-Юуны өмнө Азийн аварга болж, их мастер цолны болзол хангасанд баяр хүргэе?
Баярлалаа. Манай улсын хувьд энэ удаа 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүх нас, бүх төрөлд оролцсон байгаа. Өсвөрийн даамчид болон насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баттулга ах түрүүлж их мастерын болзол хангасан. Миний хувьд ч гэсэн насанд хүрэгчдийн ангилалд анх удаа түрүүлж, их мастерын болзол хангаад ирлээ. Тэмцээн маань швейцарь системээр найман өрөг болсон. Би дөрөв хожиж, дөрөв тэнцсэн амжилттай тэмцээнээ дуусгасан. Маш их баяртай байна.
-Энэ удаагийн тэмцээний өрсөлдөгч нар өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал хэр хүчтэй байсан бэ?
-Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн болохоор Ташкентад заавал түрүүлэх зорилго тавьсан байгаа. Эцэст нь зорилгодоо хүрсэн. Монголчуудаас гадна Хятад, Казахстан, Узбекстаны даамчид нэлээд хүчтэй байсныг онцолмоор байна. Ялангуяа Хятадын даамчдын амжилт эрс дээшилж байгаа. Миний ангилалд л гэхэд мөнгө, хүрэл медалийг Хятадын даамчид хүртэж байх жишээтэй. Тэмцээний эхнээс л өрсөлдөгчөөсөө илүү гарсан учраас байраа алдахгүй явсаар түрүүллээ. Ерөнхийдөө бусад өрсөлдөгчөөсөө хоёр оноогоор илүү гарч түрүүлсэн.
-Даамчдын хувьд ямар тохиолдолд их мастер цолонд хүрдэг вэ. Ямар нэгэн оноо цуглуулдаг юм болов уу?
-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тохиолдолд шууд их мастер цолонд хүрдэг. Түүнээс биш их мастер цолыг гурван балл цуглуулах журмаар авна. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байр эзэлсэн тохиолдолд баллаа авах эрхтэй болдог. Харин бидний хувьд бол хамгийн том боломж нь Азийн аваргад түрүүлэх байдаг. Түрүүлсэн тохиолдолд шууд их мастер болно.
-Бэлтгэлээ яаж хангав?
-Нэгэнт түрүүлэх зорилго тавьсан учраас маш их бэлтгэл хийсэн. Нэг сарын өмнөөс бэлтгэл эрчимжсэн. Миний ерөнхий дасгалжуулагчаар Азийн даамын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ ажилладаг. Мөн дэлхийн зургаан удаагийн аварга, Голландын их мастер Вирсмаг дасгалжуулагчаар аваад, нэг сарын хугацаанд онлайнаар бэлтгэлээ хийж байлаа. Дасгалжуулагч маань Азийн аварга шалгаруудах тэмцээний үеэр очиж тоглолт бүрийн дараа заавар зөвлөгөө өгч байсны хүчинд өрсөлдөгчөөсөө илүү гарч чадсан.
-Даамын спортоор хэчнээн жил хичээллэсэн бэ?
-Долоон настайгаасаа эхэлж, 10 гаруй жил хичээллэж байна. Гэхдээ өнгөрсөн жилээс л олон улсын тэмцээнд идэвхтэй оролцож эхэлсэн.
-Даамын спортыг сонгосон гол зорилгоо хэлж болох уу?
-Энэ жил миний хувьд маш чухал байгаа. Яагаад гэвэл 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сард Монгол Улсад болно. Тиймээс тус тэмцээнд амжилттай оролцож медаль авахын төлөө, цаашлаад дэлхийн аварга болохын тулд бүх анхаарлаа бэлтгэлдээ хандуулж байна. Мөн улсын аварга, Голландын нээлттэй тэмцээнд гээд оролцох тэмцээн нэлээд их бий. Гэхдээ хамгийн гол нь эх орондоо болох 100 буудалт даамын дэлхийн аваргад амжилттай оролцохыг хүсч байна.
-Даамчид гадагшаа тэмцээн уралдаанд явахад зардал мөнгөний асуудлаа яаж шийддэг вэ?
-Зардал мөнгөний асуудал хэцүү шүү дээ. Миний хувьд хувиараа шийддэг. Гэр бүлийнхэн маань гадагшаа явах тэмцээн уралдаан болон бэлтгэл сургуулилтын зардлыг шийдэж өгдөг. Наад зах нь Вирсмагийн цалин, намайг тэмцээнд оролцоход тухайн улсад очих зардлыг нь даахаас эхлээд зардал их гарна. Тэр болгонд намайг ойлгож ивээн тэтгэдэг учраас гэр бүлийнхэндээ маш их баярладаг.