Туслах дүрийн хуваагдал

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Туслах дүрийн хуваагдал

Сонгуулийн сунгаа хаа сайгүй эхлээд байна. Сонгуулийн гол тоглогчдын нэг биш ч УИХ-д суудал бүхий гэдгээрээ МАХН-ын хурал анхаарал татаж байгаа нь тодорхой. Тус намынхан өнөөдөр 15.00 цагт болох Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сонгохоо шийднэ. Санал хуваалцах төдийхнөөр оролцож байгаа гэдгээр нь харвал МАХН хүчтэй өрсөлдөгч биш. Улстөрийн намын хувьд сонгуульд оролцох нь тэдний чин зорилго. Гэтэл энэ хооронд нам дотооддоо толхилцож амжжээ. Нэр бүхий таван гишүүн МАХН-ыг төлөөлж төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөнө. Намын гишүүд нь тэднийг хүчгүй гэж харж байгаа учраас гишүүдийг сонгох асуудал гацаанд орсон гэх.

Таван гишүүн сунгаанд

Энэ удаагийн сонгуульд МАХН-ыг төлөөлж Л.Тэрбишдагва, Н.Удвал, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон нарын нэр тунаж үлдээд байгаа. Эдэн дундаас сонгуулийн “тоглогч” болж ганц эрхэм сонгогдох учиртай. Ц.Цолмон, Н.Удвал нар гаргаж байсан үг үйлдэл, өөрсдийн байр суурь гэдгийг нь харвал сонгогдох магадлал тун бага. Магадгүй аль нэг нь нэрээ татаж авч ч болох юм. Сүүлийн саруудад өрнөсөн улстөрийн үйл явдлуудыг харвал хоёр нэр дэвшигч нэрээ татаж авах нь эргэлзээтэй. Л.Цогийн тухайд магадлал багатай хүмүүсийн нэг. МАХН-ыг байгуулах, гишүүн элсүүлэх зэрэгт оройлон оролцож байсан нь үнэн ч дэвших магадлалыг авч үзэх юм бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас харьцангуй бага.

Тоглох тактик

Тэдэнд хоёр тактик гэх юм бий. Эхнийх нь ардчилсан засагт багтсан. Тэр ч утгаараа аливаа нэгэн сонгуульд нэг, нэгнийгээ дэмжиж ажиллах дээр нэгдэн гарын үсэг зурсан. Гэхдээ орон нутгийн сонгуульд тоглоомын дүрэм өөрчлөгдсөн. Өөрчлөлтийг засаг толгойлогчид эхлүүлсэн гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс МАХН-ын тухайд энэ удаагийн сонгуульд эвсэж орох ямар нэгэн үндэс байхгүй. Чухам энэ асуудлаас болж МАХН засагт дурамжхан болох нэг үндэс нь болсон. Нөгөөтэйгүүр АН-тай хамтран засагт багтах болсон нь Н.Энхбаяртай холбоотой. Тэдний засагт багтсан чин зорилго нь Н.Энхбаярыг амжиж суллах. Ямар ч байсан ойрын саруудад энэ зорилго нь биелэхгүй. Тиймээс АН-тай эвсэх нь тэр бүр биелэхгүй тактик. Харин дараагийн боломжит тактик бол МАН-ын дэвшигчийг дэмжиж, АН-ын саналаас хуваалцах тактик. Дээр дурьдсан шалтгаанаас болж МАХН-ын сүжиг МАН руу эргэсэн. Сүжиг эргэхэд саад гэхээр юм үгүй. Нэгэн цагт нэр нэгтэй явсан энэ хоёр намын хувь заяа, хоёр тийшээ болсон ч сэтгэл эргэж хурган, элдэв янз болсон. Гэхдээ МАХН-МАН хоёр сонгуульд эвсэнэ гэж яригдаж байсан ч засагт багтах шалтгаанаа тэд тэгэж унтраахгүй болов уу.

Гишүүдийн нэр хүнд

Сонгуульд нэр дэвшигчийн төлөө өрсөлдөж байгаа энэ хүмүүст нам дотор бас нэгэн асуудал бий. Намын гишүүд дэмжигчдийн итгэл. Н.Удвал, Л.Цог нар бол дэмжигчдийн итгэл хүлээсэн хүмүүс. Харин нэр дэвшигч болох замыг дардан болгох учиртай гишүүдийн итгэлийг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бага ч атугай татна. Харин Ц.Цолмонгийн тухайд альнаар нь ч тодорхойлогдошгүй нэгэн. Тиймүүс гишүүдийн байр суурь хоёр талд гарчихсан гэхэд болно. Угтаа үзэл баримтлал гэхээр юмгүй энэ намын нэг асуудал нь гишүүдийн байр суурь. Энэ байдлынхаа горыг харин тэд одоо л амсч магадгүй. Үзэл баримтлалаар нэгдээгүй хүмүүс нэр дэвшигчийг сонгох хуралд нэлээд чөдөр тушаа болох нь гашуун үнэн. Хэдийгээр сонгуулийн өрсөлдөөнд гол дүр нь тэд биш ч нэр дэвшигчийг сонгох хурал бүтэн өдөр дамнан хуралдах магадлал тун өндөр. Хэдийгээр өчигдөр хуралдах байсан ч гишүүд хөдөөнөөс ирж амжаагүй гэх шалтгаанаар нэг өдрөөр хойшлуулсан. Тэд наанаа ингэж тайлбарлаж байгаа ч цаана нь гишүүдийн үзэл бодол, байр суурь хоёр хуваагдсан байхыг үгүйсгэхгүй.

МАХН-ын Бага чуулган өнөөдөр 15:00 цагаас намын байрандаа хуралдана. Хурлын хэлэлцэх сэдэв нь тодорхой. Өөр нэг тодорхой зүйл нь тэд гол дүр биш. Яагаад гэвэл тэд ард түмнийг биш, Н.Энхбаярын төлөө УИХ болоод Засгийн тэргүүлэх суудалд заларсан гэдгээ удаа дараалан баталсан.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж