ИЗНН Ц.Элбэгдоржийг дэмжих шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

ИЗНН Ц.Элбэгдоржийг дэмжих шийдвэр гаргалаа

Иргэний Зориг-Ногоон Намын Үндэсний хороо өнөөдөр хуралдаж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдоржийг дэмжиж оролцох шийдвэр гаргалаа.

Тус нам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг хангалттай сайн хэмээн дүгнэжээ.

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, нийгэмд шударга ёс, хуулийн засаглал тогтоох, авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар тууштай, зоригтой ажиллаж чаджээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг өрнүүлж ард олноо алагчилдаггүй хууль, нээлттэй шүүхийн тогтолцоог бий болгохоор эрчимтэй ажиллаж байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарах боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлыг бататгах, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд дээшлүүлэх талаар олон талт бодлого явуулж идэвхтэй ажилласан гэж үзэж байна.

Монголын төрт ёс, түүх, соёлын уламжлалыг нандигнан хадгалах, Монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн томоохон бодлого хэрэгжүүлжээ.Мөн шууд ардчиллыг хөгжүүлэх, орон нутаг, иргэдэд төсвийн эрх мэдлийг өгөх, ашигт малтмалын лиценз олголтыг цэгцлэж, лицензийн тоог эрс цөөрүүлэх, байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжсэнбодлого, шийдвэр гаргаж  амжилттай хэрэгжүүлсэн байна.

ИЗНН нийгэмд шударга ёс тогтоох, авилгалтай тэмцэх болон ногоон хөгжлийн үзэл баримтлалд тууштай зогсдог улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, цаашид тасалдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжин оролцохоор боллоо хэмээн ИЗНН-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж