Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг товчлон тавив. Тэрээр, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх макро эдийн засгийн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит салбарын хөгжлийн зэрэг асуудлаарх бодлого хэрхэн хэрэгжиж, хүрэхээр тооцоолсон төвшин, тэдгээрийн биелэлт ямар байгааг тодорхой тоо баримтад тулгуурлан танилцуулав.
Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх Эдийн засгийн Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулав.
Тэрээр, Засгийн газар 2012 оны үндсэн чиглэлд тусгагдсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийт 160 гаруй зорилт, арга хэмжээг 74,3 хувьтай биелсэн талаар танилцуулгадаа дурьдсан байна гээд биелэлтийг Улсын Их Хурлын Байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд санал дүгнэлтээ Эдийн засгийн Байнгын хороонд ирүүлсэн тухай илтгэв. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Үндсэн чиглэлд байгаль орчны чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт дунджаар 64.6 хувь, хөдөө аж ахуйн чиглэлээрх зорилт, арга хэмжээний хэрэгжилт дунджаар 85.8 хувьтай байна гэж дүгнээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, төсвийн уялдаа холбоо хангалтгүй байна гэж үзжээ.
Төсвийн байнгын хороо төрийн зохих шатны байгууллагууд үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн ажлаа төлөвлөдөг байх, хэрэгжилт нь хангалтгүй байгаа төсөл, арга хэмжээний шалтгаан, хөрөнгийн асуудал, хариуцах эзнийг аудитын дүгнэлтэд тодорхой дурдаж, хариуцлага алдсан этгээдэд тодорхой арга хэмжээ авч байх талаар тогтоолын төсөлд тусгах санал тавьжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо үндсэн чиглэлийг боловсруулах арга зүй, төлөвлөлт, хэрэгжилтийг дүгнэх хэлбэр, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгийн асуудлыг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулах, төрийн бодлогын баримт бичиг, төсвийн хэрэгжилтийг тогтмол хянадаг тогтолцоо бий болгох, үндсэн чиглэлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн төлөвлөлттэй уялдуулах, Улаанбаатар хотын эдийн засгийн асуудлыг үндсэн чиглэлд тодорхой тусгаж байх саналыг дэвшүүлсэн байна.
Хууль зүйн байнгын хороо үндсэн чиглэлийн биелэлтийг гаргахдаа, тооны хойноос хэт хөөцөлдөж байгаад анхаарах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх шаардлагатай эсэхийг нэр мөр болгохыг чухалчилсан бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн оношилгоо, тоног төхөөрөмжийн үнэ, чанарт анхаарч, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ээлтэй, хүртээмжтэй болгох, боловсролын салбарт дээд боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх саналыг тавьсан байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энхийг сахиулах олон улсын сургалтын төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, батлан хамгаалах, зэвсэгт хүчний зэвсэг-техникийг шинэчлэх талаар арга хэмжээ авах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулах, хэрэгжилтийг дүгнэх арга, хэлбэрийг боловсронгуй болгож төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн улсын төсөвтэй уялдуулах зэрэг саналыг тус тус гаргасан тухай илтгэгч танилцууллаа.
Мөн Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, Улсын Их Хуралд ирүүлсэн тайландаа үндсэн чиглэлийн нийт 145 арга хэмжээний биелэлтийг хэрэгжсэн 17, дутуу хэрэгжсэн 120, хэрэгжээгүй 8 арга хэмжээ байна гэжээ. Тиймээс үндсэн чиглэлийн арга хэмжээг үр дүнд чиглүүлсэн, хэрэгжих үндэслэл, санхүүгийн баталгаатай, биелэлтийг нь тооцох боломжтой байхаар боловсруулах, стандарт, арга зүй дутагдалтай, үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх төвшин, санхүүгийн эх үүсвэр оновчтой бус, зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангахуйц үр нөлөөтэй ажил дутагдалтай, бодлогын яам, газруудын ажлын зохион байгуулалт сул, уялдаа холбоо муу байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийснийг илтгэгч онцлов.
Тэрээр цааш нь, үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж Улсын Их Хурлаас гаргах тогтоолын төслийг боловсруулсан тухай танилцуулав. Тухайн төсөлд, төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт, одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжуудын төслүүдийн хамт 2013 оны хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлүүлэх, үндсэн чиглэлд тусгагдаад дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээний биелэлтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх асуудлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгажээ.
Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Автозам, төмөр замын салбар дахь зарим арга хэмжээ хэрэгжээгүй, концессийн гэрээний гүйцэтгэл хангалтгүй байгаагийн шалтгаан, Бичигтийн боомтод бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэх, дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэхтэй холбоотой асуултууд тавив. Мөн Байнгын хорооноос гаргах тогтоолыг хэвшмэл хэлбэрээс гаргаж нухацтай дүгнэлттэй болгож Засгийн газарт тодорхой чиглэл өгөх, тогтмол хянадаг системтэй болгох саналыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл дэвшүүлэв. Үүнээс гадна Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байгааг шүүмжлэхийн сацуу том том зорилтууд хэрэгжээгүйн шалтгаан юу вэ, хариуцлага хэрхэн тооцох тухай А.Тлейхан гишүүн асуув. УИХ-ын гишүүн С.Батболд бүтээн байгуулалтын ажлууд ямар түвшинд байгаа, энэ чиглэлээр ямар шинэ төсөл хэрэгжүүлэх, зээлийн зарим гэрээ, хэлэлцээр хэр үр дүнтэй байгааг асуугаад сөрөг хүчинд мэдээлэл болон хяналт тавих оролцоо бага байгаад шүүмжлэлттэй хандлаа.
Үүнээс гадна гишүүд “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг иргэдэд хэдийд өгөх, хөдөө орон нутаг руу чиглэсэн иргэний агаарын тээврийн бодлого ямар байгаа, “Монгол мал” хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх эсэх, Асгатын мөнгөний ордын асуудлыг шийдвэрлэх, дагуул хот байгуулж хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах, Үндсэн чиглэлийн төлөвлөлт, биелэлтийн асуудалд цаашид анхаарах, оюутны хотхоныг байгуулах, төмөр замын бодлогын маргаантай асуудлыг цэгцлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, урт, дунд, богино хугацаанд Монгол Улсаа яаж хөгжүүлэх, хөгжлийн загвар бий болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн асуулт тавьж хариулт авав.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбоотой саналаа илэрхийллээ.
Урт, дунд, богино хугацааны баримт бичгийг янз бүрээр баталж байгаа нь үр дүнд нөлөөлж байна. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлоготой, хөгжлийн загвартай болох нь чухал байгаа бөгөөд тэдгээрийг хамтарч боловсруулах, санхүүгийн циклийг өөрчлөх, Үндсэн чиглэлийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйтэй болох, холбогдох сайд нартай хариуцлага тооцох замаар Үндсэн чиглэлийн биелэлтийг хангах, хэлэлцүүлгийг нь хариуцлагатай явуулах, шинжлэх ухааны салбарын төлөвлөлтөд анхаарах зэрэг саналыг үг хэлсэн гишүүд дэвшүүллээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар зарим гишүүний асуулгад Засгийн газраас өгсөн хариултыг сонсож, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олони нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.