
Бельгийн цагдаа нар эрдэнэсийн дээрмийн хэрэгт холбогдсон нийт 33 хүнийг баривчлаад байгаа аж. Гэмт этгээдүүдийн дунд Бельгийн иргэдээс гадна Швейцарийн найм, Францын нэг иргэн байжээ. Түүнчлэн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн 40 орчим байшин, барилгад нэгжлэг хийснээр их хэмжээний Бельги, Швейцари, Францын мөнгөн дэвсгэртүүд, үнэт эдлэлүүд, тансаг зэрэглэлийн автомашинуудыг олж илрүүлсэн байна.
Хэргийг эргэн сануулахад Бельгийн нийслэл Брюсель хотын нисэх онгоцны буудал дээр өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд цагдаагийн хувцасаар жигдэрч, иж бүрэн зэвсэглэсэн найман этгээд онгоцонд ачихаар бэлтгэсэн эрдэнэсүүдийг дээрэмдэн авч одсон билээ. Дээрмийн үеэр гэмт этгээдүүд гал нээгээгүй байна.