Монгол багш нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Монгол багш нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам, БНСУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн эхний шат 2012 оны дөрвөөс зургадугаар сард үргэлжилж, Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 11, 16, 45 дугаар сургуулийн багш нар хамрагдсан. Залгуулаад БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж 2012 оны есөөс арванхоёрдугаар сард хөдөө орон нутаг, нийслэлээс багш нарыг дээрх хөтөлбөрт хамруулсан байна. Багш солилцооны хөтөлбөрт Монголоос 20, БНСУ-аас 20 багш оролцож, өөр орны дунд сургуулийн сурагчдад хичээл заажээ.

Харин энэ удаад хөдөө орон нутаг, нийслэлээс 30 багш уг хөтөлбөрт хамрагдан маргааш БНСУ-ыг зорих гэж байна. Тэдгээр багш нарыг өнөөдөр БШУЯ-нд хүлээн авч, батламж гардууллаа.

Өмнөх ээлжинд БНСУ-д багшлаад ирсэн багш нарын тухайд “Өмнөд Солонгост багш болохын тулд өндөр шалгуур давж, сонгон шалгаруулалт маш өрсөлдөөнтэй болдог, багш нар өөрийгөө хөгжүүлэх ажилд жилд 90-ээс доошгүй цаг заавал зарцуулах ёстой тухай, мөн БНСУ-ын дунд сургуулиудад ерөнхий мэдлэгээс гадна, амьдрах ухааны төрөл бүрийн хичээл ордог, танхимын сургалтаас гадна бодит, практик сургалтад ач холбогдол өгдөг гэх мэт олон сонирхолтой баримт тусгажээ. Мөн ийм төрлийн солилцооны хөтөлбөр, дунд сургуулийн багш нарт өндөр ач холбогдолтой, тэдэнд өөрсдийгөө сорих хөгжүүлэх боломжийг олгож, улмаар багш хөгжиж байж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тогтолцоог бодит хөрсөн дээр буулгахад ач холбогдол сайтай” хэмээн дүгнэж байгаа юм.

Монгол, Өмнөд Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан эдгээр багш нар нэг сарын хугацаанд тус улсын дунд сургуулиудад хичээл заах бол БНСУ-аас ч мөн багш нар Монголд ирж, сурагчдад хичээл заах ажээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж