
-Энэ жил нийслэлийн замыг сайжруулахад хэчнээн тэрбум төгрөг зарцуулах вэ?
-Энэ жил нийтдээ 18 ажил шинээр эхэлж байгаа. Үүний зургаа нь энэ ондоо ашиглалтад орно. Үлдсэн нь он дамжиж хийгдэнэ. Нийт 127 км замд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийнэ. Үүнд нийслэл болон улсын төсвөөс 154 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Хөгжлийн банкнаас 80 тэрбум, дээрээс нь “Чингис” бондоор хэрэгжүүлэх “33 уулзвар-Гудамж” төсөл дээр 200 сая ам.долларын хөрөнгө шийдэгдээд байгаа. Энэ бүгдийг аваад үзвэл нийтдээ 350 тэрбум төгрөгийн ажил хийнэ.
-Өнгөрсөн жил “Хотын зам”, “Ялгуусан” гээд замын ажил чанаргүй гүйцэтгэсэн компаниуд тендерт шалгарчихсан байна гэх гомдол гарсан. Уг нь нийслэлээс хар дэвтэр ажиллуулж эхэлнэ гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Хугацаа алдсан, чанаргүй барьсан компаниудын мэдээллийг Худалдан авах ажиллагааны газарт өгсөн. Ямар компани гэдгийг би нэрлэхгүй. Хар жагсаалтад оруулдаг газар нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүү дээ.
-Замын чанар шалгах лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн гэсэн. Тэгэхээр энэ жил барьж байгаа замуудын чанарт санаа зовохгүй байж болно гэсэн үг үү?
-Лабораторийн үйл ажиллагаа энэ жил сайн байгаа. Яагаад гэвэл тэнд ажиллаж байсан удирдлага, эрхлэгч, инженерүүдийг нь сольсон. Шинэ, чадвартай хүмүүсээр бэхжүүлсэн. Түүнчлэн замын чанар шалгах шинэ журам гарсан. Тиймээс харьцангуй дээрдэж байгаа гэдгийг гүйцэтгэгч байгууллагууд ч хэлж байсан. Замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын нэг дургүй зүйл нь лаборатори байдаг. Зам засварын ажил гүйцэтгэгч компаниас “Танай лабораторийнхон ирээд бидний хэрэглэж байгаа материалыг үзээд таарахгүй байна гээд ажил зогсоогоод байна” гэсэн гомдол олон ирж байгаа. Тиймээс харьцангуй сайжирч байгаа гэж ойлгож болно.
-Энэ нь замын чанарт хэр ахиц гарсан гэсэн үг үү?
-Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн болж байгаа гэж хэлэхэд бэрх л дээ. Учир нь бусад оронд асфальтан хучилтыг 50-100 см зузаан хийж байхад манайд долоон см тавьж байна. Энэ нь мөнгөтэй холбоотой. Хоёрдугаарт, хайрга байна. Ганц хайрга авч байгаа газар нь Тавантойлгой. Гэтэл өнөөдөр Тавантолгойгоо хаачихсан. Хан-Уул дүүргийн НИТХ-аас захирамж гаргасан байна билээ. “Тус байршилд байгаа Өлзийт, Шувуун фабрикийн ойр орчимд агаарны бохирдол ихэссэн. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна” гэж үзээд түр хугацаагаар техникийг нь лацадсан байгаа.
-Нийслэлийн замууд хэзээ эзэнтэй болох вэ. Орон нутгийн зам гэхэд засвар хийсэн компани нь гурваас дөрвөн жил тухайн замаа хариуцаж, эвдрэл гарсан даруйд нь засдаг. Гэтэл хотын замд засвар хийсэн компаниуд ажил нь дуусахаар л орхиод явчихдаг?
-Тийм ээ. Улаанбаатарын замд ямар ч эзэн байхгүй нь үнэн. Өмч гэдэг утгаараа Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлтэй байдаг юм. Гэвч тухайн замын эзэмшигч гэж байхгүй. Өнөөдөр Улаанбаатарт ашиглаж байгаа 453 км гол гудамж, замыг эзэнтэй болгох талаар ярьж байна. Хувийн хэвшилд өгье, жилийн дөрвөн улиралд ашигладаг байя гээд тооцоод үзэхээр 45 тэрбум төгрөг хэрэгтэй юм билээ. Мөн Автозамын хуульд өөрчлөлт оруулах саналыг ч тавиад байна.
-Замын ус зайлуулах байгууламж хангалтгүй байдаг. Нэг өдөр бороо ороход л Дарь-Эх, Баянхошуунд шинээр тавьсан зам дээгүүр ус хальж хүндхэн байдалтай болдог шүү дээ?
-Дарь-Эхийн зам дээр ус зайлуулах хоолойг хоёр цэгт тавьсан. Энэ цэгийг хаачихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, замын доод талын айлууд үерийн уснаас болгоомжилж байна гээд нөгөө хоолойд нь хог, үнсээ чихээд бөглөөд хаячихдаг. Тэр ус зайлуулах хоолой нь битүүрчихээд байгаа учраас дээшээ гарч ирээд зам дээр тунаад байгаа юм. Үүнээс болоод зам хоёр гурван жил хүрэхгүй эвдэрч байна.
Тавдугаар сарын 15-наас Дарь-Эхийн замд дахиад засвар хийнэ. Ус зайлуулах шугамыг нь онгойлгож, шинээр хоолой тавьж өгнө. Бүх замд ус зайлуулах хоолой байрлуулдаг. Иргэдэд гол буруу байна.
-Энэ жил шинээр тавих замуудын газрыг бүрэн чөлөөлсөн үү?
-Доржийн гудамжны 4.7 км замын ажлыг эхлүүлсэн. Хоёр талаараа том жижиг олон обьект бий. Гэтэл өнөөдрийн байдлаар газар чөлөөлсөн нэг ч хашаа, ТҮЦ байхгүй, тулгаад л замаа барьж байна. Өнгөрсөн жил Нарны замын баруун хэсэгт газар чөлөөлөлт хийсэн. Энэ үеэр “Гермес”-ийн орчимд газар чөлөөлөлт бүрэн хийгдээгүйгээс болоод явган замаа тавьж чадаагүй л байна. Газар чөлөөлөх ажилд иргэд хойрго ханддаг. Үүнээс болоод явган хүний замаа хүртэл нарийсгахад хүрч байгаа.
-Зам нөхөх ажил хэзээ эхлэх вэ?
-Тухайн жилийн тээврийн хэрэгслийн албан татварын хураамжаас төвлөрсөн мөнгөөр зам засвар арчлалтын ажлыг хийдэг. Бид задаргаагаа нийслэлийн холбогдох хэлтсүүдэд хүргүүлээд байгаа. Нөхөөсний ажил ирэх долоо хоногоос эхлэх байх.
-Гүнтийн зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад орно. Наад талынх нь Дамбадаржаагийн постоос Шаргаморьтын гүүр хүртэлх зам засварын ажлыг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлээд 2013 онд хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн ч хөрөнгийн асуудлаас болж энэ ажил хойшлогдсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкнаас “Танай энэ онд хийх замын ажилд хөрөнгө оруулж чадахгүй” гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ ажил зогсонги байдалд байна. Нийслэлийн төсөвт энэ сарын 21-ний үеэр тодотгол хийх тухай ярьж байсан. Төсвийн тодотголд асуудал оруулахаар төлөвлөж байгаа.
Хэрэгжих эсэхийг нь сайн мэдэхгүй. Яваандаа хурдны замын босоо тэнхлэг Майхан толгой хүртэл явах болохоор Хөгжлийн банк үүнд эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл “Паралель зам барих гээд байна. Бид хажуугаар нь хурдны зам барих гэж байхад та нар Шаргаморьтын замыг засах гээд яах вэ” гээд байгаа. Үүнийг мэргэжлийн талаас нь аваад үзвэл буруу ойлголт. Хуучин байгаа замаа ч засна, шинээр ч хурдны зам тавина.
-Энэ жил гурван хэсэгт дугуйн зам тавина гэж байсан. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Сэлбэ голын далан, X хорооллын арын далан, Дунд голын далан дээр дугуйн зам барихаар судалж байна. Энэ жил зураг төслийг гаргаад 2014 оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байгаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
