Найруулагч Б.Баатарт хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Найруулагч Б.Баатарт хүндэтгэл үзүүлнэ

УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлний бэртэл хүндэрч, яаралтай гадаадад эмчлэх шаардлагатай болсон тул театрынх нь хамт олны зүгээс эмчилгээний зардалд нь нэмэр болохоор хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. “Авьяастнаа дээдүүлсэн авьяастнууд” хандивын тоглолт тавдугаар сарын 15-нд 19:00 цагт “УБ Палас”-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм.

Найруулагч Б.Баатар нь 1959 онд төрсөн, 1984 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллаж байгаа драмын урлагийн “акулууд”-ын нэг юм.

Тэрээр 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийн тавьсан бөгөөд мөн бие даан “Хүн бүгд би” жүжгээ толилуулж байсан юм. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “ Ээжээ”, “Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан” зэрэг 20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулсан нэгэн.

Авьяаслаг найруулагч Б.Баатар нь тайз дэлгэцийн болон телевиз радиогийн олон бүтээлийг найруулж, үзэгч, сонсогчийн хүртээл болгож чадсан төдийгүй Монголын ард түмнийг дэлхийн сонгодог бүтээлтэй танилцуулах их хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Түүний уран бүтээлүүд нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголын ард түмэнд сурталчлах, Монголын түүх уламжлалыг хойч үедээ хүргэх, театрын уран бүтээлээр өнөөгийн нийгмийн амьдралын олон асуудлыг уран сайхны аргаар илэрхийлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, гоо сайхны мэдрэмж бий болгох, шинэ залуу уран бүтээлчдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлдэг билээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж