МҮАН-ынхан Ц.Элбэгдоржийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

МҮАН-ынхан Ц.Элбэгдоржийг дэмжинэ

Монгол Үндэсний Ардчилсан намын Бүгд их хурал хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор шийдвэрлэлээ.

МҮАН-ын дарга М.Энхсайхан “Өнгөрснөө эргэцүүлэн бодох аваас Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа байгаагүй. АН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол МАН-ын Засгийн газартай, МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол АН-ын засгийн газартай ийм л байж. Энэ нь Засгийн газраа  эсвэл огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг, Монголын төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний хэлснээр Монголчууд “төрөө шатаадаг” тоглоомоор тоглож ирсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. Цагаан морин жилийн ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзлэл байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг хүнийг ард түмэн өөрсдөө сонгож бойжуулдаг асар үнэ цэнээр бий болдог хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” гэх илтгэлийг тавьлаа.

Харин намынх нь уур амьсгал МҮАН-ыг бие даан сонгуульд оролцох нь зүйтэй, МАХН гэх улс төрийн хүчнээс тусгаар үйл ажиллагаагаа сэргээх хэрэгтэй гэх саналууд хэлж байсан ч эцсийн санал хураалтаар намын даргынхаа илтгэлийг дэмжсэн тогтоол гаргахаар болсон байна.

МҮАН-ын дарга М.Энхсайханаас дараах асуултад хариулт авлаа. 

-МҮАН яагаад Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн Ц.Элбэгдоржийг дэмжиж  оролцох болсон бэ?

-Монголын
Ардчилал хүндхэн замаар явж ирсэн. Монголын Ардчиллын түүхэнд анх
удаагаа төрийн өндөрлөгүүд нэг улс төрийн хүчинд төвлөрсөн байна. Урд нь
Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчтэй байхад Ардчилсан намаас Засгийн
газрыг, Ардчилсан намаас ерөнхийлөгчтэй байхад Ардын намын засгийн
газрыг сонгодог байв. Монголын төрийн өндөрлөгүүд, төрийн салаа мөчрүүд
нь өөр хоорондоо “монгол төрийг шатаадаг тоглоом”-оор тоглож ирлээ. Бид
энэ алдааг давтах ёсгүй гэх санааг Бүгд Их хурлаар ярилцлаа. Монголын
эдийн засгийн байдал эмзэг, том том төслүүд яригдаж буй энэ цаг үед улс
төрд тогтвортой байдал л хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал гэдэг нь
унаж босох тухай асуудал биш, төрийн бодлого шийдэл нэг зүйл рүү
хандсан, цул байх тухай. Ийм түүхэн шаардлагыг харгалзан Ардчилсан нам
МУ-ын Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлсэн гэж ойлгож байна. Иймд
бид Монгол Улсынхаа нөхцөл байдлыг харгалзаад АН-ын нэр дэвшигчийг
дэмжээд ажиллавал яасан юм гэдгийг санал болголоо. Бүгд их хурлын гишүүд
ч миний энэ саналыг дэмжсэн шийд гаргалаа.

-Энэ шийдвэрээс шалтгаалан МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн хувь заяаны асуудал хөндөгдөхгүй юу?

-“Шударга ёс” эвслийн хувь заяа нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эсэхээс хамаарах асуудал биш.

Б.МАНД




МҮАН-ын өнөөдөр хуралдсан Бүгд их хуралд тус намын дарга М.Энхсайханы тавьсан илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.

Төгс ардчилал хаана ч байхгүй гэдгээр үгээ эхэлмээр санагдаж байна.

Төгс
ардчилал гэж хэрвээ ярих аваас, төгс ардчилал руу тэмүүлэх аваас бид
өөрсдөө мэдэхгүй дарангуйллыг тогтоох болно. Би яагаад энэ тухай хэлж
байгаа юм гэхээр Монголын ардчилалд өөрт нь хүрсэн ноён оргил гэж байгаа
юм. Монголын ардчиллын хүрсэн ноён оргилыг дэлхийн улс орнууд дэмжиж 
байгаагаа харуулах гэж саяхан Монголд олон улсын том хурал болсон билээ.
Тус хуралд ирсэн Ан Сан Сучи хэмээх алдарт эмэгтэй монголчуудад хандаж
хэдхэн сайн мессеж өгснийг эргэн саная.

Тэрбээр “Би ардчиллыг
загварчлах дургүй”, “Би хүний эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү
ардчиллын хар ажилчин”, “Бид мьянмарчууд, хөх толботой төрдөг” гэсэн үг
нь тодхон байна.  

“Би ардчиллыг загварчлах дургүй” гэж хэлсэн
тэр үг нь Монголын ардчилал бол монголынх, улс үндэстэн болгон түүний
дотор үүх түүхээрээ гайхагдах монголчууд хэнээс ч хуулах шаардлагагүй,
өөрийн гэсэн ардчилалтай байх ёстойг хэлээд өгөх шиг санагдсан. Бид
хуулбарлах сэтгэлгээгээ хаях хэрэгтэй. Монгол өөрийн гэсэн ардчиллын
загвартай орон. Төгс ардчилал гэж ерөөсөө байхгүйтэй нэгэн адил Монголын
ардчилал төгс биш.  Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа, Гэвч ардчиллыг
хөгжүүлэх асуудал нь ардчиллыг гүнзгийрүүлэх явдал юм.

