-Ховд аймагт мэргэжлийн хяналтынхан ямар үр бүтээлтэй ажиллаж байна. Хяналт шалгалт зонхилж байна уу?
-Манай мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд нэлээд томоохон ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. Ажилчдын маань уйгагүй хөдөлмөрийн нөлөөгөөр хийсэн ажлаараа улсдаа тэргүүлсэн. Өмнөх амжилтаа бататгах зорилгоор энэ онд томоохон зорилт тавин ажиллаж байна. Жишээлбэл, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн нэг мөр болгоно. Ажилчдынхаа нийгмийн асуудал болоод ажиллах баталгааг онцгой анхаарна. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулах, олон нийтэд хяналт шалгалтынхаа дүн мэдээг тогтмол мэдээлэх гэхчлэн зорилтууд бий. Төсвийн хууль, Хүнсний тухай хууль, Тамхины тухай хуулиудын хэрэгжилтийг онцлон анхаарч байна. Хамгийн гол нь эрсдэлтэй объектоо шалгахад анхаарч байгаа юм. Үүний хажуугаар төлөвлөгөөт бус шалгалтуудаа ч гэсэн хийж байна.
-Танай байгууллагад аль салбараас гомдол санал их ирдэг вэ?
-Сүүлийн үед өргөдөл гомдол ихээр ирж байна. Ялангуяа, зам барилга дэд бүтэц болоод байгаль орчин, уул уурхайтай холбоотой гомдлууд ирж байгаа. Мөн хүнсний аюулгүй байдалтай холбоотой гомдол тасрахгүй байна. Бид гомдлын дагуу зөрчил дутагдлыг нь арилгахаар хүн, хүч зарцуулан ажиллаж байгаа. Тодорхой хугацааны дараа үр дүн нь тодорхой болно.
-Ямар зөрчил зонхилдог юм бэ?
-Манай аймагт жилд дунджаар 5000-7000 мянган зөрчил илэрдэг. Харин өнгөрсөн оны тухайд энэ тоо 4000 болж буурсан. Энэ нь манай албан хаагчдын ажлын үр дүн гэж ойлгох учиртай. Хоёрдугаарт, боловсролын салбар тэр дундаа “Үдийн цай” хөтөлбөрт зөрчил илрэх нь бий.
-Танай аймгийн сурагчид “Үдийн цай”-нд хордож байсан байх аа?
-2008 онд тийм асуудал гарч байсан. Одоо бол тэр зөрчил бүрэн арилсан гэхэд болно. Ер нь зөрчил дутагдал нь үйлчилгээний байгууллагад гарч байна. Нөгөө талаас худалдаа үйлчилгээний салбар, уул уурхай, байгаль орчинд ч гэсэн байна. Гэхдээ уул уурхайн зөрчил нь ноцтой хэмжээнд бол хүрээгүй. Мөнгөн ус, цианит гэх зүйл манай аймагт байхгүй.
-Хөшөөтийн уурхайд зөрчил дутагдал хэр гардаг бол?
-Хөшөөтийн уурхайн эзэд Өмнөговийн орд газруудтай барьцан асуудал үүсгэж байсан. Өмнөговийн ордууд 2008 онд лицензээ авангуутаа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулж байсан. Харин Ховд аймаг Хөшөөтийн уурхайг шууд үйл ажиллагаа явуулахыг нь зогсоосон. Үүний улмаас шалгалт хийж шаардлага хүргүүлсэн зарим төрийн байгууллагыг олон улсын арбитрийн шүүхэд өгсөн юм билээ. Гэхдээ бид үүнээс нь айхгүй. Тавих ёстой шаардлагаа тавиад явна. Улсын хамгаалалттай газраас нүүрс тээвэрлэх учраас эхний ээлжинд зам тавь гэсэн шаардлага тавьсан. Түүхий нүүрс хилээр гаргахгүй гэдэг шаардлага ч хүргүүлсэн. Ингэсний үр дүнд Хөшөөтийн уурхай 2008 онд лицензээ авсан ч экспортод гаргаагүй. Энэ уурхайнхан 2012 оноос хойш экспортод 191, импортод 30 мянган тонн нүүрс нийлүүлсэн үзүүлэлтэй байна.
-Сүүлийн жилүүдэд Ховд аймагт “нинжа” элбэгших болсон шүү дээ. Үүнийг дагаад байгаль орчин эвдэрч сүйдэх байх?
-Гар аргаар алт олборлогчид цөөнгүй байна. Тэд хаана алт байна тэнд давхиж явах улс. Булган сум гэхэд 20 гаруй алтны илэрцтэй газар. Гэхдээ бидний зүгээс цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд хэзээ ч “нинжа” гаргадаггүй. Очсон байвал хүчээр таарна. Яагаад гэвэл энэ сум нь дархан хилтэй ойрхон байдаг учраас аюулгүй байдлаа бодох ёстой юм. Нөгөө талаас өөр нэг зөрчил дутагдалтай асуудал гэвэл хүнсний зах юм. Одоохондоо манай аймагт битүү худалдааны төв байдаггүй учраас бараа бүтээгдэхүүнийг ил зах дээр зарж байна. Энэ нь бүтээгдэхүүний чанар муудах, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх сөрөг үр дагавар гарна. Харин аймгийн Засаг дарга Тамгын газраас битүү зах барьж ашиглалтад оруулахаар болсон. Ингэснээр хүнсний зах тойрсон гомдол санал багасч зөрчил арилна.
-Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Ажилтнууддаа хөнгөлттэй үнээр орон сууцаар хангахыг эрмэлзэж байна. Эхний ээлжинд 12 айлын орон сууцын ажил эхлүүлээд байна. Ирэх сарын 1-нд ашиглалтад орох байх. Энэ байрын нэг ам метр нь 550 мянган төгрөгөөр тооцон олгож байгаа.
Эх сурвалж: www.polit.mn