Ажилгүй залуу үеийнхэн

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Ажилгүй залуу үеийнхэн

Дэлхий дахинд 15-24 насны ажилгүй залуусын тоо 300 саяд хүрчээ. Энэ их ажилгүйдлийн шалтгаан нь юу вэ. Үүнийг сааруулах хүчин зүйл нь юу юм бол.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан албан ёсны тоогоор 75 сая залуус ажил хайж байгаа бөгөөд энэ нь 15-24 насны нийт залуусын зургаан хувийг эзэлж байна. Харин ажил ч үгүй, сургууль ч үгүй залуусыг аль алиныг нь хамруулвал бүр ч тааруухан үзүүлэлт гарах нь ойлгомжтой. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас гаргасан баримтад хөгжилтэй орнуудад ажилгүй, боловсролгүй, сургалтад хамрагдаагүй 26 сая залуус байгааг харуулжээ. Дэлхийн банкны мэдээллийн сан хөгжиж буй орнуудын ажил, мэргэжилгүй залуусын тоо 260 саяд хүрснийг мөн харуулсан байна. Энэ нь дэлхийн 15-24 насны нийт залуусын дөрөвний нэгийг эзэлж байгаа юм.

Хэрэв дээрх тоонд эмэгтэйчүүдийг ажиллах хүчинд тооцдоггүй орнуудын залуу бүсгүйчүүдийг оруулаагүй байсан бол ажилгүйдлийн тоо хамаагүй бага гарах байлаа. Учир нь залуухан Ази бүсгүйчүүд ажил, боловсролгүй нийт залуусын дөрөвний нэгийг эзэлж байна. Харин ихэнх хөгжилтэй оронд эсрэгээрээ залуу эмэгтэйчүүд ажил эрхлэлтээрээ илүү үзүүлэлттэй аж.

Гэвч ажил эрхэлж буй залуусын олонх нь албан бус, түр ажил хийдэг байна. Хөгжилтэй, баян орнуудад залуусын гуравны нэгээс ч их нь түр гэрээгээр ажил эрхэлдэг учраас ажлын дадлага, туршлага хуримтлуулахад хүндрэлтэй байдаг аж. Дэлхийн банкны судалгаагаар ядуу орнуудад тавны нэг нь цалингүй ажилчин, аль эсхүл татвараас зайлсхийсэн далд эдийн засагт ажилладаг болохыг тогтоожээ. Дэлхийн залуусын тэн хагас нь эдийн засгаас гадуур ажиллаж, өөрсдийн чадамжаас харьцангуй доогуур бүтээмж гаргаж байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх залуу ажиллах хүчинтэй ажил олгогчид удаан хугацаанд шударга бусаар харьцсаар иржээ. Харин өнөө үед уг асуудлыг улам хүндрүүлж байгаа хоёр хүчин зүйлийг дурдаж болно. Нэгдүгээрт, санхүүгийн хямрал, түүний үр дагавар залууст онцгой ихээр нөлөөлсөн. Олон ажил олгогч шинээр ажилд авсан ялангуяа залуу хүмүүсийг ажлаас нь халдаг бөгөөд эдийн засгийн хямрал залуусын ажилгүйдлийн харьцааг улам алдагдуулах болжээ. Грек, Испанид залуусын зургааны нэг нь ажилгүй байгаа аж. ЭЗХАХБ-аас ажилгүйдлийн тоо 2007 оны түвшингээс даруй гуравны нэгээр нэмэгдсэн гэдгийг харуулжээ.

Хоёрдугаарт, хүн ам олонтой, залуу хүмүүс хурдацтай өсч байгаа хөгжиж буй орнуудад хөдөлмөрийн зах зээл тун тааруухан байдагтай холбоотой. Зүүн Ази, Ойрхи Дорнод болон Африкт дэлхийн нийт залуусын тэн хагас нь амьдардаг. Гэвч эдгээр бүс нутагт ажилгүй болон далд эдийн засагт ажилладаг залуусын тоо маш их. Африкийн 15-24 насны залуусын тоо 2025 он гэхэд гуравны нэгээр өсч, 275 сая хүрнэ гэсэн таамаглал бий.

Төр, засаг нь нийгмийн халамжийг өгөөмрөөр хайрладаг баян орнуудын хувьд залуусын ажилгүйдэл татвар төлөгчдийн нуруун дээр дааж давшгүй хүнд ачаа үүрүүлдэг аж. Нэг судалгаагаар 2011 онд Европ залуусын ажилгүйдлээс үүдсэн эдийн засгийн алдагдал 153 тэрбум ам.доллар хүрсэн буюу ДНБ-ийх нь нэг хувьтай тэнцэж байсныг харуулжээ. Залуусыг ажилгүй байлгах нь өнөөдөр эдийн засгийн өсөлтийг удаашруулаад зогсохгүй, ирээдүйд заналхийлж байгаа хэрэг юм.

Р.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж