Батаарыг дуудлага худалдаанд орохоос өмнө амжиж хийсэн зүйлийг эргэн дурдвал АНУ-д амьдарч байсан палеонтологич М.Болорцэцэг Монголоос гаралтай байж мэдэх үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Йоркт дуудлага худалдаагаар оруулах гэж буйг олж мэдэн өдгөөгийн УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд цахим захидал илгээж, Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дуулгаснаар үйл явдал эхэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны тавдугаарсарын 18-нд Батаарын талаар сонсч мөн өдрийн орой 18.30 цагийн үед "Тираннозавр Батаар"-ын талаар АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтерт еmail илгээжээ. Тэрээр Монголын төрийн нэрийн өмнөөс үлэг гүрвэлийн ясыг бусдын гарт орж үрэгдэхээс нь өмнө эргүүлж авахын тулд хэрэг үүсгүүлж хуулийн дагуу хандах боломжийг нэн яаралтай хангах хэрэгтэй болж, улмаар тэр чиглэлэлээр үргэлжлүүлж ажиллах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс аваад асар богино хугацаанд шүүгч олж үйл явдлыг шуурхайлжээ.
Батаарыг хэдхэн хоногийн дотор амжиж дуудлага худалдаанаас татуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон палеонтологичдын баг олон улсын эрдэмтдийн хамт ясыг шинжлэн судалж Монголын говиос олдсон гэдгийг нь нотолсноор түүхийн өв болсон үнэт зүйлээ эх орондоо буцаан авах бололцоо бүрдсэн юм. Өнгөрсөн бүх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Тираннозавр Батаартай холбоотой бүх зүйлд анхаарал тавьж уйгагүй хөөцөлдсөнөөр хэдхэн хоногийн өмнө үлэг гүрвэлийн үнэт олдворыг Монголдоо эргүүлэн авч чадлаа.
Тираннозавр Батаар жинхэнэ монгол үлэг гүрвэл гэдгээ нотлуулж Тарбозавр Баатар гэсэн уугуул нэрээ сэргээлгэн хэдхэн хоногийн дараа “Кorean air” компанийн онгоцоор эх орондоо ирэх гэж байна. Баатар ганцаараа бус 20 гаруй ижлээ дагуулан бүхэл бүтэн сүргээрээ эх орондоо ирэх юм. Бүгдийг нэг дор тээвэрлэж ирэхэд бэрхшээлтэй тул Тарбозавр Баатарын ижил сүрэг ар араасаа цувж ирнэ.
Ийнхүү буруу гараар орж харьд алдагдсан үлэг гүрвэлийн бүхэл бүтэн “сүрэг”-ийг эх орондоо авчирч хосгүй үнэт өв, түүхийн дурсгалаа буцаан ирүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шуурхай ажиллагаа, гадаад нэр хүнд, нөлөө юу юунаас илүү нөлөөлжээ.