Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 11.3 сая ам.доллар худалдан авах, 5 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бол Төв банк ам.доллар худалдан авах саналыг 1435.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлж, валютын захад нийлүүлсэн байна. Юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд 33 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 233.20 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүллээ.
Харин банкууд валютын своп хэлцлээр 10 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлсэнгүй.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР