Г.Хишигсайхан: Олимпод оролцоно гэдэгт итгэдэг

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Г.Хишигсайхан: Олимпод оролцоно гэдэгт итгэдэг

Өмнөд Солонгосын Чежү хотод хэт холын марафоны Азийн нээлттэй тэмцээн болж, Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тамирчин оролцож алт, мөнгөн медаль хүртсэн талаар мэдээлсэн. Тэгвэл 100 км-ийн марафон гүйлтийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн Г.Хишигсайхантай ярилцлаа.

-Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж 100 км-ийн марафон гүйлтийн уралдаанаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар хуваалцаач?

-Солонгосын Чежү хотод 100 км-ийн хэт холын марафон гүйлтийн Азийн нээлттэй тэмцээн болсон. Өмнө нь Чежү хотод 12 удаа зохион байгуулсан юм билээ. Харин энэ жилийн тэмцээнийг олон улсын нээлттэй гэсэн статус дор зохион байгуулж дэлхийн 16 орны 376 тамирчин өрсөлдсөн юм. Дээрх тамирчдаас би 10 цаг 59 минутад барианд орж мөнгөн медаль хүртсэн. Мөн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадсан. Тэмцээнд нэлээд хүйтэн, салхитай нөхцөлд болсон учраас их хүнд уралдааны тоонд орж байгаа. Яг тэмцээн болдог өдөр өглөөнөөс эхлээд бороо орж, бороо орохоор Чежү арлын далайн салхи улам хүчтэй болдог юм билээ. Тамирчдыг тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгасан даа.

-100 км гүйнэ гэдэг тийм ч амар биш. Тэр тусмаа хүйтэн байсан гэлээ. Уралдааны замд гарахаас зүрхшээж байв уу?

-Зүрхшээсэн үе бий. Гэхдээ намайг энэ тэмцээнд оролцоход маш их туслалцаа үзүүлсэн Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхаа иргэдийн итгэлийг алдаж болохгүй шүү гэсэн бодолтойгоор гараанаас гарсан. Уралдаанд амжилт гаргахгүй байж болно. Ямар ч байсан гараанаас гарсан л бол барианд орох нь чухал гэж замын турш бодсон. Өөрийгөө медаль хүртэнэ гэж бодоогүй.

-Хүйтэн, салхитай, бороотой нөхцөлд гүйхэд хэцүү байсан уу?

-Даарсандаа цув, малгай өмсөөд уралдсан. Гэвч өмссөн зүйл маань биед наалдаад гүйхэд маш хүндрэлтэй байлаа.

-Мэдээж хол замд гүйхэд ам цангах нь ойлгомжтой. Цэвэр усны асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-10 км тутамд усны цэгтэй. Гэхдээ түр амарч ус уухдаа огт зогсч болохгүй. Хэрвээ зогсох юм бол шөрмөс татах, эсвэл бие эвгүйрхэх магадлал өндөр. Тиймээс доороо шогшиж байгаад амныхаа цангааг багахан хэмжээд тайлаад л замдаа гарч байсан.

-Мэдээж хол замд гүйж байгаа учраас тодорхой тактик хэрэглэсэн байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бөөн гараанаас гарч өрсөлдөгч нараасаа тасраад, дараа нь өөрийн хэмнэлээ алдахгүй нэг темпээр гүйх тактиктай байсан. Яг өөрийнхөө бодсон тактикийн дагуу уралдаж медальд хүрлээ.

-Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг вэ. Ялангуяа Монголын нөхцөлд бэлтгэл хийх боломж муутай гэж ярьдаг шүү дээ?

-Боломжгүй гэвэл бүх боломж гарч ирэхгүй гэж боддог. Тиймээс Улаанбаатар хотдоо бэлтгэлээ хийж байна. Өдөрт 30-40 км гүйдэг. Ингэхээр долоо хоногт 180-210 км гүйнэ гэсэн үг л дээ. Маршал, Скай резорт, Төв аймгийн чиглэлрүү ихэвчлэн гүйж бэлтгэлээ хийж байгаа. Ер нь хэт холын марафоны замын тал нь тартан, бас шороо, цементэн зам байдаг. Тийм учраас Монголын нөхцөлд бэлтгэл хийх боломжтой. Гэхдээ аль болох богино хугацаанд ганц ч гэсэн тартан замтай болоосой гэж хөнгөн атлетикийн тамирчны хувьд чин сэтгэлээсээ мөрөөддөг.

-Хэт холын марафонд гүйж байгаа тамирчин олимпийн төрөлд багтдаг 42 км-ийн уралдаанд амжилт үзүүлэх магадлал өндөр юм шиг санагдлаа. Олимпод оролцох бодол байдаг уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Европ болон Азийн орны хэт холын гүйлтийн тамирчид бэлтгэлээ 21, 42 км-ийн уралдаанд оролцож хангадаг юм билээ. Олонхи нь олон улсын марафоны тэмцээнээс медаль хүртсэн байдаг. Холын зайнд гүйх тусмаа туршлага, тэсвэр хатуужил суудаг учраас өөрийгөө олимпод хүчээ сорих боломжтой гэдэгт итгэдэг. Тийм өдөр ч ирэх байх. Хэрвээ норматив цагаа биелүүлэх л юм бол магадгүй 2016 оны олимпод оролцохыг үгүйсгэхгүй. Гүйлтийн спорт бол туршлага суух тусмаа амжилт гаргах магадлал ихтэй. Ер нь бол миний гол зорилгын нэг бол олимпийн наадмын марафон гүйлтийн замд Монголын нэрийг гаргаж уралдах. Энэ зорилго мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээнэ, бас итгэж байна.

-Медалийн тавцанд гараад зогсч байх үед юу бодож байв?

-Бариа ойртох тусам сэтгэл хөдөлж байсан. Дараа нь медалийн тавцанд гараад зогсох агшинд маш их баярласан. Хэт холын марафонд Монголоос анх удаа Азийн нээлттэй тэмцээнд оролцож медаль хүртсэн болохоор их бахархалтай санагдаж байлаа. Дээрээс нь надад итгэж замын зардлаар маань санхүүжүүлж өгсөн Эрдэнэмандал сумынхаа иргэдийн итгэлийг даалаа шүү гэж өөртөө бардамнаж байсан шүү. Яагаад гэвэл би тэдний итгэлийг амжилтаар хариулахыг хүссэн юм. Эх орноо бодож зориг, тэсвэр тэвчээр гаргасандаа баяртай явдаг. Эрэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртсэн Доржпалам бид хоёрыг алт, мөнгөн медаль авахад тэнд байсан хүмүүс “Монголчууд мундаг байна. Тэвчээртэй байсан шүү” гэж хэлэхэд баярласан шүү. Тэдний хэлсэн үгнээс маш том урам авсан даа.  

-Барианд орсны дараахь процессыг сонирхож болох уу. Биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Зөөлөн гүйсээр л байсан. Тэгээд гүйгээд бариандаа ороход би маш их даарснаа мэдэрсэн. Бас биеийн булчингууд зангирч, хатуурсан. Хөлийн шагай хавагнасан. Тэмцээн дууссаны маргааш, нөгөөдөр нь алхаж, гишгэж чадаагүй. Багш маань “Гүйгээд дууссаны дараа чиний бие оцон шувуу шиг болоод явж чадахгүй болно” гэсэн. Яг хэлснээр оцон шувуу шиг хоёр тийшээ найгаад хаалгаа ч онгойлгож чадахгүй байсан.

-Олон улсын тэмцээнд оролцоход хэлний асуудлаа яаж шийддэг вэ?

-Гадаад хэл сайн мэдэхгүй. Гэхдээ Солонгост очоод бага багаар ойлголцож чадсан. Бас тэмцээний ерөнхий эмчээр Монголын “Сонгдо” эмнэлэгт ажиллаж байсан эмч ажиллаж байхтай таарсан болохоор ойлголцоход арай дөхөм байлаа.

-Хөнгөн атлетикийн спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Хөнгөн атлетикаар хичээллээд таван жил болж байна. Хэдий тийм боловч 10 жилийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн уралдаанд байнга оролцдог байлаа. Тийм болохоор өөрийгөө хөнгөний тамирчин болох ёстой гэж бодсон.

-Тэмцээнд уралдаанд оролцоход зардал мөнгөний асуудал хэр хүндрэлтэй байдаг юм бол?

-Хүнд шүү дээ. Биднийг ойлгож дэмждэг хүн цөөхөн. Тал зардлыг нь холбооноос гаргаж, үлдсэнийг өөрсдөө л даана. Дээрээс нь уураг, витамин, хувцас хэрэглэлийн мөнгөнөөс эхлээд санхүүгийн асуудал багагүй гарна. Магадгүй энэ ярилцлагыг уншиж байгаа хүн байвал хэт холын марафоны тамирчдыг дэмжээд, туслаад өгөөрэй. Бид та нарын итгэлийг алдахгүй шүү гэдгийг энэ дашрамд хэлье.

-Тусгай хоол хүнс хэрэглэдэг спортууд байдаг л даа. Та нар бас тусгай хоол хүнс иддэг үү, эсвэл?

-Бусдын л иддэгийг иднэ. Хоол ундыг нэг их хорьдоггүй. Харин гүйлтэд зориулсан тусгай витаминууд хэрэглэнэ. Гүйлт, тэсвэр, хүчнийх гээд тус тусдаа өөр.  

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж