Монгол Улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон хэвээр байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Монгол Улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон хэвээр байна гэв

Саяхан нийслэлийнхэн хөрөнгө оруулагч, доноруудтайгаа уулзсан. Уг уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Ганболд хэлэхдээ:

-Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жилийг үдэж байгаа ч Монгол Улс үйлдвэрлэгч орон гэхээс илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг “импортлогч орон” хэвээр байна. Хэрэглэгчээс үйлдвэрлэгчид шилжихийн тулд үйлдвэрлэл эрхлэгчдийг бие даан хөгжих чадвартай болгох, үйл ажиллагаа нь тогтмолжих хүртэл нь төрийн дэмжлэг, зохицуулалт зайлшгүй шаардлагтай байгаа юм. Нийслэлийн хувьд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхайн үйлдвэрлэл 21,1 хувь, боловсруулах үйлдвэрлэл 17,9 хувь, цахилгаан дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 13,9 хувиар тус тус өссөн . Өнөөдрийн байдлаар нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг худалдаа үйлчилгээний салбар эзэлж байгаа нь аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэл явуулах сонирхлыг бууруулж, улмаар импортоос хараат байх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн юм.

Өнгөрсөн оныг “Үйлдвэржилтийн жил”, энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласны дагуу нийслэл хотод үйлдвэрлэлийг хэрхэн явуулах талаарх судалгааг хийжээ. Хан-Уул дүүрэгт хөдөө аж ахуйн түүхий эдэд гүн боловсруулалт хийж экспортод гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр тохнологийн парк, Багануур дүүрэгт барилгын материал, шахмал түлш, төмөрлөгийн үйлдвэрлэлийн болон нанотехнологийн парк, Багахангай дүүрэгт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Налайх дүүрэгт өрхийн  амьжиргааг дээшлүүлэх төв, барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулах төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад байгаа ажээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж