80 бага сургуулийн байршлыг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

80 бага сургуулийн байршлыг тогтоолоо

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд шинээр барих 80 бага сургуулийн байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Хүүхдийн амьдрах орчинг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг судлан, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагаас зорьж, нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтод энэ асуудлыг тусгасан юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцдаг гэсэн статистик мэдээ байдаг ч жилд дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа юм. Энэ нь сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Тиймээс бага сургууль болон цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлж, хүрэлцээг сайжруулах, мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 80 бага сургуулийг шинээр барихаар урьдчилсан зураг төслийг гаргасан байна.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан 80 бага сургуулийн байршлыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3 хувилбараар сонгосон байна. Улаанбаатар хотын хэмжээнд 80 байршилд бага сургууль баригдсанаар шинэ суурьшлын төвөөс 500 м-ийн радиус дотор 24 000 хүүхэд ерөнхий стандартын шаардлага ханагсан жишиг бага сургуульд суралцах нөхцөл бүрдэхээс гадна дунд сургуулиудын ачаалал 54 хүртэл хувиар буурах боломжтой болж байгаа юм. НИТХ-аас баталсан 80 бага сургуулийн байршлыг Холбоотой файлууд хэсгээс дэлгэрэнгүй харж болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж