг их хүчтэй. Ухааны хүчээр үгийг эвлүүлж, утгыг нээж, үнэнийг өгүүлэх нь зөв үзэл, зөв санааны охь дээж гэлтэй. Улс орныхоо угтах ирээдүйг холоос харж, одоо цагийн амьдралын ээдрээг цэцэн оюунаар оноож, тайлж, онч мэргэн үгээр олон түмэндээ хүргэх чадвар бол Монгол төрийн соёлын үнэт өв юм. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ хандаж хэлэх үгээ хүнээр бэлдүүлж бичүүлдэггүйг нийтээр мэднэ. Хэлсэн үг нь уран цэцэн байдаг нь ухаан бодол цэгцэрсний шинж биз. Цахиагийн Элбэгдоржийн үг үнэтэй, хүчтэй байдаг. Түүний үг, үйл хоёр нь зөрөөгүйг батална. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн онч үгсийг эмхэтгэсэн ном Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүдийн гарын авлага болж, улс гүрнийхээ төлөө амьдралаа зориулахын үлгэр болоосой” хэмээн Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн дөнгөж сая хэвлэлтээс гарч олны гарт хүрч буй нэгэн номд мялаалга өргөжээ.

“Хөгжлийн төлөө” ТББ-аас санаачлан “Цахиагийн Элбэгдоржийн онч үгс” номын тэргүүн дэвтрийг саяхан хэвлүүлж гаргасны өрхийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн татаж ийнхүү өргөл үг айлтгасан байна.

Онч үгсийг эмхэтгэгч залуус уг номыг “Зуун номтой тэнцэх нэг ном” хэмээн дүгнэлээ. Одоогоос 10 жилийн тэртээ Харвардын их сургууль дөнгөж төгсөөд ирсэн Ц.Элбэгдорж МУИС-ийн дугуй танхимд “Нүүх үү, үлдэх үү” цуврал илтгэл тавьж байхад номыг эмхэтгэгч залуус, тухайн үеийн дунд сургуулийн сурагчид багштайгаа очиж сонсч байжээ. Тэр цагаас уран илтгэл, үгсийн ярууд дурлах болсон залуус Ц.Элбэгдоржийн 1989-1999 онд хэлсэн үгийг ярилцлага, нийтлэлийн “Үнэний мөр цагаан” номоос түүвэрлэжээ. Харин 1999-2009 оны үгсийг  өдөр тутмын сонинуудаас, 2009 оноос хойшхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудасны архив, өөрийнх нь твиттер хаяг, албан ёсны фейсбүүк хаягаас авчээ.

“Хэлэх бол хийхийн тал, хэлснээ бол бүтээ”, “Даргад даруулга хэрэгтэй. Иргэнд эрх чөлөө хэрэгтэй”,  “Иргэд нь эрхгүй нийгэмд халамжийн төр тогтдог. Иргэд нь эрхтэй оронд иргэний нийгэм тогтдог”, “Би өөрийнхөө цалингийн нэмэгдэлд хориг тавилаа. Миний нэмэгдэл яах вэ. Оюутны цалин чухал”, “Төрийн сайн бодлогодоо байдаг. Бодлогын сайн залгамждаа байдаг”, “Шударгаар явбал Америкийн шүүхэд ч Монгол Улс ялж болох юм байна”, “Эрх чөлөө бол энэ дэлхийд байгаа хамгийн том хүч” гэх зэрэг олон мянган онч үгсээр энэ номыг хэлхэж бүтээсэн байна.

Номыг эмхэтгэгч залуус “Олзыг олуулаа” гэсэн сэтгэлээр Ерөнхийлөгчийн онч үгсийг түүвэрлэн хэвлүүлж түүхэн гэрэл зургуудаар чимэглэжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж