Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. 2010 оноос хойш 4 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм. Мөн сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн 6 дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг, 14-р хороо Цамбагаравын гудамжинд, Баянгол дүүрэг 76-р цэцэрлэг, Сүхбаатар дүүрэг 12-р хороонд, Сэлбэ голын мод үржүүлгийн талбайд, Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбайд, Хан-Уул дүүрэг Ажилчдын талбайд, Баянзүрх дүүрэг Ботаникийн цэцэрлэг, Гачуурт "Хар усан тохой" орчимд мод тарих юм. Энэ үеэр сайн дурын идэвхитэн “Ногоон элч”-үүд дүүрэг бүрт ажиллаж мод тарих, ургуулах тухай мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын мэдээлснээр нийслэлийн харъяа 47 агентлагийн мод тарих үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, зарим байгууллагууд СХД-ийн Өлзийт хороолол орчим, "Ногоон хэрэм" төслийн зурвас хэсэгт мод тарих, гэр хороололд амьдардаг ажилтны хашаанд мод тарих зэргээр оролцоно гэдгээ мэдэгджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.