Лениний музейн асуудлаарх шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Лениний музейн асуудлаарх шүүх хурал хойшиллоо

Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлаарх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч хуралдаан 14 хоногоор хойшиллоо. Учир нь нэхэмжлэгч тал болох Төрийн өмчийн хороо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас шүүх бүрэлдэхүүн асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж, энэ сарын 23-ны 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Өнөөдрийн шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан, Төрийн өмчийн хорооны  холбогдох албаныхан, мөн музейн ашиглагч тал болох МАН-аас Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нар оролцлоо. Анхан шатны шүүх хурлаас өмнө Нийслэлийн шүүхэд дөрөвдүгээр сарын 10-нд Лениний музейн асуудлыг хэлэлцсэн бөгөөд эхнээс нь авч үзэхээр анхан шатны шүүхэд  шилжүүлээд байгаа  юм.

Сануулахад, Лениний музейн асуудлаар шүүхийн шатанд хэлэлцэх болсон нь музейг зориулалт ёсоор ашиглахын тулд өмчлөлийн маргааныг таслах зорилготой тухай албаныхан онцолсон. Тодруулбал, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмч тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байжээ. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэдгээр шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН  ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж ирсэн ажээ. Тэгвэл музейн зориулалттай ганц том барилгыг зориулалтаар нь ашиглах буюу Үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын тогтоол энэ оны нэгдүгээр сард гарсан юм. Тогтоолын дагуу удахгүй Монголд ирэх гэж буй үлэг гүрвэлийн яснуудыг хадгалах, байршуулахын тулд ийнхүү асуудлыг яаравчлан шийдэхийг зорьж, шүүхээр хэлэлцүүлж байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж