Хурандаа нарыг тэрбумын хэрэгт шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Хурандаа нарыг тэрбумын хэрэгт шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын  газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгуулж байна. Тэдэнд 2012 оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хурандаа нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ЦЕГ-ын үе үеийн удирдлагуудын үед дээрх албан тушаалд ажиллаж байжээ.




ТЭД ЧУХАМ ЯМАР ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БЭ?

Хурандаа Ч.Энх-Амгалан, Г.Уранцэцэг нар нь ЦЕГ-ын Санхүү ар талын газрыг  даргалж байхдаа цагдаагийн байгууллагатай гэрээтэй ажилладаг компаниудаас  орж ирсэн хөрөнгийг /тухайлбал, харуул хамгаалалт, журмын хашаа гэх мэт/ “Гэрээт албаны” гэх төсвөөс гадуурх дансанд төвлөрүүлж байжээ. Угтаа энэ мөнгө төсөвт төвлөрөх ёстой. Түүнчлэн дээрх эрхмүүд нь цагдаагийн алба хаагчдын ахуй хангамж, хоол хүнсний чиглэлээр хамтран ажилладаг компаниудтай гэрээ байгуулж, хөрөнгө төвлөрүүлээд, энэ гэрээгээ дахин ашиглаж, Төрийн сангаас хөрөнгө гаргуулж байсан ноцтой үйлдэл нь тогтоогджээ. Энэхүү хөрөнгөө мөн л төсвөөс гадуурх Гэрээт албаны гэх дансаараа дамжуулан, зарцуулдаг байжээ. Төрийн сангаас давхар хөрөнгө гаргуулж байсан асуудалд Төрийн сангийн Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнүүд болох гурван хүнийг энэ хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 272.2-т зааснаар албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр сэжигтнээр татсан байна. Төрийн сангийн мэргэжилтнүүд нэг гэрээгээр давхар мөнгө гаргуулж буйг мэдсээр байж хууль бус үйлдэлд оролцсон уу, эсвэл албан үүрэгтээ хайнга хандаж, хяналт тавьж чадаагүй юу гэдгийг тогтоохоор шинжээч томилсон байна. 

Мөрдөн байцаалтын шатанд арилжааны банкин дахь Гэрээт албаны гэх хууль бус дансаар сүүлийн 2-3 жилд нэг тэрбум орчим төгрөг төвлөрүүлжээ. Аливаа төрийн байгууллагад төсвөөс гадуур данс байх ёсгүй байтал Гэрээт албаны данс гэгчээр мөнгө угааж байж. Өмнө нь төрийн байгууллагууд арилжааны банкуудад данстай байсан  ч Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуульд өөрчлөлт орсноор арилжааны банкин дахь бүх дансыг хаажээ. Харин энэ үед цагдаагийн байгууллагад олон жил ажилласан дээрх хурандаа нар Гэрээт албаны данс гэгчийг хаалгалгүй авч үлдэн хууль бусаар ажиллаж эхэлсэн байна. Хуулиараа хэрэв  арилжааны банкинд данстай байх зайлшгүйшаардлага гарвал Сангийн яам, харьяа Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ЦЕГ-ын Санхүү ар талын газрын дарга нар ямар ч зөвшөөрөл аваагүй болох нь илэрчээ.

Ийнхүү аймаг, дүүрэг нийслэлийн бүх цагдаагийн газар, хэлтсийг нэгтгэсэн ЦЕГ гэх нүсэр бүтэцтэй байгууллагын Санхүү ар талын газрыг олон жил удирдсан  хурандаа нар  хууль бус үйлдлээ нуун дарагдуулж байсан нь ил боллоо.

Тэдэнд үүсгэсэн зүйлчлэлээр гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм байна.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж