Л.Болд: Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой олон чухал үйл явдал өрнөсөн өдрүүдийн дараа хэвлэл мэдээллийнхэн та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалан, дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд оновчтой оролцож, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчилж, эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Түүнчлэн “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд АНУ, Япон, Европын Холбоо, Герман, Франц, Энэтхэг, БНСУ, Түрк зэрэг өрнө, дорнын улстай түншлэлийн харилцааг бататган бэхжүүлж, хөгжүүлэхээр зорьж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцоогоо өргөжүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх, Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах, Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх, Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, Монгол Улсын хөгжил, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Монгол судлалыг дэмжих зэрэг зорилтуудыг шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 12 зорилт туссан бөгөөд уг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 52 арга хэмжээ төлөвлөж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулаад байна. Мөн бусад яамтай хамтран хэрэгжүүлэхээр 15 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 21 арга хэмжээг уг төлөвлөгөөнд тусгасан.
Эн тэргүүнд Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг оновчтой болгох, ДТГ-т ажиллагсадын ажлын байр болон амьдрах орчин, нөхцлийг сайжруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
Индонезийн Жакарта, Бразилийн Бразилиад ЭСЯ нээх, Афганистаны Кабулд ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээх, Хятадын Хайлаар, Өмнөд Солонгосын Пусан, Түркийн Истанбул, Киргизийн Бишкек зэрэг хотуудад Консулын төлөөлөл нээн ажиллуулах шаардлага, үндэслэлийг бодлогын түвшинд боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Чингэхдээ, Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол, Улаанбаатар хотноо ДТГ-тай эсхүл нээх боломжтой эсэх, тухайн хот руу Улаанбаатараас шууд нислэгтэй болох боломжтой эсэх зэргийг харгалзан үзсэн болно.
Ардчилал, шинэчлэлийн замаар замнасан өөрийн улсын туршлага, ололт амжилтыг бусад улс орнуудтай хуваалцах, бусдад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулаад байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг мөрдлөг болгон өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас хуваалцах, олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэх, гадаадын зарим улстай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны зөөлөн хүчний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэхэд дөхөмтэй болно. Түүнчлэн гадаад улс орон, олон улсын байгууллагаас манай улсын ардчилал, хүний эрхийг дэмжсэн аливаа санхүүг тоймтой болгох, зохистой зарцуулах, ил тод болгоход ач холбогдолтой болох бөгөөд манай улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд хүний эрх, ардчиллын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмолжуулах, хүрээг өргөжүүлэхэд дэмжлэг болох юм.
Манай улс саяхныг хүртэл хөгжлийн тусламж хүртэгч орон байсан бол өнөөдөр хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болсон, урьд нь улс орнуудыг “хандивлагч” гэдэг утгаар нь хардаг байсан бол одоо “хамтрагч”-ийн байр сууринаас харьцдаг болсон. Энэ бол том дэвшил.
Монгол Улс дэлхийн улс орнуудтай найрсгаар зэрэгцэн оршиж, олон улсын тавцан дахь байр сууриа бэхжүүлэх, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх үүднээс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн үлдсэн улстай дипломат харилцаа тогтоохоор ажиллаж байна.
Шинэ тутам хувьсан өөрчлөгдөж буй гадаад харилцааны салбарын боловсон хүчин, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ахмад үеийнхний туршлага, мэдлэгийг хойч үетэй хуваалцах, ДТГ-уудад ажиллах дипломат ажилтнуудыг системтэй бэлтгэх үүднээс Гадаад харилцааны яамны дэргэд Дипломатын Академи байгуулах бодит хэрэгцээ шаардлага үүсээд байна. Дипломатын Академийг ГХЯ-ны дэргэд байгуулснаар судалгаа, шинжилгээний ажилд ахиц гарахаас гадна олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд манай улс нэрээ дэвшүүлэх үед шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Хилийн чанад дахь монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдгээрт консулын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудал Шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны салбарын чухал зорилт байх болно.
Шинэчлэлийн Засгийн газар гадаад харилцааны салбарын бодлогын шинжтэй зорилтуудыг хэрэгжүүлэхээс гадна Улаанбаатар дахь ДТГ, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудад зориулсан оффисын төв, орон сууц бүхий ЭСЯ-дын хотхон (Embassy City), олон улсын хэмжээний хурал, чуулган, хүлээн авалт зохион байгуулах багтаамжтай Ёслол хүндэтгэлийн цогцолбор зэрэг шинэ бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна.
Асуулт хариулт:
UBS ТЕЛЕВИЗ: Гадаадад амьдарч байгаа иргэд Монгол Улсынхаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг. Иргэддээ тэр болгон сайн хүрч ажилладаггүй гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ талаар ямар өөрчлөлт хийгдэх вэ?
Л.Болд: Энэ бол гадаад бодлогын шинэчлэлийн хүрээнд хийгдэх хамгийн чухал асуудлын нэг. Гадаад улс орнуудад эх орноо төлөөлөн сууж байгаа ДТГ-уудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур, итгэл дундуур байдаг явдал бий. Бид иргэдийнхээ санал гомдлыг Засгийн газрын нээлттэй утас 11-11 болон яамны шууд утас, мэйл хаяг гээд бүх сувгаар хүлээж авч байгаа. Түүнчлэн бидний зүгээс ЭСЯ, ДТГ-ууддаа байнга шаардлага тавьж байгаа. Цаашид ДТГ-уудын үүрэг хариуцлагыг ч өндөржүүлж, орон тоо, боловсон хүчинг ч нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Дээрээс нь иргэдэд туслах шаардлагатай сан, хөрөнгийн эх үүсвэрийг гаргах тал дээр илүү анхаарах хэрэгтэй байгаа юм.
Гадаадын хүмүүсийг төв хаалгаар хүлээж авч, өөрийн иргэдийг хонгилоороо оруулдаг ЭСЯ ч байна. Үүнийг өөрчлөхийн тулд ЭСЯ-дын байршлыг оновчтой болгох, үйл ажиллагааг нь иргэдэд ойртуулах тал дээр шинэчлэх ажлуудыг хийж байна. Ер нь хаана Монгол Улсын иргэн байна, тэнд ДТГ байх ёстой гэдэг зарчмыг баримталж, хэд хэдэн газар ДТГ шинээр нээхээс эхлээд шинэчлэл нэлээд хэрэгтэй байна.
MNC ТЕЛЕВИЗ: Солонгосын хойгийн асуудалд манай Засгийн газар ямар байр сууринаас хандаж байна вэ? Манай улс БНАСАУ, БНСУ-тай аль алинтай нь дипломат харилцаатай шүү дээ?
Л.Болд: Манай улс аль алинтай нь уламжлалт найрсаг харилцаатай. Тиймээс бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд бид онцгой анхаарах ёстой. Дайн дажин гэдэг хүн бүрийн амьдралд сөрөг муу нөлөөтэй.
Саяхан Улаанбаатар хотноо зохиогдсон АОХН-ийн Сайд нарын хурлаар манай Ерөнхийлөгч бүс нутгийн аюулгүй байдалд санаа тавьж буйгаа дахин тунхаглаж, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын төлөө Улаанбаатарын яриа хэлэлцээний механизмыг бий болгоё гэсэн байр суурь илэрхийлсэн. Хоёр Германы байдал хурцадмал байх үед Финланд Улс идэвх чармайлт гаргасан нь “Хельсинкийн процесс” хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Өнөөдөр тэрхүү сөргөлдөөнтэй байсан орнууд Баруун Европын томоохон бүс нутаг болчихоод байна.
Үүний жишгээр, бидний хажууханд дэлхийн хэмжээний сөргөлдөөн болж байхад зүгээр хараад сууж болохгүй. Аль болох идэвх чармайлт гаргаж, цаашид бүс нутгийн хэмжээнд яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаа.
MNC ТЕЛЕВИЗ: Манай улсын хувьд гуравдагч хөрш гэх ойлголт маш чухал байр суурь эзэлдэг. Гэтэл хэд хэдэн улсыг гуравдагч хөршөөр нэрлээд байх шиг байна. Ер нь гуравдагч хөршийн харилцаанд Шинэчлэлийн Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ?
Л.Болд: Монгол Улс газарзүйн байрлалын хувьд хоёр хөрштэй. Хэн ч хөршөө сонгодоггүйтэй адил энэ хоёр том гүрэн бол манай мөнхийн хөршүүд юм. Гэхдээ бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус байдал талаасаа бид гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хамгийн сүүлд л гэхэд Япон, Түркийн Ерөнхий сайд нар айлчиллаа. Монгол Улс гуравдагч хөрштэйгээ эдийн засгийн томоохон төсөл, илүү ирээдүйг харсан харилцан ашигтай хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Мөн хөршүүдтэй сайн найз төдийгүй сайн хамтрагч байх нь бидний бодлого юм.
ETV ТЕЛЕВИЗ: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Б.Хурц, Н.Энхтуяа нарын асуудалд монголын тал хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
Л.Болд: Интерполоор эрэн сурвалжилж байгаа асуудал нь хуулийн байгууллагад хамаарна. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын тухайд хуулийн процесс нь явж байгаа. Монгол Улс иргэнээ хамгаалах үүрэгтэй. Энэ үүднээс ГХЯ дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ асуудал ойрын хугацаанд хуулийн хүрээнд зохих шийдвэрт хүрэх болов уу гэж найдаж байна.
“EAGLE” ТЕЛЕВИЗ: Гадаадад ажиллаж, амьдарч байгаа, гадаад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэдийн эрх зөрчигдөхөд Гадаад харилцааны яам тэдэнтэй хэрхэн холбогдож эрхийг нь хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ. Т.Аятунгаа, С.Энхмаа зэрэг иргэдийн эрхийг хамгаалах асуудал дээр Консулын газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
Л.Болд: Гадаад дахь Монгол иргэдтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхэд Консулын байгууллагын хувьд эргэлзээгүйгээр өөрийнхөө хамгаалалтад авч, иргэн бүрээ хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Монгол Улсын иргэдтэй хамаатай аливаа асуудал нь Монгол Улсын асуудал юм. Нэг үеэ бодвол Монгол Улсын олон иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Манай иргэдийн хэн нэгэнд асуудал үүсэхэд “Та өөрөө учраа ол. Бидэнд хамаагүй” гэх хандлага гаргах учиргүй. Тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамандаа хандаад хүссэн хэмжээний тусламжаа авч чадаагүй бол бидэнд шууд хандаж болно. Тэгэхдээ ийм алдаа дутагдал гарахгүй болов уу гэж итгэж байна. Хэрэв алдаа дутагдал гарвал бид шаардлагатай арга хэмжээг авах болно. Нэг зүйлийг онцолж захимаар байна, монголчууд маань гадаад оронд зорчих бол Гадаад харилцааны яам болон хуулийн байгууллагаас зөвлөгөө авдаг байх, эрхээ хамгаалахын тулд хувийн бэлтгэлээ сайн хангаарай л гэж хүсэх байна. Удахгүй гадаад орнуудад зорчиход юуг анхаарах тухай зөвлөмж мэдээллийг бид олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.
Мөн онцолж хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газар гадаад дахь монгол иргэнийхээ эрх ашгийг хамгаалах тал дээр шийдвэртэй бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, Филиппиний Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчлах тухай асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдахад сайд нар “Эхлээд Т.Аятунгаагийн хүүхдийн асуудлыг ярьж, тодруулж, шийдвэрлэх ёстой. Үүний дараа бусад асуудлаа ярина” гэсэн хатуу байр суурьтай байх жишээтэй. Ер нь гадаад дахь Монгол иргэн бүр үнэтэй капитал. Тийм учраас иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлд Гадаад харилцааны яам тууштай зогсоно.
NEWS.MN: Элчин сайд нарыг ямар шалгуураар томилдог юм бэ? Сүүлийн үед элчин сайд нарын томилгооны асуудал шүүмжлэлд өртөх болсон. Хариуцлага алдсан элчин сайд нарыг эргүүлэн татсан, хариуцлага тооцсон тохиолдолд байдаггүй. Тэгэхээр тэдний ажлыг идэвхижүүлэх, иргэндээ үйлчилдэг болгохын тулд ГХЯ ямар бодлого, арга хэмжээ авч байна вэ?
Л.Болд: Зарим оронд элчин сайдаар зөвхөн дипломат ажилтнуудыг томилдог бол зарим оронд зөвхөн төрийн албаны хүнийг томилдог. Манай улсын хувьд хослуулж байна. Энэ нь ч зөв. Аль алийг нь хослуухад бие биенээсээ суралцах, нөхөх сайн талтай юм. Элчин сайд гэдэг хүн бол олон улсын хэмжээнд онцгой статустай, Монгол Улсыг дээд хэмжээнд төлөөлж чадах, маш их зүйлийг бүтээх боломж, чадвартай хүн байх ёстой. Хэрвээ Элчин сайд эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй алдаа дутагдал гаргах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд хариуцлага тооцно. Гэхдээ одоогийн байдлаар Гадаад харилцааны яаманд Элчин сайд нартай холбоотой гомдол ирээгүй байна. Гомдол гарч, Элчин сайд алдаа гаргасан байх юм бол эгүүлэн татахад эргэлзэх зүйл байхгүй. Ер нь Гадаад харилцааны яамнаас Элчин сайд нарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлынх нь чанарыг сайжруулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ.
“BLOOMBERG” ТЕЛЕВИЗ: Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал зохион байгуулагдах үеэр орчуулга тун тааруу байсан. Өглөөнөөс орой хүртэл нэг л хүн орчуулга хийж харагдсан. Цаашид олон улсын чанартай томоохон хурал зохион байгуулагдах байх. Орчуулгыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Л.Болд: Эмзэг сэдэв хөндлөө. Үнэхээр 100 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч оролцсон олон улсын хуралдааны үеэр орчуулга маш муу байсан. Жишээ нь, би англи хэлээр илтгэлээ тавиад орой нь орчуулгыг сонсоод би арай ч ийм зүйл яриагүй дээ, намайг ингээд ойлгочих вий гэж бодогдсон. Энэ хуралдааны үеэр гадаадын олон орны төлөөлөгч маш чухал үг хэлсэн, тэр нь маш чамлахаар монгол хэлнээ орчуулагдсан. Манайд сайн орчуулагч нар бий юу гэвэл бий. Төрийн албаны цалин тааруу учраас хувийн хэвшил рүү маш олон сайн хүн явсан нь ажиглагдсан. Сайн орчуулагчийг бэлтгэх цаг болжээ. Бид Дипломат Академи байгуулахаар ажиллаж байна. Энэ академи нь орчуулагч бэлтгэх чиглэлээр мөн ажиллах юм. Сая бид 100 гаруй орны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид оролцсон арга хэмжээг зохион байгуулах бололцоотой гэдгээ харууллаа. Ирээдүйд бид энэ мэт томоохон хэжээний арга хэмжээг зохион байгуулах болно. Иймд цаашид бодлогоор сайн орчуулагчдийг бэлтгэх ёстой. Энэ тал дээр бид анхаарлаа хандуулж ажиллана.
ҮНДЭСНИЙ РАДИО: Та ярианыхаа эхэнд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч нарыг хүлээж авдаг орон болсон гэж хэлсэн. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ оны эхний хоёр сарын байдлаар гадаад хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 60 орчим хувиар буурсан тухай зарласан. Хөрөнгө оруулагчид бизнесийн тогтвортой орчныг шаарддаг. Энэ тал дээр бодлого тодорхой болсон гэсэн үг үү?
Л.Болд: Сонгуулийн жилд гадаадын хөрөнгө оруулагч нар тухайн улсад хөрөнгө оруулахдаа хүлээлтийн байдалд шилждэг тал бий. Мөн улстөрийн бодлогын төвшинд ямар байр суурь барих гээд байгаа нь ойлгомжгүй байдалд ордог талтай. Энэ нь сонгуультай холбоотойгоор үүсдэг. Нэр дэвшигчийн зүгээс “Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсаас гаргах ёстой” гэх сурталчилгааг хийнэ, эргээд энэ нь ойлгомжгүй байдал үүсгэж хөрөнгө оруулалтад нөлөөлдөг гэх мэт хүчин зүйлүүд бий. Гэхдээ УИХ-ын сонгууль дууссан, шинэчлэлийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт дээр тогтвортой бодлого барина гэдгээ Монгол Улсын төр, засаг бүх шатандаа мэдэгдсэн. Холбогдох хуулинд ч өөрчлөлт оруулсан. Гадаадын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау томоохон хөгжлийг авчирна. Тийм болохоор ойрын үед өмнөхөөсөө хэд дахин илүү хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
TV5 ТЕЛЕВИЗ: Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй хэчнээн улс байна вэ. Гадаадад монголын хэчнээн иргэн байна вэ? Гадаад дахь монголчуудаа эх оронд буцаан авчирч хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
Гадаадад Монгол Улсын нийт 39 дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Саяхан Засгийн газрын хуралдаанаар энэ тоо зургаагаар нэмсэн. Өөрөөр хэлбэл, ойрын үед 45 болно. Гадаадад байгаа иргэдийн тоо янз бүр байна. Иргэд бүртгүүлж байгаа ч хангалтгүй. Манай яамны тавьж байгаа гол зорилго бол гадаадад байгаа иргэний бүртгэлтэй болох явдал юм. Ингэхийн тулд та бүртгүүл гэж захиргааны арга хэмжээ авах бус, бүртгүүлбэл, хүүхдийн мөнгө өгөх, хувьцаа эзэмшүүлэх зэрэг эдийн засгийн бодит дэмжлэг, хөшүүрэг бий болгох нь чухал. Ялангуяа монгол иргэн олноор ажиллаж, амьдарч буй Япон, Солонгос, Герман зэрэг улсад энэ асуудал байнга тавигдаж байдаг. Ихэнхи иргэн маань гадаадад бидний хэлдгээр “хараар” ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ бол тухайн орондоо хууль бус оршин суугч. Харин эх орондоо, Монгол Улсын хувьд монголын нэг иргэн үнэт капитал юм шүү. Тэр хүмүүсийг эх оронд нь ирэхэд зээлийг нь олгож, бизнес эрхлэх боломжийг нь олгох, хүүхдүүдийнх нь боловсролд анхаарах зэрэг олон таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа.
TV5 ТЕЛЕВИЗ: БНСУ Монгол Улсын иргэдэд визийн хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Бусад улс орнуудтай иргэддээ визийн хөнгөлөлт эдлүүлэх талаар ярьж байгаа зүйл бий юу?
Визийн хөнгөлөлтийн хувьд, БНСУ-ын виз дээр эхний хөнгөлөлт авч байна. Монгол Улсын иргэд БНСУ руу зорчих виз хүсэхэд маш хүндрэлтэй, маш олон нөхцөл шаардлага тавьдаг боловч Солонгосын иргэд Монгол руу зорчихдоо манай Элчин сайдын яаманд хандах бус Солонгосын компаниас виз авдаг нөхцөлтэй байсан. БНСУ-ын виз авахад 10-20 сая төгрөгийн барьцаа авдаг байсныг бид өөрчилж чадсан. Цаашид Япон, Солонгос, Америк, Орос, Европ зэрэг орнуудад визийн хөнгөлөлт, улмаар цаашид визгүй зорчих асуудлыг тавина. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд эдгээр нэр дурдсан орнуудад монгол иргэн зорчиход визгүй зорчдог болох тэр нөхцлийг бүрдүүлэх талаас бодитой ахиц гаргана.
Бид Герман улстай визийн хөнгөлөлтийн хэлэлцээрт гарын үсэг өнөөдөр зурна. Дипломат паспорттой иргэдийг визгүй зорчуулах тухай хэлэлцээр юм. Европ дахь Шенгений бүсээс нэг л улс визийн хөнгөлөлт эдлүүлсэн нөхцөлд бусад улс нь хүлээн зөвшөөрөх бололцоо нээгддэг. Мөн бид Япон, Америк улстай визний нөхцлийг хөнгөвчлөх тал дээр тодорхой алхмуудыг хийж байна.
NBS ТЕЛЕВИЗ: Нийгэмд шуугиан тарьж байгаа хэргүүдэд таныг холбогдуулан бичих болсон. Тухайлбал, МИАТ-ийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан эмэгтэй “Голомт” банкны теллерээр ажиллаж байсан. Дээр нь Зэвсэгт хүчний жанжин штабын генерал зэвсгийн наймаанд холбогдоход таныг мөн хамаатуулж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Л.Болд: Улс төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн олон нийтэд байнга ил, нээлттэй байдаг. Энэ бол зөв хэрэг юм. Үнэхээр эргэлзээтэй зүйл байгаа бол би шалгуулна. Шалгуулсан үр дүнгээ эргэж мэдэгдэнэ. Сүүлийн найман жил би төрийн ажил хийж байгаа. Хувийн бизнест оролцоогүй, оролцох ч үгүй. МИАТ-тай холбоотой асуудлаар шалгаж байгаа. Тэр хэрэгт нь намайг холбоотой байна уу, үгүй юу гэдгийг хуулийнхан шалгаад үнэнийг тогтоох байх.
Сүүлийн үед зориуд зохион байгуулалттайгаар намайг зэвсэг наймаалсан мэтээр бичсэн байна. Өмнөх Засгийн газарт шийдэгдээд явж байсан зүйлийг би зогсоосон хэргийг надад хамааруулж хар пиар явуулсан. Би энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан, холбогдолгүй болох тухай хариуг мөн ирүүлсэн байгаа. Надад ямар нэгэн нууж хаагаад, болгоомжлоод байх зүйл байхгүй. Миний хувьд 1990 онд Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон үеэс улстөрийн амьдрал маань эхэлсэн. Гэхдээ энэ хугацаанд сонгуульд ялагдсан үедээ би хувийн секторт тэр дундаа банк санхүүгийн салбарт ажиллаж “Голомт”-ыг хөл дээр нь босгосон нь ч үнэн. Мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Монголын Зэвсэгт хүчний гадаад харилцааг дэлхийн төвшинд хүргэхийн төлөө зорьж зүтгэж явсан. Зэвсгийн наймаанд оролцоод явах хүн биш гэдгийг мэдэх хүн нь мэднэ.
NBS ТЕЛЕВИЗ: БНХАУ-ын иргэд өнжөөд шахуу 400, 500-гаараа орж ирж байна. Энэ хүмүүс ямар шалгуураар орж ирдэг вэ? Сурвалжлаад явахаар цаад компаний зүгээс барилга дээр ажиллана гэдэг.
Л.Болд: Өнөөдөр хятад ажилчин болгон манай Засгийн газрын албан ёсны зөвшөөрлөөр л орж ирж байна. Тодорхой компаниуд хуулиар тогтоосон квот лимитийн хүрээнд Засгийн газарт Хөдөлмөрийн яамаар дамжуулж өргөдөл гаргаад ажилтан оруулж байгаа.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад Засгийн газар энэ бодлого дээр маш хатуу бодлого баримталж байгаа. Өмнөх жилүүд шиг олон арван мянгаар нь оруулдаг асуудал байхгүй. Үнэхээр монгол хүн ажиллах боломжгүй тийм л төслүүдэд шалгаруулж тусгай зөвшөөрлийг олгож байгаа.
Одоогоор бүтээн байгуулалтын үе эхэлж байгаа тул зөвшөөрөлтэй ажилчид олноороо орж ирж таарч байгаа байх. Энэ бүх төслүүдийг ил тод олон нийтэд танилцуулаад та нар дүгнэлтээ хийж болно. Тэд ажлаа хийгээд намраас буцна. Энэ байдал ойрын нэг, хоёр жилдээ үргэлжилнэ байх. Гэхдээ бид гаднаас ажилтан авах биш монгол ажилчдаа бэлдэж мэргэшүүлэх, ажлын байр олгох тун хатуу бодлого баримталж байгаа. Цаашдаа гаднаас орж ирэх ажилчдын тоо багасна.
МОНГОЛ HD ТЕЛЕВИЗ: Өнөөдөр /5 дугаар сарын 8/ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн манай улсад айлчилж байгаа. Үүнтэй холбогдуулан дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын хөрөнгө оруулалт ямар ямар салбарт хэр орж ирж байна вэ? Надад байгаа тоо баримтаас харахад сүүлийн үед хөрөнгө оруулалтын тоо баримт цөөрөөд байх шиг. Үүнд тайлбар өгнө үү.
Л.Болд: БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүний айлчлал бол томоохон бодлогын чанартай айлчлал болно. Энэ айлчлалаар хоёр орны цаашдын харилцаанд ямар ямар чиглэлээр анхаарах вэ гэдэгт харилцан ярилцана. Надад бол хөрөнгө оруулалт буурч байгаа гэсэн мэдээ байхгүй. Хятадын тал бидэнд өнөөдөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах бодлогоо бидэнд танилцуулна. Хоёр улсын хооронд хөгжүүлэхээр шийдээд байгаа стратегийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны хөтөлбөрүүдийн талаар ярилцахад энэ айлчлал чухал ач холбогдолтой.
МОНГОЛ HD ТЕЛЕВИЗ: Ялтан шилжүүлэх гэрээтэй холбогдуулан асуухад манай улсын хичнээн иргэн, хичнээн улс оронд ямар ямар шалтгаанаар хорих ял эдэлж байна вэ?
Консулын газрын захирал Ш.Сүхбаатар: Өнөөдрийн байдлаар гадаадын 16 оронд Монгол Улсын 159 иргэн ял эдэлж байна. ГХЯ-наас ял эдэлж байгаа монгол иргэдтэй биечлэн уулзах ажлыг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зохион байгуулж ар гэрийнхэнтэй нь холбоо барих зэргээр ажиллаж байна. Мөн холбогдох мэдээллийн дагуу өөрсдийн орны иргэдэд туслах ажлуудыг хийж байгаа.
БНСУ-д манай 29 иргэн сураггүй болсон байснаас 12 нь олдсон. Энэ хүмүүс бүгд гэнэт алга болчихсон юм биш. Бүртгэл сайжраад ирэхээр 1990-ээд оноос хойш алга болсон хүмүүсийн мэдээллийг гаргасан нь энэ. Гэхдээ эдгээр иргэдийн ес нь Монголд ажиллаж амьдарч байгаа нь тогтоогдсон. Үлдсэн иргэд мөн олдох байх. Бид цагдаагийн болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
Гадаадад байгаа манай зарим иргэдтэй холбоотой мэдээлэхэд өнөөдөр гэхэд Балба улсад очоод эх орондоо ирж чадахгүй байсан иргэн Буяндэлгэрийг Гадаадад байгаа иргэдэд байгаа туслах сангаас зардлыг нь гаргаж энэ сарын 11-нд эх оронд нь авчрахаар болсон. Түүнчлэн ОХУ-д очоод буцаж Монголдоо ирэх боломжгүй болчихоод байсан иргэн Оюунчимэгийг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь эргүүлэн авчраад байна.
Өнгөрсөн долоо хоногт Эрээнд тус улсын хилийн цэргийн ажилтнуудад манай улсын иргэн зодуулж хүнд гэмтэл авсныг манай консулын газар түргэн шуурхай ажиллаж хууль хяналтын байгууллагад шалгуулж, эмчилгээний зардал 30 мянган юанийг буруутай талаас гаргуулсан. Энхмаа, Аятунгаа, Золзаяа гэх мэт хэвлэлээл шуугиж байгаа иргэдээс гадна олон иргэний асуудал байгаа. Бид бүх иргэдийнхээ төлөө анхаарч ажиллаж байгаа.
МОНГОЛ HD ТЕЛЕВИЗ: Гадаадад хорих ял эдэлж байгаа манай иргэд яг ямар хэргээр хорих ял эдлээд байдаг юм бол?
Үйлдсэн гэмт хэргийг нь харах юм бол монголчууд хулгайн хэрэг их хийж байгаа. Үүнээс гадна их анхаарал татаж байгаа хэрэг нь хар тамхины хэрэг юм. Зөвхөн хар тамхины хэргээр 34 иргэн ял эдэлж байгаагийн ихэнх нь БНХАУ-д хоригдож байна.
MONGOLIAN ECONOMY СЭТГҮҮЛ: Юуны өмнө сэтгүүлчидтэй нээлттэй уулзаж байгаа Гадаад харилцааны сайдад баярлалаа. 2013 онд Гадаад харилцааны яамнаас олон улсын томоохон арга хэмээнүүдийг маш амжилттай зохион байгуулж байгаа. Түүний дотор АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг зохион байгууллаа. Энэ хурал үнэхээр сайн болсон. Нэг том арга хэмжээ 9 сард зохиогдохоор үлдээд байгаа нь ДАВОС Монголд гэсэн арга хэмжээ. Энэ арга хэмжээний зохион байгуулалт, бэлтгэл ажил нь хэр байна вэ? АОХН-ийн хурал бол олон оролцогчтой, өндөр дээд хэмжээний хурлын өмнөх сурталчилгаа нь бага байсан.
Л.Болд: Та бүхэн мэдэж байгаа. Жил болгон оны эхэнд дэлхийн 2000 гаруй улс төрийн шийдвэр гаргагчид болон бизнесийн томоохон төлөөллийг багтаасан чуулга уулзалт Швейцарийн Давост болдог. Энэ хугацаанд хоёр хурлын завсар бүс нутгаар тодорхой уулзалтууд болдог. Жилдээ нэгээс хоёр оронд тусгайлсан уулзалт хийдэг. Энэ жил Монгол болон Японд хоёр тусгайлсан уулзалтыг хийхээр шийдсэн байгаа. Өнгөрсөн онд ОХУ-д хийж байсан. Ингээд харахад эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа Монгол Улсад маш чухал хурал юм. Нэг ялгаа нь АОХН-ийн хурал бол аль болох олон орныг оролцуулах байсан бол Давосын хурлын үр дүн нь олон түмний анхааралд өртдөг ч гэсэн нийтдээ 150 орчим улс төрийн болон бизнесийн лидерүүд ирдэг оролцогчдын хувьд хаалттай хурал юм. Дэлхийн олон улс төрийн, бизнесийн лидерүүд ирэхээс гадна Давосын чуулга уулзалтын ерөнхийлөгч ноён Клаус Шваб өөрөө ирнэ гэдгээ бидэнд мэдэгдсэн. Монгол Улсын цаашдын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулахад, дэлхийд таниулахад энэ хурлын гол үр дүн нь оршино. Бид одооноос эхлээд хийж байгаа томоохон судалгааныхаа үр дүнг танилцуулна. Үүний цаана бид эдийн засгийн хөгжлийн зөв чиг хандлагаа авахад гадны зөвлөгөө авна, нөгөө талаар бид зөв чиг хандлагаар асуудлыг шийдээд явах юм бол Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа шинэ гарааг бий болгох томоохон ач холбогдол бүхий хурал болно. Хэдийгээр оролцогчдын хүрээ нь бага боловч ач холбогдлоороо дэлхийн хамтын нийгэмлэгийн хурлаас ч дутахгүй гэдгийг дахин тэмдэглэх хэрэгтэй. Сурвалжлах сэтгүүлчдийн тоо мэдээж хязгааргүй. Гадаад дотоодын маш олон хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож, сурвалжилна. Та бүхнийг ч гэсэн идэвхтэй сурвалжлаасай гэж урьж байна.
ТМ ТЕЛЕВИЗ: Манай улс харилцан визгүй зорчих улс орнуудаа ямар шалгуураар сонгодог вэ? Харилцан визгүй зорчих хэдэн улс байдаг вэ? Хамгийн сүүлд Түрк Улстай харилцан визгүй зорчих боллоо шүү дээ. Энэ талаар сөрөг хандлага байна.
Л.Болд: Визгүй зорчих орны хувьд шалгуур байлгүй яахав. Эдийн засгийн хөгжлийн хувьд маш буурай гэх мэт улс оронд визгүй зорчих асуудал байхгүй. Хоёр хөрш болон БНСУ, Япон гэх мэт гуравдагч хөршийн хүрээнд визгүй зорчих асуудлыг тавьж байгаа. Түркийн хувьд тухайн үедээ би үүнийг улс төр гэж ойлгосон. Тус улс нь Европтоо аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх эгнээнд явдаг. Тиймээс Түрк Улсад аялал жуулчлал хийх, Түркээс хөрөнгө оруулагчид орж ирэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нааштай гэж хэлж болно. Мөн Түрк нь бусдад зөв жишээ үзүүлсэн. Яагаад гэвэл хэдхэн жилийн өмнө визтэй байхад жилдээ 600 – 700 монгол иргэн Түркэд очдог байсан. Харин Түрк улс түрүүлж өөрийн талд визгүй зорчих шийдвэр гаргаснаар тус улсад очих хүний тоо бараг 10 дахин өсч 7000, 8000 болсон нь олон иргэний аялан жуулчлахад, бизнес эрхлэх болон бусад талаараа нааштай болсон. Нөгөө талаар Түрк нь Монгол Улсын түнш улс больё, хөрөнгө оруулагч больё, эдийн засаг хөрөнгө оруулалтын салбарт олон хамтарсан зүйлийг хэрэгжүүлье гэж байгаа юм. Тиймээс бид хоёр талдаа харилцан шийдсэн гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Энэ бол цаашид манай улсын хөгжилд тус нэмэртэй шийдвэр юм. Бид шалгуурынхаа дагуу гуравдагч хөршөөс гадна улстай харилцан визгүй болох асуудлыг тэр болгон тавихгүй, нарийн шалгуур баримтлана гэдгээ дахин хэлье.
АРДЧИЛАЛ СОНИН: Та түрүүн гадаадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Хэрхэн бүрдүүлэх вэ?
Л.Болд: Сангийн хөрөнгө нь улсын төсвөөс бүрдэж байгаа. Өнгөрсөн жил 173 сая төгрөгийн байсныг энэ жил 273 сая төгрөг болгосон. Гадаадад байгаа манай олон иргэнд тулгарч буй асуудлуудтай харьцуулахад энэ хөрөнгө нь маш бага юм. Цаашид бид “Засгийн газрын тусгай сангийн хууль” шинэчлэгдэхэд энэ санг өргөжүүлж, иргэд, хувийн байгууллага, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд иргэдэд туслах боломжийг хангаж байхаар боловсруулна. Мөн Монгол Улсын төр ч гэсэн хувь нэмрээ улам нэмэгдүүлэх тал дээр, сангийн хөрөнгө иргэдэддээ хүрч, зөв зүйтэй зарцуулагдаж байна уу гэдэгт анхаарна.