Малын сэг зэмийг устгах ажилд НҮБ-аас туслана

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Малын сэг зэмийг устгах ажилд НҮБ-аас туслана

Цаг агаарын онц аюултай нөхцөл байдлын улмаас амьжиргаагүй болсон малчдыг бага ч гэсэн орлого олох боломжоор хангахын сацуу тэдгээрт учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдлийг бууруулахын тулд зуданд хорогдсон малын сэг зэмийг зайлуулж устгахад чиглэгдсэн “Хөдөлвөл хөлс” тусгай хөтөлбөрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) газраас Онцгой байдлын ерөнхий газартай хамтран эхлүүлэх гэж байна.

Улсын хэмжээнд нийт хорогдсон малын тоо 2.7 саяд хүрч, үхсэн малын сэг зэм ил задгай орхигдсон нөхцөл байдалтай байна.  Цас хайлж эхэлмэгц үхсэн малын сэг зэм хөрс бохирдуулах, халдварт өвчин гарах, тархах аюулд хүргэж  болзошгүй.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд малчид хорогдсон малын сэг зэмийг цэвэрлэх, булах ажил хийж тодорхой хэмжээний хөлс авах юм.  Уг хөтөлбөрт 30,000 малчдыг хамруулах зорилготой бөгөөд үүнд зуданд ихээр нэрвэгдсэн 200-аас доош мал бүхий малчдыг түлхүү оролцуулахыг зорьж байна. Засгийн газар хүйтний улирал дуусч, зунтай золготол нилээд хэмжээний мал хорогдоно гэж тооцоолж байна.  Ойролцоогоор таван сая гаруй малын сэг зэмийг булж устгах ажилд 4 сая ам.долларын хэрэгцээ буйг Монгол Улсын Засгийн газар тооцоолж гаргасан бөгөөд НҮБ-д хандан тусламж хүссэн юм.  Энэхүү хүсэлтийн дагуу НҮБХХ-өөс 300,000 ам.долларыг хуваарилсан ба зудаас үүдэлтэй хохирлыг арилгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэмэлт нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна.  Малын сэгийг булж цэвэрлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4 сая ам.доллар шаардагдах бөгөөд  НҮБ-ын төрөлжсөн байгуулагууд болох Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан үйл ажиллагааны хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэгч ноён Акбар Усмани “Хоол хүнс, орон гэр, түлш, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үндсэн хэрэгцээг хангах нь чухал боловч одоо боловсруулж буй энэхүү хөтөлбөр нь орон нутагт халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна малчдад энэ хүнд үед орлого олж гэр бүлээ тэжээх бага ч гэсэн боломж олгож байгаа юм.  Мал сүрэг бол олон Монголчуудын амьдралыг залгуулдаг амьжиргааны гол эх үүсвэр гэдгийг бид маш сайн ойлгож байна” гэж хэлжээ.

Эдгээр яаралтай тусламжаас гадна НҮБХХ-өөс зудын хохирлыг барагдуулах төлөвлөгөө боловсруулахад ОБЕГ-т дэмжлэг үзүүлэх юм.  Төлөвлөгөөний гол зорилго нь зудад хамгийн их өртөх эрсдэлтэй мал аж ахуйн салбарт ажилладаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарах юм

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж