Н.Наранбаатар өөрийн орон зайгаа дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатар өөрийн орон зайгаа дэлгэнэ

Улсын драмын эрдмйин театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд 17.00 цагт ганцхан удаа “UB Palace”-ын их танхимд “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрээр өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр 2000 онд драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24-хэн насандаа анх “Бооцоо” жүжгийг найруулан шинэ менежментийг бий болгон босго өндөртэй УДЭТ-т хүч түрэн орж ирсэн гэдэг. Түүний жүжиг үнэхээр сайн байсан учраас тухайн үед 1000 төгрөг байсан жүжгийн тасалбарыг хүний нүд орой дээр гармаар үнэ буюу 10 мянга болгож чадсан аж. Учир нь тэрээр бүтээлдээ чанарыг онцгойлон Ардын жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг гээд тухайн үедээ л ойрд тайз дэлгэцээр гараагүй уран бүтээлчдээр, мөн үзэгчдийн хүсээд байсан эрэлт хэрэгцээнд тулгуурлан залуу жүжигчдээс Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нарыг сонгон жүжгээ хийсэн нь амжилт дагуулсан. Мөн тэрээр анх удаа жүжиг дуутай, тэр нь өөрөө клиптэй байвал үзэгчдийн сонирхлыг татна хэмээн драмын урлагт шинэ менежментийг хэрэгжүүлсэн нэгэн гээд олон зүйлийн анхдагч юм.

“Бооцоо”-гоор эхэлсэн түүний уран бүтээлийн гараа Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын алдарт “Надаар тоглосон хайр” жүжгээр үргэлжлэн “Нууц амраг чинь больё”, “Парисын дарь эхийн сүм”, “Би  ч гэсэн жаргамаар байна”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг түүний найруулсан олон шилдэг жүжгүүдийг нэрлэж болно. Мөн “Үл таних эмэгтэй” дэлгэцийн бүтээл нь үзэгчдийг байлдан дагуулсан юм. Түүний тайлан тоглолтод УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, МУГЖ, поп дива Т.Ариунаа, МУГЖ, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, С.Жавхлан, У.Уранчимэг, “Хар сарнай”-н С.Амармандах, хошин урлагийн “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Драмын дөрвөл”, ”Увертюра”, “Freezone” хамтлагууд, дуучин С.Сэрчмаа, Л.Ган-Эрдэнэ, Ц.Хулан, Маралжингоо, Г.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, BX, Ч.Цэлмүүн, элэглэгч Чапи Суурь гээд урлагийнхан нэг дор чуулах нь ээ. Мөн тэрээр урлагийнханы тоглолт, хошин урлагийнханы шоу драмыг найруулж байсан бөгөөд тэдгээр уран бүтээлчид ч энэ л тайзнаа хүндэтгэл илэрхийлэн уран бүтээлийн дээжээ өргөн барих аж. Сонирхуулахад, түүний бүтээсэн олон дүрийг энэ л үдэш тайзнаа дахин тольдох боломжтойг дуулгасан шүү.

Тоглолтын тасалбар 25 мянган төгрөг бөгөөд УДЭТ, “UB Palace”-ын касс, 1109 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж болох нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж