МАХН-тай хамтрагч МҮАН-ын хувьд намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлнэ гэсэн яриаг намын гишүүд нь өгч байсан ч өнөөдрийн МҮАН-ын Бүгд их хурлаар АН-аас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих болсноо мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын хувьд ч мөн АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцох төлөвтэй байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө тодруулах ёстой. Харин энэ хуулийн хугацаа ням гариг буюу тавдугаар сарын 31-нд дуусгавар болох юм. Харин МАХН хуулийн хугацаанд Бага чуулган, Гүйцэтгэх товчоогоо хуралдуулах бөгөөд хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүйгээр, дэмжиж оролцож магадгүй юм байна. Өөрөөр хэлбэл, МАХН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих магадлал өндөр байгаа юм байна.
Мөн парламентад суудалтай ИЗЗН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоо илэрхийлээд буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөөн АН, МАН-ын хооронд явагдах магадлалтай байна.