“Би хүний
эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү ардчиллын хар ажилчин” гэж  Ан Сан
Сучигийн хэлсэн үг нь хүний эрх гэдэг эрхэм чухлаас илүү хүний эрх үүрэг
гэж байдгийг дорны хүний ухаанаар битүүхэн хэлсэн хэрэг шиг санагдсан.
Зөвхөн эрхээ мэддэг үүргээ умартсан хүн бол хүн адгуусаас дор гэж дорны
сургааль номд хэлдэг.

Хүн байгалиас хувь хүртэж амьдрах эрхтэй
бол байгаль дэлхийгээ хамгаалах үүрэгтэй. Хүн амьд явах эрхтэй бол
бусдын амь насыг хамгаалах үүрэгтэй. Хүн төрөө сонгох эрхтэй байгаа бол
сонгосон төрөө хүндэтгэх үүрэгтэй. Гэх мэтчилэн эрх, үүргийн тэнцвэрийг
хязгааргүй ярьж болно. Үнэндээ эрх үүргээ аль алиныг мэддэг хүн л
үнэнхүү эрх чөлөөтэй байдаг. Үүнийг цөөхөн үгээр энэхүү алдарт эмэгтэй
бидэнд хэлж өгсөн гэж бодож байна.

“Бид мьянмарчууд хөх толботой
төрдөг” гэсэн үг нь Монголыг бүх дэлхийгээрээ ажиглан харж байна, та
нартай бие сэтгэлээрээ нэг гэдгээ хэлсэн сайхан үг байлаа.

Монголын
ардчилалд шийдэж чадаагүй олон асуудал байгаа. Шударга ёсоо умартсан
тухай, ядуу дорой хүмүүс олноор байгаа тухай гээд яриад байж болно.
Асуудал нь ардчилалд буруу байгаа биш, ардчиллыг мухар сүсэг болгож
байгаад л буруу байгаа гэж бодож байна.

Монголын нийгэмд
тулгамдаад байгаа олон асуудал бидний тархи толгойд бий болсон
төөрөгдөл, шунал, ертөнцийг тольдох гаж буруу бодлын тусгалтай
холбоотой. Энэ тухай МҮАН өнгөрсөн хугацаанд их ч ярьсан. Улс төрийн
намууд юмс үзэгдлийн гадаад орчны талаар ихээр маргалддаг. Бид аль
алиныг ярьж байдагаараа бусад намуудаас ялгаатай байгаа юм.

Монголын
эдийн засаг өнгөрсөн хугацаанд эрх биш тэлжээ. Төмөр зам, цахилгаан
станц, хурдны зам, гүүр гээд том том төслүүдийн тухай их яригдаж байна.
Одоохондоо мөрөөдлийн чанартай байгаа. Хий хоосон хөөр биднийг дагалдаж
байгааг нуухын хэрэггүй. Харин яаж мөрөөдлийг ажил хэрэг болгох вэ?
гэдэг асуулт бидний өмнө тавигдаж байна.

Мега төслүүдийг
амжилттай хэрэгжүүлэх эсэхээс Монголын ирээдүй, Монголын ардчиллын
ирээдүй олон талаар хамаарна. Шинэчлэлийн Засгийн газраас төлөвлөж
байгаа мега төслүүдийг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал онцгой
чухал. Түр зуурын улс төрийн ашиг хонжоо Монголын алсын эрх ашгийн
дэргэд өчүүхэн гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Улс төрийн тогтвортой
байдал гэдэг бол унаж босохын тухай биш төр, засгийн шийд хурдттай
гардаг цул нэгдмэл байх тухай юм. Зөвхөн энэ нөхцөлд мега төслөөр дамжиж
Монгол улс амжилтад хүрнэ.

Өнгөрснөө эргэцүүлэн бодох аваас
Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэг улс төрийн хүчний
гарт төвлөрч байсан удаа бараг байгаагүй.  АН-аас  Ерөнхийлөгч
сонгогдсон бол МАН-ын Засгийн газартай. МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон
бол АН-ын Засгийн газартай ийм л байж. Энэ нь Засгийн газраа эсвэл
огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг, Монголын төрийн салаа мөчир
болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний оновчтой
хэлснээр монголчууд “төрөө шатаадаг” тоглоомоор тоглож ирсэн байдаг.

2012
оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө
мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон
энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт
монголчуудын эрх ашиг гэж бодож байна.

2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн
Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж
шийдвэрлэсэн гэж бодож байна. Цагаан морин жилийн ардчиллын галыг
хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа, оноогоо мэднэ, хийх ажлаа 
мэднэ, түүнд улс төрийн эрмэлзэл байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг
хүнийг ард түмэн өөрсдөө сонгож “бойжуулдаг” асар үнэ цэнээр бий болдог
хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт
ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна.

 М.ЭНХСАЙХАН. 2013.05.10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж