
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран жуулчны бааз, зэрэглэлтэй болон энгийн зочид буудал, дэн буудлуудын дунд “Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь өмнөх сургалтуудаас онцлогтой болсон гэж зохион байгуулагчид үзэж байна. Аялал жуулчлалтай уялдаагүй салбар гэж байдаггүй. Тодруулж хэлбэл, байгалийн гамшиг осол, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйлсээс шууд хамаарч байдаг эрсдэл өндөртэй, эмзэг салбар. Тиймээс нийслэлийн Аялал жуулчлалын газраас салбар дахь эрсдлийн талаар анх удаагаа ийнхүү дуугарч, хамгийн түрүүнд үйлчилгээний салбарын менежерүүдийг хамруулан аялал жуулчлалын салбар дахь эрсдэл, эрсдлийн шинжилгээ, эрсдлийн менежмент гэсэн сэдвийг хөнджээ. Гадаад, дотоодын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах зэрэг мэдлэг, мэдээллийг энэхүү сургалтаар өгч чадсан байна. Тухайлбал, байгууллага бүхэнд байдаг галын хорыг хэрхэн ажиллуулдагыг та мэдэх үү, гал түймрийн үед угаартахгүйн тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ, газар хөдөллөө гэхэд байшингаас хэрхэн гарах вэ зэргээр энгийн хэрнээ хэн бүхний мэддэггүй сэдвийг “Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтаар хөндсөн байна.
Д.ЦЭЭНЭ