Уг төсөл нь нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болох торгон агшинг хамгийн ойроос бодитойгоор мэдрүүлэх боломжийг олгох юм. Тиймээс рок, попын шилдэг 16 уран бүтээлчийн амьд дуулал болсон тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулж эхэллээ. Эхний уран бүтээлчид бол “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын “Алтан намар” дууны клип байлаа. Та уг бүтээлийг клипийг youtube.com/MongolianLive, www.twitter.com/MongolianLive, www.facebook.com/MongolianLive, www.instagram/MongolianLive гэсэн сошиал медиа хаягаар дамжуулан хүлээн авч үзээрэй. Уг клип нь эхний долоо хоног клип зөвхөн сошиал медиа хэлбэрээр үзэгчдэд хүрч, дараа долоо хоногоос гэрээний дагуу “UBS Music” сувгаар цацагдах юм байна. Харин төслийн дараагийн клипүүд мягмар гариг бүрийн 11.00 цагт үзэгчдийн хүртээл болно гэсэн шүү.
“Sweetymotion” хамтлагийнхантай уулзаж шинэ төсөл, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Энэ төсөл дээр хамтран ажиллах саналыг анх хэрхэн хүлээж авав. Төслийн тухай ямар сэтгэгдэлтэй байна?
-Бидний хувьд энэ төслийн нэгэн уран бүтээлч, анхдагч болж орж байгаадаа баяртай байна. Анх Рагу бидэнд санал тавьсан. Төслийн гол зорилго бол урлагийг амьдаар нь, ямар ч монтажгүй, студийн засваргүй олон нийтэд хүргэе гэсэн тэр гоё санаа бидэнд таалагдсан учраас хамтран ажилласан. Бид багаасаа л төгөлдөр хуур хөгжимтэй дуулж өссөн, уран бүтээлийн гараа маань тэгж эхэлж байсан учраас дасал болсон зүйлээрээ ард түмэндээ хүрэх нь гоё байсан. Энэ төслийн хүрээнд Ардын жүжигчин Д.Мяасүрэн гуайн хөгжим, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж гуайн үг “Алтан намар” хэмээх эртний сайхан дууг сэргээн дууллаа.
-Дууны сонголтыг хэн хийсэн бэ. Яагаад заавал “Алтан намар” дуу гэж?
-Бидний хувьд 1950-аад оны үед зохиогдсон ард түмний хайртай дууны нэгийг сонгосон. Манай Чинбаагийн ээж бид нарт олон жилийн өмнөөс та нар “Алтан намар” дууг дуулбал их л гоё сонсогдох юм шиг санагдаад байна гэж ярьдаг байсан. Энэ жил хийх уран бүтээлийн нэг том төсөл маань энэ дуугаар эхэлж байгаа. Эртний сайхан монгол аялгуутай гоё дуунуудыг сэргээн дуулж, мартагдсан дуунуудыг дахин хүргэх зорилгоор ажлаа эхлүүлэхээр зэхэж байтал Рагугийн төсөл давхцаж таараад, “Алтан намар” дуугаар эхлүүллээ. Бид шинэ төсөлдөө оруулах дуунуудыг илүү акустик маягаар, гитар, төгөлдөр хуур, цөөхөн хөгжимтэй дуулах бодолтой байсан. “The Mongolian Live Sessions” төсөл бидний санаанд яг гоё таарсан учраас “Алтан намар” дуугаа хоёр төслийн эхний уран бүтээл болсонд баяртай байгаа.
-Танай төсөл хэчнээн уран бүтээлийг сэргээн дуулахаар төлөвлөөд байна вэ. Хэдэн оны дуунууд зонхилох бол?
-Одоогоор 13 дуу гараад байна. Бид нар фейсбүүкээрээ хүмүүсээс сонсох дуртай, орчин үеийнхээр дуулагдаж амжаагүй байгаа дуунуудын санал авсан. Бидэнд маш олон санал ирсэн. Дээрээс нь бид хөгжмийн гэр бүлд өссөн учраас гэрийнхнийхээ санал бодлыг сонсч байгаа. Дуулаад л баймаар олон дуу байгаа шүү. Сонгосон ихэнх дуу маань 1950-иад оны дуунууд болж таарсан. Сэдвийн хувьд бол өргөн хүрээг хамарсан.
-“Sweetymotion” саяхан АНУ-ыг зориод ирсэн шүү дээ. Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Бид АНУ руу яваад “Sweetymotion” цомогтоо орсон гурван дууныхаа клипийн зургийг аваад ирсэн. Эхний клип “Наддаа эргээд ирээч” байлаа. Цацаж эхлээд удаагүй байна. Фенүүдээсээ эерэг сэтгэгдэл сонсоод баяртай байгаа. Баярлалаа, фенүүд ээ. Дараа дараагийн клип тун удахгүй гарна.
-Ямар дуунуудаа клипжүүлж эхлээд байна вэ?
-Ганзоригийн ая, Тэргэлийн үг “Эрхэм сэтгэл”, Гавьяат жүжигчин А.Долгор гуайн дуулснаар олны хүртээл болсон Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хөгжим, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа “Аргалд явсан ижий” гээд сайхан дууг өөрсдийнхөөрөө амилуулж дуулж, клипний зураг авалтыг нь хийсэн. Одоо монтаж хийгдэж байгаа. Монгол аялгуутай, ард түмэнд хүрсэн монгол дууны клипийг эх орныхоо байгальд хиймээр санагдсан ч ихэнх дуунууд Монголын бараг бүх гоё үзэсгэлэнт газруудыг харуулчихсан байдаг. Тиймээс АНУ-ын Аризона мужийг зорьж, дэлхийн гайхамшигт багтах алдарт Улаан ууланд зураг авалтаа хийгээд ирлээ.