Инновацийн туршлагаас суралцах үндэсний семинари болно

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Инновацийн туршлагаас суралцах үндэсний семинари болно

Зургадугаар сарын 7,8-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны хурлын танхимд Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо болон Азийн хөгжлийн банк хамтран “Инноваци болон хөгжилд Азийн шилдэг туршлагаас суралцах нь” төслийн үндэсний семинарыг зохион байгуулах гэж байна. 2008 онд Азийн хөгжлийн банк “2020 он хүртэлх урт хугацааны стратеги” хэмээх баримт бичгээ шинэчлэн гаргасан юм. Энэхүү баримт бичгийн нэг зорилт нь технологи, инновацийг гишүүн орнуудын хөгжлийн гол түлхүүрийн нэг хэмээн үзэж энэ талаар тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд инновацийн хөгжилд онцгой үүрэгтэй гэж үзсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн болон шинжлэх ухаан, технологийн бодлого, мэдээлэл харилцааны бодлого, хүний нөөцийн бодлого гэсэн дөрвөн чиглэлээр сонгосон гишүүн орнуудын шилдэг туршлагыг судлан хөтөлбөр боловсруулж түүнд хөгжиж байгаа орнуудын бодлого боловсруулагчид, судлаачдыг урт, богино хугацаанд хамруулан сургасан байна. Монголын талаас туршлага судлах болон урт, богино хугацааны сургалтад Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Үндэсний шинэтгэлийн хороо, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газар, Удирдлагын Академи, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг байгууллагаас хорь гаруй хүн хамрагджээ.
 
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж